2010.02.18

Су.Батболд: Мэдээлэл авах эрх хязгаарлагдмал байх ч хуультай болно гэдэг ахиц

Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Су.Батболдтой ярилцлаа.Тэрбээр хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт бэлтгэх УИХ-ын ажлын хэсгийн ахлагч юм.

-Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөл хэлэлцүүлгийн шатандаа зогсчихлоо. Юунаас болж хойшлуулаад байна вэ?

-Түрүүчийн парламентын үед Байнгын хороогоор хэлэлцээд УИХ-д оруулчихсан төсөл л дөө. Чуулганаар хэлэлцэх эсэхийг нь шийдчихсэн. Тухайн үед энэ төсөлтэй холбогдуулж гишүүдээс хэд хэдэн чиглэлийн санал гарсан юм. Тэгэхэд Төрийн нууцын, Байгууллагын нууцын, Хувь хүний нууцын тухай гээд бие даасан хуулиуд бий. Эдгээр хуультай төслөө хэрхэн уялдуулах вэ, хамтад нь хэлэлцэх ёстой юм биш үү гэсэн асуулт гарсан. Учир нь, нууцын тухай хуулиудын үйлчлэл хэвээрээ байгаа үед Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийг баталлаа ч хэрэгжих магадлал, ач холбогдол нь буурах хандлагатай юм. Тиймээс ч хамтад нь хэлэлцэх санал гарсан. Өөрөөр хэлбэл, нууцын тухай хуулийн төслүүдийг хүлээх зайлшгүй шаардлага гараад байна.

-Нууцын тухай хуулиудад өөрчлөлт оруулах төсөл бэлэн болсон уу. Ажлын хэсэг боловсруулж байгаа юм уу?

-Засгийн газар боловсруулж УИХ-д оруулж ирэх ёстой. Яагаад гэвэл, Төрийн нууцын тухай хуулийг гишүүд боловсруулахад төвөгтэй. Ажлын хэсгийн тухайд Засгийн газар төсөл санаачлах ёстой гэж үзээд холбогдох яамтай ярилцаж байна. Нөгөөтэйгүүр, Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуулийн төсөлд нэр томъёо боловсронгуй болгох гээд бусад асуудал бий. Мэдээллийг ямар хэлбэрээр өгч байх, хүмүүс ямар байдлаар мэдээлэл эрж хайх вэ гэдгийг тодруулах шаардлагатай гэж гишүүд үзсэн. Мөн төрийн захиргааны байгууллага'бүрт мэдээлэл гаргаж өгч байх орон тооны ажилтан бий болгох уу гэсэн асуулт байна. Учир нь, төсөв хэмнэе, зардал таная гэж ярьдаг хэрнээ дахин орон тоо нэмэх нь зөв үү ч гэж ярьсан. Түрүүчийн парламентаар хэлэлцүүлэг явж байхад энэ мэтчилэн олон асуудал хөндөгдсөн. Интернэт ашиглан төрийн байгууллагын мэдээллийг нь хэрхэн хүртээх вэ гээд бүхий л асуудлыг ажлын хэсэг өнгөрсөн хугацаанд судалсан.

-Тэгэхээр Мэдээлэл авах эрх, эрх чөлөөний тухай хуульдаа бус дагалдах хуулиудаас үүдэж төсөл хүлээгдээд байгаа юм уу?

-Ажлын хэсэг ярилцаад шууд одоо байгаа эрх зүйн орчинд хуулийн төслөө хэлэлцүүлж болно гэж үзсэн. Нууцын тухай хуулиудыг хүлээлгүй явахад бага зэрэг л асуудал гарч байгаа. Төрийн нууц бол нэг их асуудал дагуулахгүй зүгээр явчихаар байна. Харин Байгууллагын нууцын тухай хуульд эргэлзээтэй зүйл их байна л даа. Тухайн байгууллага өөрийнхөө нууцыг тодорхойлдог. Бүх л асуудлаа нууцлах эрх хуулиар олгогдсон гэсэн үг.

-Хэлэлцүүлэг хэзээ явуулах вэ. Хуулийг хэзээ батлах бол?

-Намрын чуулганаар амжихгүй бололтой. Хэлэлцүүлэгт бэлдэх ёстой. Төрийн бус байгууллагын саналыг сонсох хэрэгтэй. Мэдээж мэдээллийн сангийн аюулгүй байдлыг тогтоож өгөхгүй бол болохгүй. Бүх мэдээлэл нээлттэй гээд задгай орхиж болохгүй шүү дээ. Нэг талд мэдээлэл авах эрх байхад нөгөө талд төрийн байгууллагын хэвийн ажиллах нөхцөлийг хангах ёстой.

-Анх өргөн барьсан төсөл агуулгын хувьд хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ. Мэдээлэл олж авах эрхийг хязгаарлаж, мэдээлэл өгөх үүргээ биелүүлээгүй бол хүлээлгэх хариуцлагыг хумиагүй биз дээ?

-Ерөнхий зарчим өөрчлөгдөөгүй. Ажлын хэсгээс 19 зарчмын зөрүүтэй санал хураалгахаар төлөвлөж байгаа ч дахин ярилцах юм.

 

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.