Н.Энхбаяр дарга намыг хагалан бутаргаж, хүчийг сулруулсан
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба
2016.02.02

Н.Энхбаяр дарга намыг хагалан бутаргаж, хүчийг сулруулсан

ЭМС-ын сайд Г.Шийлэгдамба өнгөрсөн оны аравдугаар сард авлигын хэргээр АТГ-т саатуулагдаж, хоёр сар гаруйн хугацаанд хоригдсон. Ингээд түүний биеийн байдал эрс муудсан тул оны өмнөхөнтэй батлан даалтад гарсан билээ. Харин батлан даалтад гарсан даруйдаа ЭМС-ын сайдын үүрэгт ажлаа хийж эхэлсэн юм.

Тэрбээр хоригдож байх хугацаандаа Ерөнхий сайдад өргөдөл бичиж, албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ хүргүүлж байсан билээ. Харин түүний хүсэлтийг Ерөнхий сайд хүлээж аваагүй бөгөөд, түүний орыг Ц.Оюунбаатар гишүүнээр залгуулж байсан юм. 

Тэгвэл албан тушаалаасаа чөлөөлөгдөх уг хүсэлтийг Г.Шийлэгдамба өөрөө бичээгүй бөгөөд түүний өмнөөс Ц.Оюунбаатар гишүүн бичсэн гэдгийг тэрбээр “Цензургүй яриа” нэвтрүүлгийн үеэр хэллээ. Тэрбээр “Өөрөө сайн дураараа гаргаагүй. Миний өмнөөс Ц.Оюунбаатар өргөдөл бичиж, тухайн мөнгөний асуудлыг тайлбарлаж бичсэнбайсныг анзааралгүй гарын үсгээ зурсан. Сайхан сэтгэл гаргаж ирсэн ч түүний цаана тийм юм болно гэж бодоогүй. Миний өмнөөс хэвлэлийн хурал хийгээд тэр өргөдлөө тайлбарласан. Би хоригдож байсан учраас өмгөөлөгчөөрөө дамжуулж тайлбар хийхийг хүссэн. Гэтэл Ц.Оюунбаатарын олж өгсөн өмгөөлөгч маань “Та одоо тайлбар хийгээд нэмэргүй” гэсэн. Өмгөөлөгч маань намын шугамаар надад томилогдсон хүн л дээ. Гэвч манай эцэг эх, ар гэрийнхэн өмгөөлөгчийн хөлсөнд 60 сая төгрөгийг төлсөн" гэлээ.

Мөн "Мөрдөн байцаалтын явцад тэд намаын даалгавараар бүгдийг хянаж байсан. Тухайн яригдаад байсан мөнгөний асуудлыг хүртэл өөрсдийнхөөрөө тайлбарласан. Ингэхээр би нэг бол худлаа яриад байх сонголттой болж байгаа юм. Би намынхаа нэр хүндийг бодсон. Гэхдээ би үнэн бодит байдлыг ярихгүй бол цаашид олон Г.Шийлэгдамбыг хохироох болно” гэсэн юм.

Тухайн үед Г.Шийлэгдамбыг өмгөөлөгчөөрөө дамжуулан хорих ангиас  хүсэлт хүргүүллээ хэмээн мэдээлж байсан билээ.  

Харин нэвтрүүлгийн үеэр Г.Шийлэгдамба намын даргынхаа талаар өөрийн бодлоо хэлж хайртай, хүндэлж явдаг ах минь байсан гэсэн юм. Гэвч БНСУ-аас ирээд намаа нэгтгэж, удирдан зохион байгуулахын оронд хагалан бутаргах үйл ажиллагаа хийж байгаа хэмээн буруутгав.

Энэ талаар тэрбээр МАХН-ын дарга Н.Энхбаярыг “Шадар сайд боллоо гээд айхгүй байна. Би үнэнийг тогтоохыг хүсч байна. Хэрэв үнэнийг тогтоож чадвал намын бусад нөхдөд зөв зам болно. Уг нь би Н.Энхбаяр даргыг БНСУ-аас ирэхэд намаа нэгтгээд удирдаад явах нь гэж маш их баярлаж байсан. Гэвч эсрэгээрээ намыг хагалан бутаргаж, хүчийг нь сулруулсан” гэлээ. Түүнчлэн өөрийг нь ЭМСЯ-ны сайдаас чөлөөлөөгүй байгаа. Гэхдээ би албан тушаалтай зууралдахыг хүсэхгүй байна” гэлээ.