Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо гурван асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.02.Мягмар гараг/ хуралдаан 15 цаг 03 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхэллээ. Байнгын хорооны хуралдаанаар гурван асуудал хэлэлцэхээр төлөвлөсөн байна.
Органик хүнсний тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ
Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Органик хүнсний тухай хуулийн төслийн /Засгийн газар 2015.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийв. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүдийн зүгээс хуулийн төсөл батлагдсанаар нийгэм, эдийн засагт ямар үр дүн гарах болон хуулийн төслийн зүйл, заалт дээр зарчмын зөрүүтэй олон санал яагаад гарах болсон талаарх асуудлыг хөндсөн юм.
Хөдөө аж ахуйн салбар хөгжиж байгаа ч хууль хэрэгжсэнээр органик бүтээгдэхүүн, органик хүнсний тодорхойлолтыг нарийвчилж өгөхийн зэрэгцээ хүнсний зах зээлд өрсөлдөх боломжийг бүрүүлнэ гэж үзэж байгаа. Хуулийн төслийн бүлэг, заалтуудыг хооронд нь нэгтгэн багцалснаар зарчмын зөрүүтэй олон саналууд орж байна. Харин хуулийн төслийн агуулга, концепци дээр анхнаасаа органик хүнс гэж юуг хэлэхэв, байгалийн цэвэр органик хүнсний бүтээгдэхүүнийг яаж шошгожуулах, тэмдэг, тэмдэглэгээ хийх эрх нь хэнд байх вэ гэсэн зохицуулалт орж ирсэн. Тэр зохицуулалтыг цэгцлээд явж байгаа гэсэн тайлбарыг ажлын хэсгээс өгөв. Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Ажлын хэсгээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор нэгбүрчлэн санал хураалт явууллаа.
УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтов
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэчимэг
Мөн хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хийж, санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Ж.Энхбаяр нар асуулт асууж хариулт авсны дараа гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулсныг дэмжив.
Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлын сайдын мэдээллийг сонсов
Хуралдаанаар Парис хотод 2015 оны 11 дүгээр сард болсон Нэгдсэн Үндэсний Байгууллагын уур амьсгалын өөрчлөлтийн тухай суурь конвенцийн талуудын 21 дүгээр бага хуралдааны талаар Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдын мэдээллийг сонслоо.
УИХ-ын гишүүн, БОНХАЖ-ын сайд Н.Батцэрэг
СОР21-т оролцсон улс орнууд хүлэмжийн хийг бууруулах чиглэлд ямар арга хэмжээнүүд авч чадах вэ гэсэн гол асуудлыг хөндөж, улмаар хүлэмжийн хийг бууруулахад үндэсний Засгийн газрын хариуцлага ямар байх асуудалд гол анхаарлаа хандуулсан. СОР-21 хурлын нэг онцлог нь улс орнуудыг баян, ядуу, дээд түвшний гэж ялгаагүй. Бүгд өөр өөрийнхөө хэмжээнд хариуцлага хүлээж оролцсон. Монгол Улсын төлөөлөл Монгол Улсын Ерөнхийлөгч дээд хэмжээний уулзалтад оролцож үг хэлсэн. Монгол Улсын Засгийн газрын байр суурь бол 2030 онд хүлэмжийн хэмжээг 15 жилийн дотор 14 хувиар бууруулах зорилт тавьсан. Дэлхийн 195 улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх хэлэлцээрт хүрсэн. Бүгд хүлээн зөвшөөрсөн хэлэлцээр дэлхийн түүхэнд байгаагүй томоохон арга хэмжээ боллоо гэж олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлсэн.
Монголын төлөөлөгчид Парисын хэлэлцээрийн хүрээнд, дэлхийн бүх улс орнууд дагаж мөрдөх баримт бичиг гаргах шаардлагатай гэдэгт санал нэгдсэн. Мөн хэлэлцээр нь ялгаваргүй, уур амьсгалын өөрчлөлт өндөр эрсдэлтэй орнуудад илүү анхаарал хандуулах ёстой, түүнчлэн урт хугацааны зорилтыг хэрэгжүүлэх гол хүчин зүйл нь хөгжиж байгаа улс орнуудад үзүүлэх санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх асуудал гэж үзсэн. Хамгийн гол асуудал бол эрчим хүчний салбарт технологийн зардлыг бууруулах, өндөр үнэтэй технологийг нутагшуулах чиглэлд нэлээд ажил зохион байгуулах шаардлагатай байгаа гэдгийг салбарын сайд мэдээлэлдээ дурдав. Мэдээлэлтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, Л.Эрдэнэчимэг, С.Оюун нар асуулт асууж, байр сууриа илэрхийлэв.
Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл
Тухайлахад, Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, манай улсад ашиглалтын болоод хайгуулын лиценз авсан маш олон нүүрсний талбайнууд байдаг. Энэ нь тогтвортой хөдөө аж ахуйд садаа болж нэг газарт давхцан маргаан үүсгэх тохиолдлууд байгаа. Тиймээс Парисын гэрээний асуудлыг ярих төдийгүй хэрэгжүүлж эхлэх хэрэгтэй. Эхний ээлжинд ажиллаж байгаа нүүрсний уурхайн үйлдвэрлэл багасаж, дэлхийн хандлагад нийцэж хумигдах нь ойлгомжтой учраас шинээр хөрс ухуулахгүйгээр, шинээр лиценз авсан хүмүүс цөөн байгаа дээр цааш нь үргэлжлүүлэхгүйгээр зааглах хэрэгтэй гэсэн саналыг хэллээ