УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ
УИХ-ын Хууль зүйн байнгын хороо
2016.02.03

УИХ-ын тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг дэмжлээ

УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.03/ хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлэг байлаа. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүн гараагүй бөгөөд харьяа Байнгын хороогоор хэлэлцээд явах нь зүйтэй хэмээн санал нэгдэв. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 90.9 хувийн саналаар тогтоолын төслийг дэмжих нь зүйтэй хэмээн үзэж, Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төрийн байгуулалтын байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.

Үүний дараа Хууль тогтоомжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв. Хуулийн төсөлтэй холбогдуулан зарчмын зөрүүтэй санал гараагүй бөгөөд анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг УИХ-ын гишүүн Д.Ганбат гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн 81.8 хувь нь дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар болов.

Мөн өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан Улсын Их Хурлын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ.

“Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 14 дүгээр дүгнэлтийн тухай” УИХ-ын 2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 94 дүгээр тогтоолын 1 дэх заалтын “хүлээн зөвшөөрсүгэй” гэснийг “хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй” хэмээн өөрчлөхөөр тогтоолын төсөлд тусгасан юм. Тогтоолын төслийг хэлэлцэх үеэр УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, УИХ Ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авсантай холбогдуулан тогтоолд өөрчлөлт оруулах ёстой. Тогтоолд өөрчлөлт оруулсан талаар албан ёсоор бичгээ Үндсэн хуулийн цэцэд илгээн мэдэгдэх хэрэгтэй.

Дээрх асуудлыг УИХ эцэслэн шийдээгүй байхад Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаан хийх гэж хоёр удаа зарлаад өнгөрсөн долоо хоногт хурлаа хийсэн байна. Тиймээс бичгээ бид албажуулан явуулах нь зүйтэй гэсэн бол УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Үндсэн хуулийн цэц их суудлын хуралдаанаа хийж эцсийн шийдвэр гаргасан бол бид ийм тогтоол гаргах шаардлагагүй гэсэн байр суурьтай байгаагаа илэрхийлсэн. Харин Хууль зүйн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 72.7 хувь нь дээрх тогтоолын төслийг хэлэлцэн батлах нь зүйтэй хэмээн санал нэгдлээ.