Хэлэлцэх асуудал олон байна
УИХ-ын намрын чуулган энэ долоо хоногт өндөрлөнө. Гэсэн ч Цагаан сарын дараа ээлжит бус чуулган зарлах гэж байгаагаа өчигдөр мэдэгдсэн. Намрын чуулганы үр дүн болоод ээлжит бус чуулган зарлах болсон шалтгаан, нөхцөлийн талаар УИХ-ын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейгаас тодрууллаа.
-Намрын ээлжит чуулган өндөрлөх гэж байна. Энэ удаагийн чуулганыг хэр зэрэг үр дүнтэй болсон гэж үзэж байна бэ?
-2015 оны намрын ээлжит чуулган үр дүнтэй болсон гэж хэлж болно. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал таатай биш байсан ч гол хуулиудыг баталж гаргасан. Жишээ нь, Сонгуулийн тухай хуулийг тийм ч амар хялбар батлахааргүй байсан. Гэхдээ УИХ-д суудалтай нам эвслийн бүлгүүд тохиролцоонд хүрсэний үндсэн дээр баталж гаргасан. Чуулганы төгсгөлд зайлшгүй батлах ёстой Төрийн албаны тухай хууль, Хяналтын тухай хуулиуд анхны хэлэлцүүлгийн, Барилгын тухай хууль, Боловсролын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хууль, Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн тухай үзэл баримтлал хэлэлцүүлгийн шатанд явж байна. Эдгээр хуулийг үлдсэн хугацаанд баталж амжвал заавал ээлжит бус чуулган зарлах шаардлага байхгүй.
-Тэгвэл хэлэлцэх эсэхийг дэмжсэн, анхны хэлэлцүүлгийн шатанд явж байгаа хэдэн хуулийн төсөл байна вэ?
-Нийтдээ 39 асуудал хэлэлцэх ёстой. Гэхдээ нам эвслийн бүлгүүд одоо хэлэлцэх асуудлууд дээр ямар нэг саад үүсгэхгүй бол энэ долоо хоногт дуусгах боломжтой.Гэхдээ миний бодлоор ээлжит бус чуулган зарлах байх.
-Энэ намрын чуулганд нийт хэдэн хуулийн төсөл өргөн баригдсан бэ?
-2016 оны нэгдүгээр сарын сүүлчийн байдлаар УИХ-д өргөн мэдүүлсэн 167 хууль, тогтоолын төсөл өргөн баригдсан. Үүнээс 108 хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатанд байна. Бусад төслийг хэлэлцэж эхлээгүй байна. Мөн өмнөх чуулганы сүүлчээр дараагийн чуулганы хэлэлцэх асуудлыг баталдаг. Тиймээс байнгын хороо холбогдох байгууллагаас санал аваад төслийг бэлэн болгосон. Энэ долоо хоногт УИХ-ын чуулганаар батлах ёстой.
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын тухай хаанаас ямар ямар санал ирсэн бэ?
-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд 16 саналыг Ерөнхийлөгчөөс ирүүлсэн. Нийгмийн бодлого боловсрол соёл шинжлэх ухааны байнгын хорооноос нэг, Төрийн байгуулалтын байнгын хороо нэг, Эдийн засгийн байнгын хороо тав, УИХ дахь АН-ын бүлэг 14, УИХ дахь МАН-ын бүлэг 10, ”Шударга ёс” эвслээс 28, Засгийн газар 84 төслийг ирүүлсэн. Энэ бүгдийг хэлэлцэх цаг хугацаа байхгүй. Учир нь, хаврын чуулган дөрөвдүгээр сарын эхээр эхэлнэ. Тавдугаар сарын сүүлээр сонгуулийн ажил өрнөх учраас хаврын чуулган үргэлжлэх маш богино хугацаа байна. Энэ хугацаанд улс орны нийгэм, эдийн засагт чухал ач холбогдолтой хуулийн төслийг хэлэлцэхээс өөр арга байхгүй. Бид хэлэлцэх асуудлын жагсаалтыг боловсруулахдаа хоёр үндсэн зарчим баримталсан. Нэгдүгээрт, хуульд тусгайлан заасан хууль тогтоолын төслийг зайлшгүй хэлэлцэх ёстой. Жишээ нь, 2015 онд улсын нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлийг батлах, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах гэх мэт хууль, тогтоолын төслийг зайлшгүй хэлэлцэж батлах ёстой. Хоёрдугаарт, УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох байнгын хороодод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон тогтоолын төслүүдийг Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад оруулж байна.
-Гацууртын ордын асуудлыг энэ Намрын чуулганаар амжиж хэлэлцэх болов уу?
-Хэлэлцэх байх гэж бодож байна. Хэлэлцүүлгийн шатанд явж байгаа хуулийн төсөл учир хэлэлцэх асуудал мөн. Аливаа тулгамдсан асуудлыг хойшлуулах тусам нөхцөл байдал илүү хүндэрдэг. Өөрөөр хэлбэл, асуудлаас тойрч зугтаах биш илүү тодорхой авч хэлэлцэх ёстой.