Ерөнхий прокурор байхдаа иргэд рүүгээ галт зэвсэг хэрэглэсэн гэж цагдааг шоронд явуулсан хүн
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2016.02.04

Ерөнхий прокурор байхдаа иргэд рүүгээ галт зэвсэг хэрэглэсэн гэж цагдааг шоронд явуулсан хүн

Дотоодын цэргийн тухай болон холбогдох хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцэж, хойшлуулах шийдвэр гаргалаа. Тодруулбал, хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын дарга З.Энхболд “сар шинийн баяраас өмнө маргаантай асуудлыг хэлэлцээд хэрэггүй. Ээлжит бус чуулган руу шилжүүлье. Тэр хооронд АН-ынхан дотроо хуралдаад шийдвэр гаргах нь зүйтэй” гэсэн санал гаргаж байнгын хорооны гишүүд дэмжсэнээр хойшлуулав. 

Хэлэлцүүлгийн шатанд

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Дотоодын цэрэг, цагдаатай холбоотой хуулиуд Д.Дорлигжав сайдын үед өөрчлөлт оруулахаар дахин оруулж ирээд байна. Гэтэл өмнөх сайдын үед өөрчлөгдсөн, батлагдсан дотоодын цэргийг цагдаа руу нэгтгэсэн. Тухайн үедээ нэлээд сайн өөрчлөлтүүд хийчихлээ гэж бид харж байсан. Дөрөвхөн жилийн дотор нэг нэгтгээд нэг буцаагаад байх нь хэр оновчтой юм бол. 
490 гаруй хүний цалинг шинээр олгохоор заасан байна. Тиймээс хуульд өөрчлөлт орлоо гэхэд ирэх жилийн төсөвт суугаад явах байх. Мэдээж одоо байгаа сайд нь салбарынхаа бодлогыг тодорхойлохыг хүсэх нь ойлгомжтой. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ цаг үед төрийн байгууллагуудыг нааш, цааш нь болгож бужигнуулаад байх хэрэггүй. Тиймээс сайд нь анхаараарай. Үнэхээр дотоодын цэргийг цагдаад нэгтгэснээр үнэхээр болохгүй байгаа бол өөрчлөх нь зөв. Харин асуудал нэг их үүсэхгүй байгаа бол үүнийг өөрчлөх гэж яарах шаардлага байхгүй. 

УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин: 

Энэ салбарт болоод байгаа асуудлууд Х.Тэмүүжин сайд байх үедээ энэ бол шинэчлэл гээд  баахан өөрчлөлтүүдийг оруулж ирсэн. Тухайн үед өөрчлөхгүй бол болохгүй гээд байхаар нь тийм байж магадгүй юм гээд бид дэмжээд л явсан. Гэтэл дараа нь Д.Дорлигжав гэдэг сайд гараад ирсэн чинь одоо бүгдийг нь буцаагаад өөрчлөхөөр болж байна. 

Юуны ялгаа яваад байна вэ. Үзэл бодол уу, Ахмад, залуугийн ялгаа юм уу. Ц.Нямдоржийн юмыг Д.Дорлигжав сайд оруулж ирээд байна гээд байх юм. Тэгвэл нутаг усны ялгаа яваад байгаа юм уу. Тиймээс алийг нь зөв гэдгийг мэдэхгүй байна. Энэ асуудлыг гол хохирогч нар нь салбарт ажиллаж байгаа хүмүүс. Бид бол энд маргаад л сууж байна. Нэг их хэцүүг нь мэдрээд байгаа юм алга. Энэ бол том асуудал учир УИХ, Засгийн газар, намын удирдлага нь нэг зүйл дээр байр сууриа нэгтгэх шаардлагатай байна. 

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин: Өмнөх Засгийн газар дотоодын цэргийг татан буулгаад дотоодын цэргийн зардлыг цагдаагийн байгууллагад шилжүүлсэн. Улаанбаатар хотод өмнө нь зургаан хэлтэс байсан. Одоо 14 хэлтэс болж өргөжсөн. Тухайлбал, Хан-Уул дүүрэгт хоёр, Баянзүрх дүүрэгт гурав, Сонгинохайрхан дүүрэгт гурван хэлтэс байна. Шинэ хэлтсүүд чинь дотоодын цэргийн зардлаар боссон.  Энэ хуулиар бол дотоодын цэргийн цагдаагийн байгууллага руу шууд татна гэж байгаа бол Улаанбаатар хотод нэмэгдэж баригдсан хэлтсүүдээ татан буулгана гэсэн үг. 

Хоёрдугаарт, би нэг зүйлийг гайхаж байна. Яагаад албан тушаалд очсон хүмүүс өөрийгөө хамгаалах дон шүгэлчихдэг юм бэ. Үнэхээр цэрэг удирдмаар байгаа бол Батлан хамгаалахын сайд хийж болно. Ерөнхий прокурор байхдаа цагдаагийн нэр бүхий гурван удирдлагыг иргэд рүү галт зэвсэг хэрэглэлээ гэж шоронд явуулчихаад, одоо болохоор би иргэд рүүгээ галт зэвсэг хэрэглэмээр байна, надад дотоодын цэрэг байгуулаад өг гэж санаачилга гаргаж байгаа хувь хүнийг би ойлгохгүй байна. Аюулгүй байдлыг хамгаалах чиг үүрэг бүхий хүмүүсийн орон тоог нэмчихэд болчих асуудлыг заавал цэрэг байгуулаад, Хил хамгаалах дотоодын цэрэг гэдэг нэгдсэн штаб бий болгоод, армитай адилхан армийг хууль зүйн яамны удирдлага доор байлгах шаардлага байна уу. 

Би 2008-2012 онд УИХ-ын гишүүн байхдаа иргэн рүүгээ буу шагайж таван амийг үгүй хийсэн тэр хар өдрийг дахиад гаргуулахгүйн тулд хүний эрхийг хамгаалах төсөл боловсруулсан. Харамсалтай нь өнөөдөр та бүхэн нухчин дарж байгаа юм байна. Юунд бэлдээд галт зэвсэг бүхий хүмүүсийг бэлдээд иргэд рүүгээ дайруулах гээд байгаа юм.