100 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан
Барилга хот байгуулалтын сайд З.Баянсэлэнгэ
2016.02.08

100 хоногийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажлын тайлан

 БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН ЯАМНЫ 2015 ОНЫ 9 ДҮГЭЭР  САРЫН 08-НЫ ӨДРӨӨС 12 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР ХҮРТЭЛ 100 ХОНОГИЙН ХУГАЦААНД ХИЙЖ ГҮЙЦЭТГЭСЭН АЖЛЫН ТАЙЛАН

Нэг. Салбарын хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох чиглэлээр:

            “Барилгын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл”-ийг Монгол Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар хэлэлцүүлэхтэй холбогдуулан төрийн болон төрийн бус байгууллагын 80 гаруй төлөөлөл оролцсон “Барилгын тухай” хуулийн хэлэлцүүлгийг энэ оны 11 дүгээр сарын 10-ны өдөр зохион байгуулж, хэлэлцүүлгээс гарсан зарим саналыг хуулийн төсөлд тусган УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороогоор хэлэлцүүлэхэд бэлтгэсэн.  

  • Газрын тухай, Газрын төлбөрийн тухай, Газрын кадастрын тухай, Геодези, зураг зүйн тухай, Хот байгуулалтын тухай хуулиудын шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах ажлын хэсгийг шинээр байгуулж, хуулийн төслийг боловсруулж байна.
  • Үндэсний орон зайн мэдээллийн дэд бүтцийн тухай, Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх тухай, Улаанбаатар хотын нутаг дэвсгэрийн бүсчлэлийн тухай, Хот, суурины ногоон байгууламжийн тухай, Авто зогсоолын тухай хуулиудыг шинээр боловсруулах ажлын хэсгийг шинэчлэн хуулийн төсөл боловсруулах ажлыг үргэлжлүүлж байна.
  • "Хот, суурин газрыг дахин хөгжүүлэх тухай" хууль 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улсын их хурлаар батлагдсантай холбогдуулан уг хуулийг дагалдан гарах дүрэм, журмын төслийг боловсруулах ажлын хэсгийг 2015 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 195 дугаар тушаалаар байгуулан холбогдох дүрэм, журам, зааврын төслүүдийг боловсруулж байна.

Хоёр. Салбарын бодлого, төлөвлөлтийг боловсронгуй болгох чиглэлээр:

  • Барилга, хот байгуулалтын салбарын 2015-2017 оны стратеги төлөвлөгөөг  боловсруулан Барилга, хот байгуулалт /БХБ/-ын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 223 дугаар тушаалаар батлуулан хэрэгжүүлж эхлээд байна.
  • Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн дарга /ТНбД/-ын 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 229 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
  • “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал” /2016-2030 он/-ын төсөлд барилга, хот байгуулалтын салбарын хөгжлийн үзэл баримтлалд тусгах зорилтуудыг боловсруулж УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос томилогдсон ажлын хэсэгт хүргүүлээд байна.

Хот байгуулалтын чиглэлээр:

  • Азийн хөгжлийн банктай хамтран “Монгол Улсын хот байгуулалтын үнэлгээ” төслийг хэрэгжүүлж, 2015 оны 10 дугаар сарын 23-ны өдөр “Монгол Улсын хот байгуулалтын үнэлгээ” сэдэвт семинарыг зохион байгуулж, хот байгуулалтын салбарт үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагууд, НҮБ-Хабитат, GIZ төсөлтэй санал бодол солилцсон.
  • УИХ-ын 2013 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжлийн чиг хандлага”-ын баримт бичгийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг НЗТГ-ын СБТХэлтэс, ЖАЙКА-ийн төслийн багтай хамтарч боловсруулан яамдаас санал авч, БХБ-ын Сайдын Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, Засгийн газарт өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.
  • ЖАЙКА байгууллагын техникийн туслалцааны “Монгол Улсын хот байгуулалтын салбарын чадавхийг бэхжүүлэх төсөл”-ийн 2 дахь үе шатны төслийг хэрэгжүүлж эхлэн хот байгуулалт, орон сууцны бодлогын асуудлаар хамтран ажиллаж байна.

Газрын харилцаа, геодези, зураг зүйн чиглэлээр:

  • “Газрыг улсын тусгай хэрэгцээнд авах, тогтоолын хавсралтад өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 22–ны өдрийн 90 дүгээр тогтоолоор Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй гадаад улсын дипломат болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газруудын ашиглалтад олгох газрыг улсын тусгай хэрэгцээнд авч, тэдгээрийн хилийн цэсийн эргэлтийн цэгүүдийн солбицлыг хавсралтаар баталсан.
  • Төрөөс газрын харилцаа, геодези, зураг зүйн талаар баримтлах бодлогын баримт бичгийг боловсруулах ажлын хэсгийг Төрийн нарийн бичгийн даргын 2015 оны 11 дүгээр сарын 09-ны өдрийн 229 дугаар тушаалаар байгуулан ажиллаж байна.
  • Аймаг, Нийслэл, Сум, Дүүргийн хилийн цэсийг нарийвчлан тогтоох тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулж, үзэл баримтлалыг Хууль зүйн Сайдтай хамтран баталсан.
  • “Газар эзэмшүүлэх эрхийн дуудлага худалдааны анхны үнэ тодорхойлох аргачлал”-ыг БХБ-ын Сайдын 2015 оны 12 дугаар сарын 7-ны өдрийн 234 дүгээр тушаалаар баталсан.
  • Геодези, зураг зүйн үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрөл, Газар зохион байгуулалт, газрын кадастрын үйл ажиллагаа эрхлэх мэргэжлийн байгууллагын эрх олгох журмыг техник технологийн боломж, боловсон хүчний зах зээл, хэрэгцээнд тулгуурлан шинэчлэн боловсруулж батлууллаа.

Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн чиглэлээр: 

  • Барилгын материал үйлдвэрлэгч үндэсний аж ахуйн нэгжүүдийг татвар, тарифын бодлогоор дэмжих бодлогын хүрээнд импортын зарим материалын гаалийн тарифын хэмжээг нэмэгдүүлэх, импортын зарим түүхий эдийн гаалийн тарифын хэмжээг тэглэх, зарим үйлдвэрийн тоног төхөөрөмжийг татвараас чөлөөлөх тухай асуудлуудыг багцлан Засгийн газрын тогтоолын төслүүд боловсруулж, Сангийн сайд бөгөөд Гаалийн тарифын зөвлөлийн дарга Б.Болорт 2015 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 1/2972 тоотоор, хувийг Аж үйлдвэрийн яаманд хүргүүлэн, Гаалийн тарифын зөвлөлөөр хэлэлцүүлэн Засгийн газарт хүргүүлэхээр ажиллаж байна.
  • “Барилгын салбарыг дэмжих, улмаар орон сууцны үнийг тогтворжуулах” дэд хөтөлбөрийн хэрэгжилтэд аудит хийлгэж, хөтөлбөрт хамрагдсан 33 барилгын материалын үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцаж, гарсан зөрчлийг арилгуулах, цаашид анхаарах асуудлаар удирдамж, чиглэл өгсөн.
  • Засгийн газрын 2012 оны 151 дүгээр тогтоолын хүрээнд барилгын ажил эхлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан 23 байгууллагын гүйцэтгэж буй 36 барилга, байгууламжийн материалыг судлан 17 барилга байгууламжид сунгах, 16 барилга байгууламжид ажил эхлүүлэх зөвшөөрөл олгосон.
  • Барилгын салбарын норм, нормативын баримт бичгийг Евростандартын жишигт нийцүүлж боловсронгуй болгох “Дунд хугацааны хөтөлбөр” болон хийгдэх ажлын төлөвлөгөөг БХБ-ын Сайдын 2015 оны 10 дугаар сарын 26-ны өдрийн 199 дүгээр тушаалаар батлан холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.
  • Барилгын салбарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох талаар Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 75 дугаар тогтоолоор батлагдсан журмыг шинэчлэн, нийтээр дагаж мөрдөх журам боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг БХБЯ-ны ТНбД-ын 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 256 дугаар тушаалаар шинэчлэн баталсан. 

Орон сууц, нийтийн аж ахуйн чиглэлээр:

  • Төрийн орон сууцны корпорацийн үйл ажиллагаа, “Буянт-Ухаа-1” хорооллын цэвэрлэх байгууламж, шугам сүлжээний ажил, “Буянт-Ухаа-2” хорооллын барилга угсралтын ажлын явцтай 2015 оны 10 дугаар сарын 31-ний өдөр танилцаж, иргэд, хэрэглэгчдтэй санал солилцсон.
  • Мөн корпорацийн захиалгаар аймаг, орон нутагт хэрэгжиж байгаа орон сууцны төслүүдтэй танилцах, үнэлэлт, дүгнэлт өгөх ажлын хэсгийг БХБ-ын Сайдын 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 211 дүгээр тушаалаар байгуулан ажиллаж байна.
  • “Төрийн орон сууцны корпораци” (ТОСК) ТӨҮГ-ын дүрмийн төсөлд тус яамнаас өгсөн саналууд тусгагдаж, Төрийн өмчийн хорооны 2015 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 685 дугаар тогтоолоор батлагдсанаар ТОСК-ийн стратеги болон бизнес төлөвлөгөө, хөгжлийн бодлого, төлөвлөлтийг зөвшилцөн, тухайн жилийн үйл ажиллагаа, бүтэц, зохион байгуулалт, зарцуулсан хөрөнгө санхүү, үр дүнгийн талаар тодорхой тусгасан тайлан, илтгэх бичгийг хүлээн авч танилцан, мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллах эрх зүйн орчин бүрдлээ.               
  • Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 24 байршилд хэрэгжиж байгаа төслүүдийн явцтай танилцан, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний чиглэл өгөөд байна. 
  • Бохир ус цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, цаашид авах арга хэмжээний талаар 2015 оны 10 дугаар сарын 30-ны өдөр УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд танилцуулсан.
  • УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 9-ний өдөр соёрхон баталсан Зээлийн хэлэлцээрийн дагуу АХБ-ны зээлээр хэрэгжүүлэх “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн Төсөл хэрэгжүүлэх нэгжийг холбогдох газруудтай зөвшилцөн байгуулж, ажлыг эхлүүлээд байна.
  • Засгийн газрын 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн хуралдаанаар төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх асуудлыг хэлэлцүүлж, концессын гэрээгээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэн ба уг цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай Монгол Улсын Ерөнхий сайд газар дээр нь танилцаж үүрэг чиглэл өгсөн.