Хууль тогтоомжийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг дэмжив
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2015 оны 07 дугаар сарын 01-ний өдөр, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын нэр бүхий 8 гишүүнээс 2012 оны 10 дугаар сарын 19-ний өдөр өргөн мэдүүлсэнТөрийн албаны тухай /шинэчилсэн найруулга/ болон Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Энэ талаарх танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү танилцуулав.
Байнгын хорооны ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төслүүдийг анхны хэлэлцүүлгийн шатанд нэгтгэн боловсруулж, ажлын хэсгийн 5 удаагийн, ажлын дэд хэсгийн 16 удаагийн хуралдаанаар хэлэлцсэн байна. Энэ хугацаанд хуулийн төслийн талаар хэд хэдэн удаа хэлэлцүүлэг зохион байгуулж, төсөлтэй холбогдсон 250 гаруй санал гаргасныг судалж нягтлаад хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй 45, найруулгын чанартай 55 саналын томьёолол бэлтгэжээ. Мөн уг хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг дагалдаж нийтдээ 60 гаруй хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлагатай байгаа тул ажлын хэсэг эдгээр хуулийн төсөл дээр ажиллаж хаврын чуулганаар хэлэлцүүлж шийдвэрлүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Харин ажлаа урагшуулах шаардлагын үүднээс байнгын хорооны энэ удаагийн хуралдаанаар хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй холбогдуулан ажлын хэсгээс бэлтгэсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалгаж шийдвэрлүүлэх саналтай байгаагаа ажлын хэсгийн ахлагч хэлсэн юм.
Уг саналтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин ажлын хэсгийн ахлагчийн саналыг дэмжиж буйгаа илэрхийлээд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг нээлттэй үлдээж төслийн зарим зүйл заалт, тэр дундаа дагалдах зарим хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх зайлшгүй шаардлага байгааг хэллээ. Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд ажлын хэсгийн зарим гишүүд тодорхой санал гаргасныг анхаарч үзэхийг байнгын хорооны даргаас хүсээд ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хурааж шийдвэрлэхийг дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Иймээс хуулийн шинэчилсэн найруулгын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан байнгын хорооны ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй 43 саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэлээ. Мөн төслийн анхны хэлэлцүүлгийн явцад байнгын хорооны гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсны зэрэгцээ төслийн зарим зүйл заалттай холбогдсон зарчмын зөрүүтэй саналын томьёоллыг нээлттэй үлдээж ажлын хэсэг дахин нягталж ярилцах нь зүйтэй гэж үзсэн юм. Ингээд байнгын хорооны ажлын хэсэг хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дагалдаж холбогдох бусад хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцсэний дараа төслийн анхны хэлэлцүүлгийг хаврын чуулганаар үргэлжлүүлэхээр тогтлоо.
Дараа нь Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүнээс энэ оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өргөн мэдүүлсэн “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Уг тогтоолын төслийн хэлэлцэх эсэх асуудлыг Улсын Их Хурлын чуулганы өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс байнгын хороод тогтоолын төсөлд тусгагдсан өөрсдийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах асуудлуудыг хэлэлцэх санал гаргасны дагуу энэ асуудлын талаарх байнгын хороодын санал, дүгнэлтийг Төрийн байгуулалтын байнгын хороо нэгтгэж төслийн анхны хэлэлцүүлгийг хийж чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн юм.
Энэ дагуу тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын Эдийн засгийн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодоос ирүүлсэн зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж, тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр болов.
Байнгын хорооны энэ өдрийн хуралдааны төгсгөлд Мөн Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаярын санаачилж өргөн мэдүүлсэн Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг байнгын хорооны өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэх явцад гишүүдээс гаргасан саналын дагуу энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр түр хойшлуулаад байсан юм.
Хуулийн төслийн хэлэлцэх эсэх асуудалтай холбогдуулан байнгын хорооны гишүүдээс асуулт, санал гараагүй бөгөөд хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.
Тус байнгын хороо цаг сунган хуралдаж, хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа хэлэлцэж дуусган 22 цаг 38 минутад өндөрлөлөө.