Н.Энхбаярын томилгоог дэмжинэ
МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт
2016.02.15

Н.Энхбаярын томилгоог дэмжинэ

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт мэдээлэл хийлээ.  Өнөөдөр 09.00 цагт  УИХ-ын ээлжит бус чуулганыг нээх товтой байсан ч гишүүдийн ирц бүрдээгүйгээс хойшлогдсоор байгаа. Гэхдээ эрх баригч намын гишүүд  ирвэл чуулганы танхимд орж  ирцийг бүрдүүлэн хуралдаанд оролцохоо мэдэгдлээ. УИХ дахь МАН-ын 26 гишүүнээс 22 нь Төрийн ордонд албан өрөөндөө ажлаа явуулж байгаа аж.

Түүнчлэн УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит бус чуулганыг хуралдуулах шаардлагагүй гэж үзэж буйгаа онцолсон юм. Учир нь, намрын чуулганаар 24 асуудал хэлэлцэхээр төлөвлөснөөс 11-ийг нь хэлэлцсэн байна. Намрын чуулган нийтдээ 120 хоног үргэлжилдэг. Харин ээлжит бус чуулганы ажлын  10 хоногийн хугацаанд  20 гаруй хуулийн төсөл  хэлэлцэхээр төлөвлөсөн нь халтуурдсан хэрэг болж, улс орны хийгээд ард иргэдийн амьдралд сөргөөр нөлөөлнө гэж үзэж буй аж. 

Мэдээллийн үеэр сэтгүүлчдийн асуултад дараах хариултыг өглөө. 


-Танай намын бүлэг УИХ-ын даргыг огцруулах асуудлыг тавина гэж байсан. Энэ нь төр тогтворгүй байхад нөлөөлөх юм биш үү?

-УИХ-ын дарга ёсзүйн биш хууль зөрчсөн олон удаагийн үйлдэл гаргасан. Тийм ч учраас УИХ-ын даргын асуудал яригдаж байна. ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар чөлөөлөх гэж байгаатай МАН-ын бүлэг эвлэрэхгүй. Ээлжит бус чуулганаар ч ҮХЦ-ийн гишүүнийг хууль бусаар огцруулах асуудал орсон. Асуудлыг олонхиороо хүч түрж шийдэж болохгүй. Хүч түрж, хууль зөрчдөг байдал газар авсан. Тийм болохоор хуулийн хүрээнд асуудлыг тавина.

-Шадар сайдаар Н.Энхбаярыг томилохтой холбогдуулан танай бүлгийн гишүүдийг эсэргүүцэж байгаа гэсэн яриа байна. Энэ талаар?

- Засгийн газрын томилгооны асуудалд МАН-ын бүлэг хөндлөнгөөс оролцох боломжгүй. Эрх баригч АН, “Шударга ёс” эвслийн бүлгийн шийдвэрлэх асуудал. Бид Засгийн газрын гишүүнээр  нэрийг нь дэвшүүлсэн эрхмүүдийг дэмжээд явна. Харин ажлаа сайн хийх хэрэгтэй. Хийж чадахгүй бол хариуцлага тооцно. ЭМС-ын сайдыг томилоогүй байна. Хэрвээ Шадар сайдад МАХН-ын дарга Н.Энхбаярын нэрийг дэвшүүлбэл дэмжээд явна.