Авто замчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ
Авто замчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ
2016.02.03

Авто замчид Засгийн газарт шаардлага хүргүүллээ

Монголын авто замчдын ҮЭ-ийн холбоо, “Налайх АЗЗА” ТӨХК, “Багануур АЗЗА” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны тэргүүлэгчид нэгдэн сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 2015 онд авто замын 52 компанийн 4 мянган ажилтан, Улсын чанартай 12640 км авто замын засвар арчлалтын ажил хийж, шинээр 989,6 км хатуу хучилттай авто замын ажлыг гүйцэтгэжээ. Харин Засгийн газраас дээрх ажлын санхүүжилтыг авто замын компаниудад одоог хүртэл олгоогүй гэнэ.

Энэ талаар “Налайх АЗЗА” ТӨХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Ч.Нэргүй “Санхүүжилт орж ирээгүйгээс бид ажилчдынхаа цалин хөлсийг 2-3 сар олгоогүй. Улмаар татварын өрөнд орсон, техник тоног төхөөрөмжүүдээ банк, санхүүгийн байгууллагуудад битүүмжлүүлж байж материалуудыг зээлээр авч ажлаа гүйцэтгэсэн. Энэ бүгдээс болоод одоо бид өрийн дарамтанд ороод байна. Эрүүл мэндийн даатгал төлөөгүйгээс ажилчид өвдсөн ч эмнэлгийн үйлчилгээ болон нийгмийн үйлчилгээ авч чадахгүйд хүрээд байгаа. Тиймээс хийж гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг яаралтай олгуулах талаар УИХ, Засгийн газар, намын бүлгүүдэд удаа дараа санал хүргүүлсэн ч санхүүжилт олгогдоогүй л байна” хэмээв.

Иймд Авто замчдын ҮЭ-үүдийн холбооны гишүүд дараах шаардлагыг Засгийн газарт хүргүүлж буй юм байна.

Авто зам засвар арчлалтын 28 компанид 2015 онд хийсэн ажлын гүйцэтгэл 5,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг нэн даруй олгох

2016 оны төсөвт авто зам засвар арчлалтын хөрөнгйг 8.0 тэрбум төгрөгөөр баталсныг нэмэгдүүлж ажлын байрны баталгааг хангах, иргэдийн амь нас, аюулгүй байдлын баталгааг хангах

2014, 2015 онд хийгдсэн авто зам гүүрийн барилгын санхүүжилтийг олгох

Нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын өрийг төлж барагдуулах, ажилчдын цалин хөлс, сул зогсолтын олговрыг яаралтай олгож аль буруутай тал алданги тооцож олгох

Гүйцэтгэсэн ажлын санхүүжилтыг нэн даруй олгохыг хүсэж УИХ, Засгийн газар, намын бүлгүүдэд удаа дараа шаардлага хүргүүлсэн ч одоог хүртэл хариу ирүүлээгүй тул ийнхүү эцсийн шаардлагыг хүргүүлж буйгаа тэд мэдэгдлээ. Албан шаардлагын хариуг энэ сарын 8-ний дотор ирүүлээгүй тохиолдолд хамтын маргаан үүсгэхээ мэдэгдэв. Мөн үүнээс үүдэн гарах хохирлыг замчид хариуцахгүй гэдгээ хэллээ.