Улаанбаатар хотын үзэмжийг задгай тагттай барилга гутааж байна
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан
2016.02.04

Улаанбаатар хотын үзэмжийг задгай тагттай барилга гутааж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Барилгын тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж байна. Засгийн газраас энэхүү хуулийн төслийг энэ оны нэгдүгээр сарын 29-нд өргөн мэдүүлсэн юм. Хууль батлагдсанаар барилгын зөвшөөрөл олгох үйл ажиллагааны хугацаа одоо хүчин төгөлдөр мөрдөж буй хуультай харьцуулбал бараг ес дахин, гарын үсгийн тоог 3.5 дахин багасна гэж үзэж байна. Барилга барих тусгай зөвшөөрлийг төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод шийддэг болох нь.

Хэлэлцүүлгийн шатанд

  • УИХ-ын гишүүн Д.Ганхуяг: Барилгын материал олон улсын ISO стандарт болон түүнээс дээш стандарттай орнуудын стандартыг хангаж байгаа барилгын материалын тухайд нэг их шалгаж, шаардаад байхгүй. Стандартын бичиг баримтыг нь бүрдүүлээд импортолж байх нь зүйтэй. Сайн материал орж ирнэ гэдэг нь монголын хэрэглэгчдийн хэрэгцээг хангахаас гадна яваандаа Монгол Улс өөрөө барилгын материалын түүхий эдээр баялаг орон учир барилгын материал сортлох бүрэн боломжтой.
  • Үүнийг хуульд энэ асуудлыг тодорхой тусгах нь зөв. Цаашдаа энэ салбарын мэргэшсэн хүмүүсийн ур чадвар барилгын салбарын хөгжлийн үзүүлэлттэй салашгүй холбоотой. Тиймээс энэ хуульд олон улсын инженерийн байгууллага, зөвлөх инженерийн байгууллагатай хамтарч ажиллах тал дээр хэрхэн анхаарч ажиллах нь эсэх асуудлыг тусгах нь зүйтэй.
  • УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Улаанбаатар хотын үзэмжийг ганц гутааж байгаа зүйл нь задгай тагттай барилга. Гэтэл сүүлийн жилүүдэд барилгууд дандаа задгай тагттай баригдаад байгаа. Харин иргэд өөрсдийнхөө үзэмжээр битүүлдэг. Энэ нь хотын өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөөд байна. Үүнийг өмнөх хуульд маш бүдэг тусгасан байсан. Тиймээс энэ хуульд маш тодорхой тусгах шаардлагатай. Түүнчлэн шинээр баригдаж байгаа орон сууцнуудын нэгдүгээр давхарт цэцэрлэг нээх гэхээр хуулиар хориглосон гэдэг. Шинэ хуульд үүнийг тусгах нь зөв.
  • УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Хуульд иргэдийн хуувийн сууц, хашаа байшинг хэрхэн зохицуулах эсэхийг оруулаагүй байна. Тэр чинь өөр бодлогоор зохицуулагдах ёстой гээд яриад сууж байгаа нь утга алга. Өнөөдөр хамгийн тулгамдсан асуудал утаа болоод байгаа. Тиймээс гэр хорооллоыг хэрхэн орон сууцжуулах, байшин барилгад нь стандарт тогтоож яндангын тоо багасгах нь чухал байна.
  • УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар: “Барилгын тухай хуулийн төслийг боловсруулахдаа Замчдын холбоо болон замын байгууллага, авто замчдаас саналыг нь сонсох ёстой байсан. Зам барих процедуртай холбоотой асуудал дутуу дулимаг байна.
  • Байнгын хорооны хуралдаан үргэлжилж байна.