Өргөдлийг саналын хайрцгийг Баянгол дүүрэгт хүргүүллээ
Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Ж.Батзандан, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Л.Эрдэнэчимэг нар өнөөдөр /2016.02.03/ Нийслэлийн Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүрэгт ажиллалаа.
Байнгын хорооны гишүүд дүүргүүдэд ажиллах үеэрээ Монгол Улсын Их Хурал, түүний Өргөдлийн байнгын хороонд ирүүлсэн өргөдлийг саналын хайрцгаар дамжуулан хүлээн авч буйг дуулгаж, энэхүү саналын хайрцгийг дүүргийн Иргэний танхимд хүлээлгэн өгсөн юм.
Улсын Их Хурлын гишүүн Ж.Батзандан өчигдөр /2016.02.02/ Өргөдлийн байнгын хорооны зарим гишүүдийн хамт Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргийн Иргэний танхимд өргөдөл хүлээн авах саналын хайрцаг хүлээлгэн өгч, хууль тогтоомжийн хэрэгжилтийг боловсронгуй болгох асуудлаар иргэдээс санал авсан бол өнөөдөр нийслэлийн бусад дүүргүүдэд энэ ажлыг үргэлжлүүлж байна гэж уулзалтын эхэнд тэмдэглэсэн юм. Тэрээр, Байнгын хороо иргэдийнхээ өргөдөл, санал хүсэлтийг гурван хэлбэрээр авдаг. Үүнд, цахимаар, уламжлалт буюу иргэд биеэчлэн ирж, өргөдлөө өгдөг бол гурав дахь хэлбэр нь орон нутаг дахь Иргэний танхимаас хайрцгаар дамжуулж, иргэдийнхээ санал, гомдлыг авдаг гэлээ. Түүнчлэн, Байнгын хорооноос “Саналын хайрцгаар өргөдөл хүлээн авах журам” баталсны дагуу Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг боловсронгуй болгох асуудалд санал өгөх; Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт тавих; Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагуудын шийдвэр, эрх зүйн актуудыг хянуулах зэрэг Улсын Их Хурлын бүрэн эрхэд хамаарах асуудлаар гаргасан өргөдлийг энэхүү саналын хайрцгаар дамжуулан хүлээн авна гэж уулзалтын үеэр танилцуулсан юм.