Чуулганд оролцож, ирц бүрдүүлбэл үндсэн хууль зөрчсөн болно
УИХ-ын гишүүн Я.Содбаатар
2016.02.19

Чуулганд оролцож, ирц бүрдүүлбэл үндсэн хууль зөрчсөн болно

УИХ-ын намрын чуулган өндөрлөсөн учраас УИХ-ын дарга энэ сарын 15-наас ээлжит бусаар хуралдах захирамж гаргасан ч ирц хүрэхгүй гэх шаптгаанаар хоёр дахиа хойшиллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн хувьд “Эрх баригчид зөвхөн эрхээ эдэлдэг байх ёсгүй, тэдэнд ирцээ бүрдүүлэх үүрэг ч бас бий. Засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэх болохоор 100 хувь цуглачихаад улс оронд хэрэгтэй зүйл ярих гэхээр хуралдаа ирдэггүй, хэнэггүй байж болохгүй" хэмээж буй. Харин ээлжит бус чуулганд оролцохгүй байгаа гишүүдийн хувьд өөр өөр тайлбарыг хийж байгаа бөгөөд ээлжит бус чуулганаар хэтэрхий олон асуудал хэлэлцэж, халтуурдах гэж байгааг эсэргүүцэж байгаагаа хэлж байна.

Энэ удаагийн ээлжит бус чуулганаар 24 асуудлыг хэлэлцэхээр батлаад байгаа юм. Мөн ээлжит бус чуулган түүгээр хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын даргын эөвлөлөөр хэлэлцэх учиртай байтал АН дур мэдэн хурал зарласан зэргийг цөөнгүй гишүүн эсэргүүцэж байна. Тэдний нэг УИХ-ын гишүүн Я.Содбаатар ээлжит бус хуралдааныг ямар шалтгаанаар эсэргүүцэж байгаа талаар тодрууллаа.

-Ээлжит бус чуулган зарласан ч хоёронтаа хойшлоод байна. Та үүний шалтгааныг хэрхэн тайлбарлах вэ?

-Ээлжит бус чуулган хуралдаж чадахгүй нэлээд хэд хонож байна. Учир нь ээлжит бус чуулганыг хуралдуулахад өнөөгийн Дэгийн тухай болон бусад хуулиар УИХ дахь намын бүлгүүдтэй зөвшилцөж байж чуулганаар хэлэлцэх асуудлаа тохироод ордог. Гэтэл харамсалтай нь УИХ-ын дарга захирамж гаргахдаа аль нэг нам, эвслийн бүлэгтэй зөвшилцөөгүй учраас АН-аас бусад намын бүлэг хуралдаанд оролцохгүй байгаа юм. Хоёрдугаарт, энэ удаагийн ээлжит бус чуулганаар 24 асуудлыг хэлэлцэхээр жагсаалт гаргасан. Гэтэл эдгээр асуудлыг заавал ээлжит бус чуулганаар хэлэлцэх ёстой юу, үгүй юү гэдгийг бид тавьж байгаа.

-Цэцийн асуудлыг ч гэсэн ээлжит бус чуулганаар хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байгаа хэрэг үү?

-Цэцийн гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой болон Цэцийн тухай хууль болон Үндсэн хуулийн Цэцэд маргаан шийдвэрлэх тухай хуультай холбоотой хуулиуд Үндсэн хууль зөрчсөн гэдэг талаар Цэц дүгнэлтээ гаргачихаад байна. Тийм учраас Үндсэн хууль зөрчсөн асуудалд оролцох нь УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдсан асуудал болчихож байгаа юм. Тэгэхээр энэ асуудлаа ээлжит бус чуулган руу хүч түрэмгийлэн оруулахаа болиоч ээ гэдэг шаардлагыг тавьж байгаа. Бид ямар ч байсан энэ өдрүүдэд чуулганы үйл ажиплагааг анхааралтай ажиглаж байна.

-Тэгэхээр АН-ынхан ээлжит бус чуулган руу орж байгаа нь Үндсэн хуулиа зөрчиж байна гэсэн үгүү?

-Хэрвээ Үндсэн хууль зөрчсөнийг нь Цэцээс болон бусад байгууллагаас тогтоож байхад чуулганаараа асуудлыг хэлалцвэл энэ нь Үндсэн хуулиа зөрчсөн асуудал болно.

-Тэгвэл ээлжит бус чуулганы эхэнд хэлэлцэх гээд байгаа Цэцийн асуудлыг татчихвал танай бүлэг хуралдаанд оролцох юм уу?

-Ер нь ээлжит бус чуулганыг хуралдуулахад зайлшгүй шаардлага байх ёстой юм. Өөрөөр хэлбэл, улсын төсөвт тодотгол хийх гэх мэт хуулиар заасан хугацаатай асуудлыг хэлэлцэх зэрэг онц чухал үед ээлжит бус чуулган зарладаг. Гэтэл энэ удаад ээлжит чуулганаар хэлалцэх асуудлууд буюу намрын чуулганаар хэлэлцэнэ гэж оруулж ирсэн асуудлуудаа ээлжит бус руу шилжүүлчихсэн шүү дээ. Харин намрын чуулган үндсэндээ дөрвөн сар гаруй хугацаанц хуралдсан. Энэ дунд намуудын дотор нэлээд маргаантай, зарчмын зөрүүтэй олон асуудлыг оруулж ирж байна л даа. Ингэхдээ бас болоогүй эдгээр асуудлаа аравхан хоногт баггааж халэлцэнэ гээд байгаа юм. Нэг ёсондоо УИХ-аар болон байнгын хороодоор хэлалцэж чадаагүй асуудлуудаа аравхан хоногт шууруулж, юманд хөөгдсөн мэт хэлалцэх нь хуулиудыг цоорхой, шүүрхий гаргах үндэс болно гэж бид үзэж байна. Тиймээс зайлшгүй хуулийн хугацаа заачихсан асуудал байгаа бол ээлжит бус чуулган зарлавал бид хэлэлцээд явах бүрэн боломжтой. Энэ чуулганыг Үндсэн хуульд ний-цүүлж, УИХ-ын чуулганы тухай хуулиа барьж ажиллаач гэдэг ганцхан л шаардлагыг тавьж байна даа.

-Гэхдээ хэдий сөрөг хүчин ч гэлээ танай намынхан ирцээ бүрдүүлэх үүрэгтэй биз дээ?

-Ирцээ бүрдүүлэх нь олон-хийн үүрэг. Бид 25-уулаа байж л байгаа шүү дээ.

-Таны хувьд бүлгийнхээ шийдвэрийг дагаж байгаа хэрэг үү эсвэл өөр шалтгаан байна уу?

-Бүлгийн шийдвэрийг хүлээгээгүй. Бид чуулганы хуралд оролцвол хуралдаанаар хэлэлцэх эхний асуудал нь Үндсэн хууль зөрчсөн болчих гээд байгаа талаар дээр хэлсэн шүү дээ. Тэгэхээр Үндсэн хууль зөрчсөн асуудал дээр УИХ-ын гишүүн орохгүй байх хуультай юм.