Завсарлага авахгүйгээр хуралдвал ээлжит бус чуулган шаардлагагүй
УИХ-ын гишүүн, төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей
2016.02.03

Завсарлага авахгүйгээр хуралдвал ээлжит бус чуулган шаардлагагүй

Улс төрийн нөхцөл байдал хундрэлтэй байсан ч гол хуулийг баталж чадлаа

УИХ дахь Ардчилсан намын бүлгийн хурал дээр ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай байгааг УИХ-ын дарга З.Энхболд дуулгасан. Тэрбээр “Өнгөрсөн өдрүүдэд Ерөнхий сайдыг огцруулах асуудал хэлэлцсэнтэй холбогдуулан нам, эвслийн бүлгүүд хэлэлцэж буй асуудлаас завсарлага авч, өнөөдрийн байдлаар 39 асуудал хүлээгдэж байгаа’’ хэмээн ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шалтгаанаа тайлбарлажээ. Энэ талаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакейтай ярилцлаа.

-УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлагатай гэлээ. Хэлэлцэж амжаагуй хуулиуд үлдэж байгаа өдрүүдэд амжихгүй гэж үү?

-Намрын чуулганы төгсгөлд улс орны нийгэм, эдийн засгийн амьдралд нэн шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг амжиж батлах, эсэх нь эргэлзээтэй байна. Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга ээлжит бус чуулган зарлан хуралдуулах талаар санал хэлсэн. Тухайлбал, анхны хэлэлцүүлгийн шатанд Төрийн албаны тухай хуулийн төсөл, Хяналтын тухай хуулийн төсөл болон Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын баримт бичиг байгаа. Анхны хэлэлцүүлгийн шатанд байгаа эдгээр хуулийн төсөл нийгэмд хүлээлт үүсгэсэн учир хойшлуулах хэрэггүй. Тиймээс цаг алдалгүй шийдэх ёстой. Гэхдээ бидэнд гуравхан хоногийн хугацаа үлдсэн байна. Үлдсэн хугацаанд завсарлага авахгүйгээр хэлэлцвэл батлах боломжтой. Хэрэв нэн шаардлагатай байгаа дээрх хуулийн төслүүдийг баталчихвал ээлжит бус чуулган зарлан хуралдуулах шаардлага байхгүй болно.

-Гэхдээ Их хурлын дарга 39 төсөл байгаа гэсэн шүү дээ. Гэтэл гурав хоногийн хугацаа үлдсэн байдаг?

-Эдгээр хуулийн төслүүдийг бүгдийг нь баталж амжихгүй. УИХ нэн шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг батлах ёстой гэсэн зарчмыг баримтлах хэрэгтэй.

-Намрын чуулган завсарлах дөхлөө. Энэ парламентын бүрэн эрхийн хугацаан дахь хамгийн сүүлийн чуулган ч гэж хэлж болно. Яагаад гэвэл хаврын чуулган эхлээд л сонгуультай золгох тул тэднээс дорвитой шийдвэр барагтай л гарахгүй болов уу. Харин та энэ чуулганы үр дүнгийг хэрхэн дүгнэж байгаа вэ?

-Тухайн чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өмнөх чуулганаар баталдаг. Тэр дагуу намрын чуулган жагсаалтын дагуу ажилласан. Жагсаалтад орсон ихэнх асуудал хэлэлцэгдээд дууссан. Удахгүй нэгдсэн үр дүн нь гаргана. Чуулганы үр дүнг тоогоор хэмжих нь өрөөсгөл ойлголт.

Тоон үзүүлэлт ч бэлэн бус байна. Хэлэлцэх асуудлын жагсаалтаас гадна олон хуулийн төсөл өргөн мэдүүлж, яаралтайгаар хэлэлцдэг шүү дээ.

Өөрөөр хэлбэл, тооноос илүүтэйгээр ямар асуудал хэлэлцсэн нь чухал. Энэ удаагийн намрын чуулганаар амжиж Сонгуулийн тухай хуулийг баталсан нь томоохон ололт. Хэдийгээр улс төрийн нөхцөл байдал хүндрэлтэй байсан ч гол хуулийг баталж чадлаа. УИХ нэн шаардлагатай байгаа хуулийн төслүүдийг батлах ёстой.

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг одоо батлах учиртай. Хаанаас ямар ямар санал ирсэн бэ?

-Хаврын чуулганаар хэлэлцэх асуудалд хууль санаачлагчдаас санал авсан. Тухайлбал, Ерөнхийлөгчөөс 16 санал ирүүлсэн. Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос нэг, Төрийн байгуулалтын байнгын хороо гурав, Эдийн засгийн байнгын хороо тав, УИХ дахь Ардчилсан намын бүлэг 14, УИХ дахь МАН-ын бүлэг 10, ”Шударга ёс” эвслээс 28, Засгийн газар 84 төслийг ' ирүүлсэн. Нэр бүхий гишүүдээс гурван санал ирсэн. Нийтдээ 160 гаруй санал одоогоор байна. Эдгээр асуудлыг хаврын чуулганаар хэлэлцэж амжихгүй. Тиймээс жагсаалтыг батлахдаа хоёр зарчим баримтална. Нэгдүгээрт, хуулийн хугацаанд багтааж батлах ёстой хуулийн төслүүдийг эрэмбэлсэн. Тухайлбал, 2017 оны төсвийн хүрээний мэдэгдлийг батлах гэх мэт хууль, тогтоолын төслийг зайлшгүй хэлэлцэж батлах ёстой. Хоёрдугаарт, УИХ-д өргөн мэдүүлсэн хэлэлцүүлгийн шатанд байгаа төслүүдээс холбогдох Байнгын хороодод эхний ээлжинд хэлэлцүүлэхээр санал болгосон тогтоолын төслүүдийг жагсаалтын эхэнд оруулсан.

Тухайлбал, Гэр бүлийн тухай хуулийн төсөл, Төрийн шагналын тухай хуулийн төсөл болон Худалдааны тухай хуулийн төслийг жагсаалтын эхэнд оруулсан байгаа. Мөн намрын чуулганаар хэлэлцэж амжаагүй хуулийн төслүүдийг жагсаалтад багтаана.

-Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай болон Ноён уулыг улсын тусгай хамгаалалтад авах тухай УИХ-ын тогтоолын төслийг намрын чуулганаар хэлэлцэж амжих уу?

-Зарим тохиолдолд аливаа асуудлыг хэлэлцэхдээ улстөржилт нь ажил хэргийн санаагаас давж гараад байна л дад. Ингэснээр цаг гаргаж хэлэлцэх ёстой асуудал нь байнга хойшилж байна. Хэрэв ийм зүйл болоогүй бол эдийн засгийн хүндрэлийг багахан хэмжээнд ч гэсэн зөөлрүүлэх байсан. Тулгамдсан асуудлаас тойрч зугтааснаар шийдэлд хүрэхгүй. Хэрэв Гацууртын ордын төслийг хэлэлцэж, шийдэхгүй бол нинжа нар байгаль орчныг нь сүйтгээд дуусгана. Ийм маягаар шийдэх нь шийдэл биш. Асуудлыг улам хүндрүүлнэ. Тиймээс намрын чуулганы төгсгөлд шийдэх ёстой. Шийдэх боломж ч байгаа.