Су. Батболд: Мэдээлэл авах эрхийг намрын чуулганаар хуульчилна
Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийн төслийг С.Батболд, Э.Бат-Үүл, С.Ламбаа, Ц.Мөнх-Оргил, С.Оюун нарын гишүүн өмнөх Парламентын үед өргөн барьсан ч одоо хэр нь баталж амжсангүй. Энэ хаврын чуулганаар ч завдахгүй гэнэ. Харин Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлгээр энэ чуулганаар батлах байх хэмээн дээрх хоёр төслийг Байнгын хороо болон чуулганы нэгдсэн хуралдааны хэлэлцүүлэгт бэлтгэх Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Су.Батболд хэллээ. Түүнээс зарим зүйл тодруулав.
-Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг олон түмэн ихээхэн хүлээдэг. Яагаад батлагдахгүй байгааг тодруулах гэсэн юм.
-Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний хууль нэрээр төслийг өмнөх УИХ-д өргөн барьсан ч Байнгын хороодоор хэлэлцэх явцад зайлшгүй тодруулах зүйл байна гэж гишүүд үзсэн. Тэгээд одоогийн Парламентаас намуудын төлөөлөл оролцсон Ажлын хэсэг байгуулсан. Одоо анхны хэлэлцүүлэг хийхэд бэлэн боллоо. Энэ төслийг Төрийн нууц, Төрийн нууцад хамаарах жагсаалт батлах тухай хуультай хамтад нь хэлэлцье гэсэн санал гарснаас удааширсан.
Төрийн нууцын тухай хуулийн төслийг Засгийн газар, ТЕГ боловсруулж танилцуулах учиртай. Тэр нь бэлэн болоогүй юм билээ. Түүнийг өргөн барихаар Мэдээлэл авах эрх чөлөөний тухай хуулийг хэлэлцэж эхэлнэ. Тэгэхээр намрын чуулган хүргэнэ гэсэн үг. Иргэдийг хуулиар хориглоогүй бодит мэдээллээр хангах үүргийг баталгаажуулсан хууль зайлшгүй хэрэгтэй. Хэрэв Засгийн газар Төрийн нууцын тухай хуулийн төсөл өргөн барихгүй удааширвал Мэдээлэл авах эрх чөлөөний хуулийг дангаар нь хэлэлцүүлнэ гэсэн байр суурьтай байгаа.
- Энэ хуулиар яг ямар харилцааг зохицуулах вэ. Төрийн байгууллагаас мэдээлэл авъя гэхээр албан тушаалтнууд нь хөдөлж ядан, хүнд суртал гаргах нь их. Хууль даруйхан батлагдвал шат дамжлага, хүнд сурталтнууд цөөрнө гэж найдаж байгаа юу?
-Иргэд мэдээлэл авах хүсэлт тавихад “даргаасаа асууя, зөвшөөрөл авсны дараа” гэх мэтээр хойрго ханддаг явдал бий. Төрийн байгууллагын мэдээлэл нээлттэй байх тусам иргэдээс санал, шүүмжлэл их ирж, түүнийг зохистой ашиглаж бодитой хэрэгжүүлэх үндэслэл болдог. Хууль батлагдсанаар иргэдийг мэдээллээр хангах үүргийг төрийн байгууллага, төсөвт болон төрийн өмчийн оролцоотой байгууллага хүлээх юм. Хувийн болон төрийн бус байгууллагууд үүнд хамаарахгүй.
Мэдээлэл авахыг хүсэгч иргэн төрийн байгууллагаас мэдээлэл авах хэлбэрээ чөлөөтэй сонгох, мэдээлэл авах болсон шаардлага, үндэслэлээ тайлбарлахгүй байх, мэдээлэл авах эрхийг нь зөрчсөн төрийн байгууллага, албан тушаалтны талаар гомдол гаргах эрх үүснэ. Мэдээлэл нээлттэй болсноор нийгмийн амьдралд оролцох иргэдийн идэвх нэмэгдэж, төрийн үйл ажиллагаанд тавих хяналт сайжирна гэж үзэж байгаа.
-Мэдээлэл авах эрхэд хязгаар байх уу?
-Төр, байгууллага, хувь хүний нууцад хамаарах мэдээлэл авахад энэ хууль хамаарахгүй. Монгол Улсын иргэн, гадаадын иргэн, харьяалалгүй хүн, хуулийн этгээд, Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын болон олон улсын байгууллага нь төрийн байгууллага, нийтлэг үйлчилгээ үзүүлдэг хуулийн этгээдээс мэдээлэл авах эрхтэй.
-Мэдээлэл өгөхөөс татгалзсан байгууллага, албан тушаалтанд ямар хариуцлага хүлээлгэдэг болох вэ?
-Хууль зөрчсөн байгууллагыг 200000-250000, албан тушаалтныг 15000-30000 төгрөгөөр торгох шийтгэлийг шүүгч ногдуулна.
-Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай төсөл бас гацчихаад байгаа…
-Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын санаачилсан төсөл. Хууль бус аливаа үйлдлийн талаар төрийн байгууллага, албан тушаалтанд хандах явдал нэлээд түгээмэл болсон. Хууль бус үйлдэл, албан тушаалтны хүнд суртал иргэдийг ихээхэн бухимдуулдаг. Төрийн байгууллага, албан тушаалтнууд иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хэрхэн шийдвэрлэж байгааг өнгөрсөн онд судлахад, түүнд оролцогчдын 40 орчим хувь нь тавьсан асуудлыг хуульд заасан хугацаанд шийдвэрлэдэггүй гэж хариулсан байдаг. Энэ бүхнийг тооцоод хуульд өөрчлөлт оруулахаар болсон юм билээ. Анхны хэлэлцүүлгээр нь хаврын чуулганаар батлах зорилготой.
-Хууль батлагдсанаар албан тушаалтнуудын чих зөөлрөх үү. Хариуцлагын тогтолцоог хэрхэн тусгаж өгсөн юм бол.
-Иргэдээс гаргасан өргөдөл, гомдлыг хоёр ба түүнээс дээш удаа хуульд заасан хугацаанд шийдвэрлээгүй буюу хангалтгүй гэж үзвэл сахилгын шийтгэл хүлээлгэж байхаар зохицуулсан.
Эрхлэх асуудлын хүрээ, хуулиар хүлээсэн чиг үүрэгт нь хамаарах асуудлаар ирүүлсэн өргөдөл, гомдлыг доод шатны байгууллага, албан тушаалтанд шилжүүлэхгүйгээр сайд, аймаг, нийслэлийн Засаг дарга нь эцэслэн хариу өгч байхаар төсөлд тусгасан.