"Сар шинийн мэндчилгээ"
Эх орныхоо бүтээн байгуулалт хөгжил дэвшлийн нүүр царайг өнгөлж орших шимийн хөдөлгүүр нь болдог барилгын салбарын үе үеийн төлөөллүүддээ XVII жарны “Муу нүүрт” хэмээх гал БИЧИН жилийн сар шинийн мэндийг дэвшүүлж мэндийн цэнхэр хадгаар золгож байна. Та бид улс хотоо хөгжүүлж, сайн сайхан амьдрах хүсэл, зорилгоор нэгдэн их ажил, их амжилтаар БИЧИН жилээ угтаж байна. Малчны хотоос орчин үеийн хотын соёл үүсч хөгжин, эх орны хөгжил дэвшил өдрөөс өдөрт өнгө нэмсээр байгаад та бүхний минь цуцашгүй хөдөлмөр, оюуны цараа, ухааны ур цаглашгүй билээ.
Гал бичин жилийн хаврын Тэргүүн сар гарахтай зэрэгцэн эх оронд минь их бүтээн байгуулалт эхэлнэ. Барилгын салбарынхан бид түүхт 90 жилийн ойгоо тэмдэглэнээ. Бүтээн босгох, хөгжин дэвжихийн эрмэлзлээр сэтгэлээ бадрааж, эв эеийг эрхэмлэн хүчээ нэгтгэж, өмнөх үеийнхнийхээ амжилт ололт бүхнийг бататган шингээн, шинэ үеийн хөгжил дэвшил, төлөвлөлтөө сайжруулан, ард иргэдийнхээ хэрэгцээ шаардлагад нийцүүлэн илүү хичээл зүтгэлтэйгээр ажиллах учиртай болж байна.
Тиймээс ирж буй бичин жил зон олноороо эрүүл саруул байж, улс гэрийнхээ төлөө чармайн ажилласан их амжилтаар дүүрэн жил байгаасай гэж би хүсч байна. Төр маань түвшин, түмэн олон маань амар амгалан байж, эх орны минь хөгжил дэвшил шинэ ахиц, шинэ амжилт бүтээлээр арвин байх болтугай. Сар шинэдээ сайхан шинэлээрэй.
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН,
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ГИШҮҮН,
БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД
ЗАНГАДЫН БАЯНСЭЛЭНГЭ