Хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв
Улсын Их Хурлын гишүүн А.Бакей
2016.02.03

Хууль, тогтоолын төслүүдийг өргөн мэдүүлэв

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг өнөөдөр /2016.02.03/ Улсын Их Хурлын гишүүн А.Бакей өргөн мэдүүллээ. 

Нийтийн сонсголын тухай хуулиар Улсын Их Хурал нийтийн сонсгол зохион байгуулах болсонтой холбогдуулан Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороод нийтийн сонсголыг зохион байгуулах дэгтэй болох, мөн хуулийн 18.7-д Улсын Их Хурлаас хууль тогтоомжийн төслийн, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны сонсголын журмыг батлахаар заасантай холбогдуулан нийтийн сонсгол зохион байгуулах нарийвчилсан журам батлан гаргах шаардлага үүсчээ.

Иймд Улсын Их Хурлын гишүүн А.Бакей, Н.Батцэрэг, Н.Энхболд нар Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн төсөл, Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг санаачлан боловсруулсан байна.  Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд Улсын Их Хурал, Байнгын болон дэд, түр хороодод хууль тогтоомжийн, томилгооны, ерөнхий болон төсвийн хяналтын сонсголыг хэрхэн зохион байгуулах, сонсголын хуралдааны журам, дэгийг зохицуулсан бүлэг шинээр нэмэхтэй холбоотой өөрчлөлтийг тусгасан талаараа Улсын Их Хурлын даргад танилцуулав. Нийтийн сонсголыг зохион байгуулах журам батлах тухай Улсын Их Хурлын тогтоолын  төслийн хавсралтаар Нийтийн сонсгол зохион байгуулах журмыг тогтоох бөгөөд уг журам нь Нийтлэг үндэслэл, сонсгол зохион байгуулах үндэслэл,  сонсголын бэлтгэлийг хангах, сонсголыг зохион байгуулах гэсэн хэсгүүдээс бүрдэх юм байна. Уг журам нь Засгийн газар, төрийн захиргааны төв байгууллага, нутгийн өөрөө удирдах байгууллагаас нийтийн сонсголыг зохион байгуулахтай холбоотой харилцааг зохицуулах аж. 

Эдгээр хууль, тогтоолын төсөл батлагдсанаар Нийтийн сонсголын тухай хууль хэрэгжих нөхцөл бүрдэж,  хууль хоорондын уялдаа холбоо хангагдана. Түүнчлэн нийтийн сонсгол зохион байгуулах үүрэг бүхий этгээдүүд сонсголыг зохион байгуулах нэгдсэн стандарт, дэгтэй болно