МАН-ын дарга М.Энхболд
2016.01.29

Өрийн асуудлыг шийдсэнээр Монгол, Оросын хамтын ажиллагаа идэвхжиж, бизнесийн орчин сайжирна

ОХУ-д төлөх их өрийн үлдэгдлийг МАН-ын дарга тэргүүтэй төлөөлөгчид хойд хөршид айлчлах үеэрээ нааштай шийдээд иржээ. Тодруулбал, МАН-ын дарга М.Энхболд Нэгдсэн Орос намын урилгаар энэ сарын 26-28-нд ОХУ-д айлчлаад ирсэн билээ.

Айлчлалын хүрээнд ОХУ-ын Холбооны зөвлөл “Монголросцветмет” компанийн ОХУ-аас авсан 174.2 сая ам.долларын өрийг тэглэх үү, Монголын өрийг эргүүлэн төлүүлэх үү гэдэг чухал асуудлыг энэ сарын 27-ны өдрийн хуралдаанаараа хэлэлцжээ. Айлчлалын үеэр МАН- ын дарга М. Энхболд ОХУ-ын Холбооны зөвлөлийн дэд дарга И.М.Умаханов, Төрийн думын орлогч дарга С.В.Железняк нартай хэлэлцээ хийж, Холбооны зөвлөлийн дарга, хатагтай В.И.Матвиенко, Холбооны зөвлөлийн Гадаад харилцааны байнгын хорооны дарга А.А. Климов, Холбооны зөвлөлийн Монгол, Оросын Найрамдлын бүлгийн гишүүд, Гадаад харилцаа, Аюулгүй байдал, Батлан хамгаалах, Төрийн байгуулалтын байнгын хорооны гишүүд болон Гадаад хэргийн дэд сайд И. В. Моргулав нартай уулзаж, хоёр орны Засгийн болон хууль тогтоох байгууллагуудын хамтын ажиллагааны асуудлаар өргөн хүрээнд санал солилцжээ.

Энэхүү эгзэгтэй асуудлыг шийдвэрлэх Холбооны зөвлөлийн хаврын чуулганы нээлтийн хуралдаанд МАН-ын дарга М.Энхболд тэргүүтэй төлөөлөгчдийг урьж, оролцуулсан байна. Зөвлөлийн гишүүдийн санал хураалт болоход хуралдаанд оролцсон гишүүдийн олонх нь буюу 98 хувь нь Монголоос авах 174.2 сая ам.долларын өрийг тэглэхийг дэмжиж, танхимд суусан Монголын төлөөлөгчдөд халуун баяр хүргэжээ. Энэ талаар МАН-ын дарга М.Энхболд, Нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын Улс төр, намын байгуулалтын газрын дарга Д.Даваасүрэн нар өчигдөр хэвлэлийнхэнд мэдээллээ.

Энэ үеэр М.Энхболд дарга хэлэхдээ, “Манай улсын өрийн асуудлыг Холбооны зөвлөлийн хурлаар дарааллын дээгүүрт оруулах бидний хүсэлтийг хүлээж авсан. Ингэснээр өнгөрсөн лхагва гариг буюу нэгдүгээр сарын 27- ны өдөр монголчууд бидний хувьд түүхэн онцлогтой өдөр тохиолоо. Энэ хуралдаанд МАН- ын төлөөлөгчдийг оролцуулж, санал хураахад нь хамт байлгасан. Хуралдаанд оролцсон 166 гишүүнээс 158 нь дэмжсэн буюу 98 хувьтайгаар 174.2 сая ам.долларын 97.8 хувийг тэглэх шийдвэр гаргалаа. Мэдээж энэ шийдвэрийг Төрийн Дум амаргүй байдлаар гаргасан. Тухайлбал, ОХУ төдийгүй дэлхий нийтэд нэр нь танигдсан сөрөг хүчний зарим удирдлагын зүгээс “Монголын өрийг тэглэх нь буруу. Энэ улс 30 сая толгой малтай” гэдэг асуудлыг ярьсан. Гэхдээ эцсийн шийдвэр нааштай гарлаа. Харин ингэж эерэгээр шийдвэрлэхэд бидний зүгээс хоёр талын түлхэц өгч чадсан гэж үзэж байгаа.

Нэгдүгээрт, ОХУ-ын 2016 оны хаврын чуулганы нээлтийн хэлэлцэх асуудлын дарааллын эхэнд оруулах хүсэлт тавьж чадсан. Хоёрдугаарт, биднийг танхимд сууж байхад хурал даргалагч хатагтай В.И.Матвиенко Монголын төлөөлөгчдийг танилцуулсан бөгөөд Холбооны зөвлөлийн гишүүд бидэнд баяр хүргэсэн. Ингээд санал хураалт явуулахад 98 хувийн саналаар асуудлыг нааштай шийдсэн нь танхимд бид байсантай холбоотой байх. Ийм өндөр хувиар асуудлыг шийдсэнд Холбооны зөвлөлийн гишүүдэд бидний зүгээс талархлаа илэрхийлээд хурлын дарга болон гишүүдэд миний гарын үсэгтэй талархлыг хүргүүлсэн” гэлээ. Тэрбээр цааш нь “2010 онд одоогийн Ерөн- хийлөгч В.Путин Ерөнхий сайд байхдаа Монгол Улсын Ерөнхий сайд асан Сү.Батболдтой “Монгол- росцветмет”-ийн төлбөр буюу их өрийг шийдсэн уламжлалт зарчмын дагуу шийдвэрлэхээр харилцан тохирсон.

Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуй

Үүний дагуу Төрийн Думаар хэлэлцэж, Холбооны зөвлөлөөр өрийг чөлөөлөх шийдвэр гаргалаа. Манай хоёр орны өрийн асуудлыг шийдсэнээр бизнесийн орчин нөхцөл сайжирна гэж харж байгаа хэмээн тодотгосон. Ингэснээр ОХУ-д төлөх их өрийн 97.8 хувийг чөлөөлж, үлдсэн 2.2 хувь буюу 3.8 сая ам.долларыг Монголын тал 30 хоногийн дотор хойд хөршид эргүүлэн төлөх үүрэг хүлээж байгаа юм. Хэрэв 2.2 хувийн өрийг манайхаас товлосон хугацаандаа төлж барагдуулбал их өрийг бүрмөсөн тэглэж байна гэсэн үг. Ийнхүү Монголын талын өрийн 97.8 хувийг тэглэснээр хоёр орны эдийн засгийн харилцаанд эерэг нөлөө үзүүлнэ гэж ажиглагчид үзэж байгаа юм. Түүнчлэн ОХУ- ын Холбооны зөвлөлийн дарга хатагтай В.И.Матвиенко Монгол, Оросын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэхэд МАН- ын дарга М.Энхболдын оруулсан хувь нэмрийг үнэлж, Холбооны зөвлөлийн хүндэт медалиар шагнажээ. Талууд хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлд өргөн хүрээтэй санал солилцсон байна. Энэхүү мэдээллийг өгсний дараа МАН- ын дарга М.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хэрхэн хариулсныг хүргэе.

-Өрийг тэглэхдээ ямар нэгэн болзол тавьсан уу?

-2010 онд хоёр улсын Ерөнхий сайдын хэлэлцээрийн хүрээнд тохирсны дагуу тавьсан болзол нь их өрийг тэглэсэн зарчимтай адил гэж үзээд 2.5 хувьд ногдох 3.8 сая ам.долларыг 30 хоногт манай тал ОХУ-д төлж, барагдуулахаар болсон. Үлдэж буй 97.8 хувийг нь шууд тэглэсэн. Үүнээс өөр болзол тавьсан зүйл байхгүй.

-Гадаад хэргийн яамнаас ОХУ-ын их өр биш гэж мэдээлсэн. Яг их өрийн үлдэгдэл мөн эсэхийг та тайлбарлаж өгнө үү?

-2002 оноос их өрийг тэглэх тухай асуудалд хоёр орны Засгийн газраас ажлын хэсэг гарч ажилласан. Саяын шийдсэн үлдэгдэл нь их өрийн бүрэлдэхүүн хэсэг мөн гэдгийг хоёр талын ажлын хэсэг ярьж байгаа. Тухайн үед Элчин сайдаар ажиллаж байсан С.Баяр, их өрийг тэглэх улс төрийн шийдвэрийг гаргаж байсан Сү.Батболд, эдийн засгийн тооцоог нь хийж байсан Үйлдвэр, худалдааны сайд байсан Ганзориг нар ажлын хэсгийнхээ хүрээнд ярьж байсан юм билээ. Их өрийг шийдвэрлэх төгсгөлийн шатанд очиход “Эрдэнэт”, “Монголросцвемет” нэгдлийн хамтарсан үйлдвэрийн авлага, өглөгийн тооцоог эцэслэн хийгээд их өрийн хүрээнд шийдвэрлэх ёстой гэдэг байр суурьтай байтал “Монголросцветмет”-ийн зүгээс эцсийн шийдвэр гаргаж, гарын үсэг зурах үед бэлэн болоогүй учраас их өрөөс сугарч үлдсэн.

Харин “Эрдэнэт”-ийнхийг 2003 онд шийдсэн их өрийн хүрээнд төлөөд явсан юм билээ. Тийм ч учраас 2010 онд өмнөх их өрийг шийдсэн зарчмаар үлдэгдлийг нь шийднэ шүү гэж хоёр Ерөнхий сайд тохирч байсан юм билээ. Ингээд бодохоор яах аргагүй их өрийн бүрэлдэхүүн мөн. Монголчууд хэзээ нэгэн цагт зайлшгүй төлөх ёстой л байсан өр.

-Манайд 3.8 сая ам.долларыг 30 хоногийн дотор төлөх боломж хэр байгаа бол?

-Боломж байсан байгаагүй энэ өрийг төлөхөөс өөр аргагүй. Хэрвээ 30 хоногийн дотор 3.8 сая ам.долларыг төлөхгүй бол сая гаргасан шийдвэр бүгд хүчингүй болоод дахиад шинээр явж таарна. Ингэвэл маш хүнд байдалд орно шүү дээ. 174.2 сая ам.долларын өртэйгөө л үлдэнэ гэсэн үг. Тиймээс ямар ч хүнд байсан эрх баригчид, Засгийн газар энэ тооцоог эцэслэх л ёстой.