Нийслэлийн МАН-аас “Малчиддаа тусалъя” хандивын аян эхлүүллээ
Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй хэвлэлийнхэнд хандан мэдээлэл хийлээ. Юун түрүүнд тэрээр орон нутагт өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан “Малчиддаа тусалъя” нэртэй хандивын аяныг Нийслэлийн МАН-ын хорооноос санаачлан энэ сарын 29-нөөс эхлүүлж байгааг онцолсон юм.
“Малчиддаа тусалъя” хандивын аянд аймгуудын Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөл болон нийслэлийн нийт иргэдийг идэвхтэй оролцож, хамтран ажиллахыг Нийслэлийн МАН-ын хорооноос уриалав. Мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй Онцгой байдлын комиссын гаргасан мэдээллийг дурдсан бөгөөд тус мэдээлэлд Монгол Улсын хэмжээнд 18 аймгийн нийт 50 гаруй сум зудын байдалтай, 100 гаруй сум цагаан зудархуу өвөлжиж байгаа гэдгийг онцолжээ.
Түүнчлэн бүх нутгаар 10-40 см цасан бүрхүүл үүссэнээс гадна цаашид энэ байдал улам хүндрэх төлөвтэй байгаа юм байна. Энэ тухай тэрээр “Засгийн газраас өвөлжилт хүнд байгаатай холбогдуулан зарим орон нутагт найман ширхэг “УАЗ-469” машин, 6565 тонн өвсийг тусламж хэлбэрээр авах хөрөнгө мөнгөний асуудлыг шийдвэрлэх шийдвэр гаргасан. Гэвч өнгөрсөн пүрэв гаригт болсон Онцгой байдлын комиссын хуралдаан дээр албаныхан зарим хөрөнгө мөнгийг шийдэхгүй байгаагаас төлөвлөгөөнд тусгагдсан ажлууд нь хийгдэхгүй байгаа талаар мэдээлсэн. Тиймээс дутагдаад байгаа тэр мөнгийг иргэд, тэр дундаа нийслэлчүүд сайхан сэтгэлийн үүднээс бүрдүүлж, оролцохыг уриалж байна. Түүнээс гадна цаг алдалгүй малчиддаа тусалбал малын хорогдлоос сэргийлж, тоо толгойг хадгалж үлдэх боломжтой” гэлээ. Түүнээс гадна энэ үеэр ОХУ-ын “Нэгдсэн Орос” намын урилгаар МАН-ын удирдлагууд Москва хотноо айлчилж, Холбооны зөвлөлийн дарга В.И.Матвиенкотой уулзаж, хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх асуудлаар санал солилцсон талаар мэдээллээ.
Гурав хоногийн хугацаанд үргэлжилсэн энэхүү айлчлалын үеэр мөн Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй “Нэгдсэн Орос” намын бүсийн нарийн бичгийн дарга бөгөөд Москва хотын намын хорооны дарга О.А.Смолкинтай уулзаж, хоёр намын байгууллагын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах талаар хамтын ажиллагааны протокол үйлдсэн аж. Тус протоколд Улаанбаатар хотын МАН болон Москва хотын “Нэгдсэн Орос” намын хамтын ажиллагааг тусгайлан үндсэн хэсэг болгон оруулж өгсөн байна. Ийнхүү мэдээлэл хийсний дараа сүүлийн үед гараад буй албан бус мэдээллийн талаар түүнээс тодруулга авсан юм.
-Таны зурагтай хотын газартай холбоотой мэдээлэл цахим ертөнцөд тараад байна. Та бас харсан байх. Энэ тал дээр тайлбар хийхгүй юү?
-Сонгууль ойртож байгаатай холбоотойгоор иймэрхүү асуудлууд явдаг. Энэ бол анх удаа ч болж байгаа зүйл биш. Судалгаагаар манай намын хувьд хамгийн өндөр рейтингтэй гарсан. Үүнтэй холбоотойгоор МАН-ын удирдлагуудад чиглэсэн сөрөг сурталчилгаа явуулж байгаа. Цахим ерөнтөнцөд явуулсан тус мэдээллийн хувьд нэг их ач холбогдол өгөхгүй байгаа ч хүнийг ингэж гүтгэж болохгүй шүү дээ. Сонгуулийн хуульд ч энэ тухай заасан байгаа. Тиймээс хуулийн байгууллагад хандаж, нэр төрөө сэргээлгэнэ.
-Таны гар утасны дугаарыг хүртэл биччихсэн байсан. Иргэдээс мэссэж ирүүлж байна уу?
-Зохион байгуулалттай мэдээлэл байсан учраас ганц, нэг утаснаас мэссэж ирүүлж байгаа. Тэр бүгдэд нь манай намын улс төрийн ажилтнууд хариу өгч, залруулга хийж байгаа.