Ажлын хэсгийг өөрчлөв
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Ажлын хэсгийг өөрчлөх саналыг Улсын Их Хурлын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ гаргасан юм.
Учир нь Хүүхдийн эрхийн тухай болон Хүүхэд хамгааллын тухай хуулиуд нь Гэр бүлийн тухай хуультай салшгүй холбоотой. Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн бариад жил болж байгаа ч Ажлын хэсгийн үйл ажиллагаа удаашралтай байгаа аж. Ингээд Ажлын хэсгийг өөрчлөх нь зүйтэй гэсэн саналыг гишүүдийн олонх дэмжлээ. Ингэснээр Ажлын хэсгийн ахлагчаар Улсын Их Хурлын гишүүн С.Одонтуяа, гишүүдэд Улсын Их Хурлын гишүүн Ц.Оюунгэрэл, А.Тлейхан, З.Баянсэлэнгэ, А.Бакей нарын бүрэлдэхүүнтэйгээр батлав.