Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны дарга Ц.Баярсайхан
2016.02.04

Эдийн засгийн байнгын хороо гурван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өнөөдрийн /2016.02.03/ хуралдаанаар“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Эдийн засгийн байнгын хорооноос тогтоолын төслийн талаар санал, дүгнэлт боловсруулах ажлын хэсгийг байгуулсан бөгөөд тус ажлын хэсгийн ахлагч Д.Ганхуяг танилцуулга хийсэн.

Тэрбээр, тогтоолын төсөлд ядуурлын бүх төрлийг эцэс болгоно хэмээн тусгасныг эргэн харах нь зүйтэй хэмээгээд өндөр хөгжилтэй орнууд ийм зорилтыг бүрэн хэрэгжүүлж чадаагүй байгааг бодолцож үзэх ёстой гэж хэлсэн. Түүнчлэн гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах, засаглалыг сайжруулах нь чухал. Үндсэн хуульд өөрчлөлт оруулах нь энэ зорилтыг хэрэгжүүлэх чухал алхам болно гэж үзэж байна хэмээсэн.

Мөн мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газраас тогтоолын төсөлд тусгах санал ирсэнийг Байнгын хорооны санал, дүгнэлтэд тусгах саналтай байгаагаа хэлсэн. Ажлын хэсгийн саналыг Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжин Төрийн байгуулалтын байнгын хороонд уламжлахаар тогтлоо.