Нуух авсан юм шиг эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал сайжрахгүй
УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
2016.03.01

Нуух авсан юм шиг эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал сайжрахгүй

УИХ-ын гишүүн Д.Ганхуягтай эдийн засгийн хүрээнд анхаарал татаж буй сэдвүүдийг онцлон ярилцлаа. 

-Энэ удаа таньтай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдал, УИХ-аас гаргасан эдийн засгийн чухал шийдвэрүүдийн талаар ярилцмаар байна. Хамгийн эхэнд асуух асуулт бол Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль. Энэ хуулийг баталснаар 34.7 их наяд төгрөгийн хөрөнгө ил боллоо. Энэ юуг хэлээд байна вэ. Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд дандаа хууль бусаар ажиллаж иржээ гэж ойлгох уу, эсвэл төрийн баталсан хууль тогтоомж дандаа буруу байжээ гэж ойлгох уу? 

-Манай улсын эдийн засгийн 80 орчим хувийг хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд авч яваа. Энд олон хүчин зүйл нөлөөлж байгаа гэж үзэж байна. 16 орчим жилийн өмнөөс судалгаагаар Монгол Улсын далд эдийн засаг 40 орчим хувьтай гэсэн мэдээлэл байдаг. Өнгөрсөн хугацаанд татварын өршөөлийг хоёр ч удаа үзүүлж байсан боловч, хөрөнгийн өршөөл буюу ил тод болгох арга хэмжээ авч байгаагүй. Тиймээс энэ удаад татвар болон хөрөнгийн өршөөлийг хамтад нь хийсэн учраас сайн үр дүн гарч байна гэж ойлгож байна. 

Эрдэс баялгийн үнийн супер циклийн үе дуусч эдийн засгийн өсөлт огцом саарсантай холбоотойгоор аж ахуйн нэгж /ААН/-үүдийн орлого, ашиг огцом буурсан нь нөлөөлсөн байх талтай. Нөгөө талаас цемент, төмөр хийц гээд барилгын гол нэрийн материалыг эх орондоо үйлдвэрлэж өөрийн хэрэгцээг хангаад, экспортлох болсон, дээр нь энэ салбарын болон хүнс, хөнгөн үйлдвэрийн 1100 орчим төслийг Засгийн газрын бондын хөрөнгөнөөс  анх удаа хөнгөлөлттэй зээл өгч санхүүжүүлсэн ба одоо л эдгээр төслүүдийн ихэнх үйлдвэрлэлээ эхэлж байна. Сүүлийн 10 жилд гадаад худалдаа алдагдалтай явж ирсэн харин 2015, 2016 онд гадаад худалдаа ашигтай гарч импортоос экспортын хэмжээ 500-900 орчим сая.ам.доллараар давсан байна. Өөрөөр хэлбэл, энэ жилүүдэд Монгол Улс ашигтай худалдаа хийжээ. Иргэд, айл өрх орлогын зарцуулалтдаа ихэд хямгач, нямбай хандаж импортын бараа гэхээсээ илүүтэйгээр үндэсний үйлдвэрээ дэмжих, улмаар хуримтлал буюу орон сууцны ипотекийн зээлд ихээр хамрагдаж байгаа нь манай эдийн засагт нөлөө бүхий худалдаа, үйлчилгээний салбарын орлого, ашгийг эрс бууруулах нэгэн хүчин зүйл болсон болов уу. Нөгөө талаас уул уурхайн салбараас бусад салбарын экспорт нийт экспортын 10 хүрэхгүй хувийг эзэлж байгаа нь гурван сая гаруйхан хүнтэй энэ жижигхэн зах зээлд жилээс жилд өрсөлдөөн ихэсч дотоодын зах зээлд үйл ажиллагаа явуулдаг ААН орлого, ашиг буурсаар байна. 

Иймээс бүх монголчууд дэлхийн зах зээл дээр өрсөлдөх бараа, үйлчилгээ үйлдвэрлэн экспортлох том давааг давахын тулд уйгагүй ажиллах шаардлагатай үе дээр ирсэн гэж хэлэх байна. Уул уурхайн түүхий эдийн экспортоо тогтвортой нэмэгдүүлэхийн сацуу, түүхий эдийн боловсруулалтын төвшинг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлага бий болоод байгаа. Дээр нь манайд арилжааны банкнуудаас ААН-дэд олгодог бизнесийн зээлийн дундаж 20-24 хувьтай байгаа нь дотоодын ААН татвар төлөх нь байтугай үйл ажиллагаа явуулах боломжгүй том дарамтыг бий болгож ирсэн. Манайх шиг хөгжлийн төвшинтэй орнуудад ААН-үүдийн жилийн татвар төлөхийн өмнөх дундаж ашиг 3-10 хувьтай байдаг. Ийм өндөр зээлийн хүүтэй байхад далд эдийн засаг үүсэх нь тодорхой байх. Гэхдээ эдийн засгийн ил тод байдал, өршөөлийн хуулиар ил болсон 34.7 их наяд төгрөг буюу  Монгол Улсын жилийн ДНБ -ээс 70 гаруй хувиар давсан энэ хөрөнгийн бүтцэд шинжилгээ хийж хойшид ийм байдлыг бий болгохгүйн тулд холбогдох эрх зүйн орчныг боловсронгуй болгох хэрэгтэй. Энэ нийгэмд хувийн хэвшлийн ААН эхлээд өөрсдийн амьдралыг авч явах, ажлын байрыг бий болгох, татвар төлөх гурван үндсэн үүрэгтэй байдаг.

-Ил тодын хуулийг хэрэгжүүлснээр магадгүй олон аж ахуйн нэгжид боломж олгосон ч цаашдаа энэ хэвээр аж ахуйн нэгжүүд хөрөнгөө нуучихаад хууль батлагдахыг хүлээх юм биш биз гэсэн болгоомжлол байдаг. Цаашид ил тодоор хөрөнгөө мэдүүлдэг, төрийн болон хувийн хэвшил ойлголцолд хүрч ажиллахын тулд бид эрхзүйн орчноо хэрхэн шинэчлэх ёстой юм бол? 

-Татварын шударга, ил тод, шатлалгүй ойлгомжтой тогтолцоог бий болгох шаардлагатай. Ийм эрх зүйн орчныг бүрдүүлэхийн тулд сая ээлжит бус чуулган зарлаж, Татварын ерөнхий хууль, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэх эсэхийг шийдлээ. Нэмүү өртгийн албан татварын хуулиа өмнөх чуулганаар баталчихсан. Одоо чуулган завсарласан үед дараагийн хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг эдгээр хуулийн төсөл дээр ажиллаж, хавар дөрөвдүгээр сард эхлэх чуулганаар эхний ээлжинд батлуулах хэрэгтэй юм.

-Энэ хуулийг хэрэг­жүүлс­нээр ил болсон энэ их хөрөнгө одоо эдийн засагт ямар үр дүн авчрах бол. Нуугдсан хөрөнгийг ил болгосноор эдийн засагт авчрах үр дүн өндөр байна гэж Их хурал анх хууль батлахдаа сурталчилсан шүү дээ? 

-Ямар ч байсан АН төвтэй засгийн үед татварын болон хөрөнгийн ил тод байдлын хуулийг баталж, түүхэнд байгаагүй их хэмжээний хөрөнгийг ил тод болгож чадлаа. ААН-үүд айдасгүй үйл ажиллагаа явуулах боломжтой боллоо. Энэ хэмжээгээр эдийн засаг тэлнэ, мөн татварын бааз, суурь нэмэгдэнэ. Үндэсний ААН-үүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэнэ, хөрөнгө оруулалт нэмэгдэнэ.Тодорхой хугацааны дараа иргэдийн амьжиргаа ч дээшилнэ гээд олон эерэг зүйл бий болно.

-Ам.долларын төгрөгтэй харьцах ханш чангарч байна. Улсын төсвийг батлахдаа та бүхэн 2030 байна гэж төсөөлсөн ч одоогийн байдлаар даваад явчихлаа. Шалтгааныг юу гэж харж байна? 

-Бид үндэсний валютын ханш, эдийн засгийн өсөлтийг захиргаадалтын зарчмаар эсхүл хүчээр барьж болдоггүй нийгмийг байгуулаад 26 жил болж байна. Харин коммунист тогтолцооны үед бол захиргааддаг байсан байх. Өмнөх жилүүдийн эдийн засгийн өсөлт эрдэс баялгийн, тухайлбал нүүрсний, төмрийн хүдрийн, зэсийн баяжмалын зах зээлийн үнэ өнөөгийнхөөс дахинаас гурав дахин илүү үнэтэй байсан учир бий болсон. Дээр нь Оюутолгойн хөрөнгө оруулалт орж ирсэн. Ямар ч хөрөнгө оруулагч ашигтай салбар буюу зах зээл дээр үйлдвэрлэгдэж байгаа бараа, үйлчилгээний зах зээлийн үнэ сайн буюу тогтвортой байгаа салбарт хөрөнгөө хийдэг. Улс болгонд уул уурхайн салбарт Оюутолгой шиг төсөл жил бүр  бий болж байгаа эсэхийг бодмоор байгаа юм. Харин инфляфцийг бол мөнгөний бодлогоор тодорхой төвшинд зохицуулж болдог.

Эдийн засаг өсөлттэй үед нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг дэмжих хуримтлал бий болголгүй, бэлэн мөнгө тараагаад эдийн засгийн өсөлтөөсөө дутахааргүй инфляц бий болгохыг эдийн засгийн оновчгүй, хүртээмж муутай бодлого гэдэг. Өнөөдөртөө манай эдийн засаг улиралын чанартай хэвээр байна. Төсөв болон экспортын орлого 7, 8 сараас л гольдролдоо ордог. Цагаан сараар гаднаас асар хэмжээний худалдааны авалт хийж гадаад валют гадагшилдаг. Дээр нь сар шинээр манайхан дулаан орнуудад их аялдаг болжээ. Гадаад валютын ханш нэмэгдсэн нь үүнтэй холбоотой байх гэж бодож байна.

-Ам.долларын ханш чангарахаар Төв банкны зүгээс хөрөнгө оруулалт алга л гэсэн хариулт өгдөг. Та уул уурхайн сайд байсан хүн. Өнөөх Оюутолгой, Гацууртыг хөдөлгөөнд оруулчихвал хөрөнгө оруулалт сэргээд явчихна гэсэн одоогоор тийм зүйл алга. Хөрөнгө оруулалтыг сэргээхийн тулд салбар яам, Засгийн газар хэрхэн ажиллах ёстой юм бол? 

-Одоо л дөнгөж хаврын улирал эхэлж байна. Бүтээн байгуулалтын ажил эхлэхэд сар хагасын хугацаа үлдээд байна. Нуух авсан юм шиг эдийн засаг, хөрөнгө оруулалтын асуудал сайжрахгүй л дээ. Оюутолгойн далд уурхайн ажил эхлэх бэлтгэл хангагдсан гэж ойлгосон. Ямар ч салбарын хөрөнгө оруулалт зах зээлийн үнэ буюу ашиг орлогоос хамаардаг. Алтны зах зээл харин сайжирч байна. Гачууртыг явуулах эсэх дээр УИХ хоёр жил толхилцлоо. Энэ төсөл одоо удахгүй хөдөлнө гэж ойлгож байна.

-Уул уурхайн хөрөнгө оруулалт энэ хэвээр байвал бид мэдээж өөр салбараас хөрөнгө оруулалт татах шаардлага үүснэ. Тэр салбар нь тухайлбал юу байна. Сонгуулийн мөчлөгтэй жилд эдийн засаг сэргэх боломж харагдаж байна уу?

-Цаг цагаараа байдаггүй гэдгээр уул уурхайн салбарт ч эерэг хандлага гарахыг үгүйсгэхгүй. Аль ч оронд хөрөн­гө оруулагчид намуудын сонгуулийн хөтөлбөр болон хөрөнгө оруулалтын эрх зүйн орчны тогтвортой байдал буюу амлалтад ихэд анхаарлаа хандуулдаг. Цахилгаан эрчим хүчээр өөрийгөө бүрэн хангах, улмаар экспортлох асуудлыг яаравчилмаар байна. Монгол Улс Азидаа эрчим хүчний түүхий эдийн нөөцөөр тэргүүн эгнээнд ордог. Эрчим хүчний түүхий эдийн үнэ байнга хэлбэлзэлдэг бол, цахилгааны үнэ байнга тогтвортой байдаг. Цахилгаан эрчим хүч экспортолж эхэлсэнээр экспортын тогтвортой орлогын үүсвэр шинээр бий болно. Энэ асуудал дээр цаг, наргүй ажилламаар байна. Хөшгийн хөндийн онгоцны буудал дээр кино болон бусад үзүүлбэр бүхий худалдаа ,үйлчилгээний эдийн засгийн тусгай бүсийг яаралтай байгуулж эхэлмээр байна. Энэ тусгай бүсийн менежментийг 100 хувь хувийн хэвшлээр явуулах нь зохистой. 
Мах, махан бүтээгдэхүүний экспортыг улирлаас хамаарахгүй болгож дэмжмээр байна. Ноос ноолуур, арьс ширний салбарыг ч мөн адилхан. Манайд ирж байгаа жуулчдын тоонд дүгнэлт хийж, нэмэгдүүлэх арга хэмжээ авмаар байгаа юм. Салбараар нь хэлбэл, эрчим хүч, алт, хүнс болон хөнгөн үйлдвэрийн, үйлчилгээний, МАА гээд олон салбар байна. Ер Монголын бизнес эрхлэгчид нь манай зах зээл жижигхэн, үл хөдлөх хөрөнгийн салбар ч өмнөх шигээ огцом тэлэхгүй тул одооноос экспортын бараа, үйлчилгээ үйлдвэрлэх чадвар, тэвчээр сорьсон салбар луу орох ажлыг эхлүүлэх нь зөв байх. Төр, засаг ч ард иргэдээ “экспортлогч” болохыг уриалмаар байна. Тиймээс төр санаачлагч нь болж үйл ажиллагаа нь цэвэр төр, хувийн хэвшлийн түншлэлд суурилсан гадаад худалдааны байгуулагыг  “METRO -Mongolian External Trade Organization” байгуулах саналыг тавиад байгаа юм. Мөн ЖДҮ эрхлэгчид ч гадаад зах зээлд бүтээгдэхүүн, үйлчилгээ борлуулахыг зорьдог болсон байна. 

-Монгол Улс ирэх жилээс эхлэн бондын өрөө төлж эхэлнэ. Энэ мөнгийг хаанаас хэрхэн босгох талаар гишүүд хэрхэн санаа тавьж байна. Засгийн газарт хяналт тавихгүй бол та нарын улстөржилт сонгуулиас болоод мөнгө босгож чадсангүй гээд сууж байх вий? 

-Асар олон боломж бий. Дахиж бондын санхүүжилт босгоод төлөх боломж  ч бий. Уул уурхай, газрын тосны салбарын төрийн өмчийн компаниудыг хөрөнгийн зах зээл дээр ажиллах  боломжтой болгомоор байна. 

-УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллахдаа бондын санхүүжилтээр боссон үйлдвэр, тэр мөнгө хаашаа юунд зарцуулагдсаныг тайлагнаж байгаа гэсэн. Тухайлбал, танай тойрогт бондоор боссон ямар томоохон бүтээн байгуулалтууд байна вэ?

-Уг нь бол бондын санхүүжилтээр ямар бүтээн байгуулалт хийсэн, юунд зарцуулсан нь ил тод байгаа. Манай тойрогт Амгалан дулааны цахилгаан станц, Богд уулын арын зам, гуравдугаарр төрөх, замын уулзварууд гээд олон хөрөнгө оруулалт хийгдсэн. Ер нь мөрийн хөтөлбөрт туссан дэд, бүтэц, нийгмийн салбарт хийгдсэн хөрөнгө оруулалт бараг биелсэндээ.

-Засгийн газар тун удахгүй “Мазаалай” бондыг гаргах гэж байна. Өмнөх бондын үр дүнг гаргаагүй байхад дахиад гаргах нь хэр зөв юм бэ? 

-Энэ “Мазаалай” бонд өмнөх бондуудаасаа зориулалт нь өөр гэж бий ойлгосон. УИХ Засгийн газраас өргөн барьсан төслийн дагуу 2016 оны төсвийг 3.4 хувийн алдагдалтай баталсан. Энэ нь мөнгөн дүнгээр 940 орчим тэрбум төгрөг. Дээр нь манай төсөв улирлын чанартай учраас оны эхний хагас жилийн урсгал зардлаа санхүүжүүлэхийн тулд дотоодын зах зээлд засгийн газрын бонд гаргадаг. Тэгээд энэ удаад Засгийн газар хувийн хэвшлийн ААН-үүдээ бодож энэ санхүүжилтийг гадаадын зах зээлээс босгохоор зорьсон гэсэн. Гэтэл яг энэ үед нь Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төсөл өргөн баригдсан учир бонд босгох суртачилгаагаа дундаас нь зогсоосон гэсэн. Ийм л хорлонтой улс төр болжээ.Хувийн хэвшлээ бодож гэдэг нь банк, санхүүгийн байгуулагууд ААН-дэд зээл өгөхөөс илүүтэй найдвартай гэж үзэн Засгийн газрын үнэт цаасыг худалдан авдагтай холбоотой.Төсвийн алдагдлын тухайд саяхан УИХ-аас баталсан Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал болон  Ирээдүйн өв сангийн тухай хуулийг дагаж гарсан тогтоолд 2020 он хүртэл хоёр хувиас хэтрүүлэхгүй байх, 2021 оноос эхлэн 0 хувь болгож хуримтлалын санд хөрөнгө төвлөрүүлж эхлэхээр заасан. Ингэснээр хуримтлалтай Монгол Улс болно.

-Монгол Улсын өр УИХ-ын тогтоосон хэмжээнээс давчихсан юм биш биз гэсэн хардлага байна л даа? 

-Даваагүй гэж ойлгож байна.Засгийн газар хуулийн дагуу ажиллах үүрэгтэй.

-2016 оны төсвийг та ажлын хэсгийг ахлан ажиллаж батлуулсан. Шинэчлэл хийгдсэн гэсэн төсвийн биелэлт, шинэчлэлийн үр дүн харагдаж эхэлж байна уу. Төсвийг тодотгох зайлшгүй шалтгаан байгаа. 2016 оны эхний улирлын байдлаар төсвийн орлогын алдагдал аль салбарт байгаа бол? 

-Шинэчлэл гэхээсээ илүүтэйгээр сонгуулийн жил ч гэсэн Засгийн газрын төслөөс төсвийн алдагдлыг УИХ нэмэгдүүлээгүй баталснаараа онцлогтой. 2012 оны төсвийн төслийг эрх баригчид 1.8 их наяд төгрөгийн алдагдалтай төсөв өргөн барьж тэр үеийн УИХ дахь цөөнх ярьсаар байж  800 орчим сая.төгрөгөөр бууруулж байсан. Оны эхний улирал болоогүй байна. Дөнгөж гуравдугаар сар гарах гэж байна. Нэгдүгээр сарын төсвийн орлогын гүйцэтгэл 95 орчим хувьтай байгаа нь өмнөх жилүүдээс харьцангуй сайн үзүүлэлт юм.

-Засгийн газраас хэрэгжүүлж эхлэх ипотекийн зээлийн хүүг таван хувь болгох асуудал хүлээлт үүсгэсэн хэвээр байна. Энэ бол цөөхөн хэдхэн сарын настай АН-ын сонгуулийн шоу гэж эдийн засагчид дүгнэх боллоо? 

-Манайх шиг хөгжлийн төвшинтэй оронд иргэдээ тохилог орон сууцтай болгоход дэмжлэг үзүүлэх нь нэг номерийн зорилт байдаг. Ипотекийн зээлийн хүүгийн олон улсын дундаж жилийн хоёр орчим хувьтай байна. Ер нь жилд хамрагдах өрхийн тоог тодор­хой болгож дэс дараалалтай  ипотекийн зээлийн хүүг бууруулах боломж энэ зээлэн дээр байдаг. Ипотекийн зээлд хамрагдсан айл өрхүүдийн хуримтлал нэмэгдэж, санхүүгийн боломж нь орон сууцныхаа зах зээлийн үнэлгээгээр тэлдэг. Хариуцлага ч нэмэгддэг, бүтээн байгуулалт ч нэмэгдэж утаа ч багасах нь ойлгомжтой.

Яагаад гэвэл төр буюу Монголбанк өөрийн мөнгөний бодлого, санхүүгийн хэрэгслийг ашиглаж санхүүгийн үүсвэрийг нь бий болгосон учраас. Дээр нь хөгжилтэй, хөгжингүй орнуудад ипотекийн зээлийн олон төрлийн багц байдаг. Тэрнээс байгаа нь ганцхан гурилтай шөл байна гээд суугаад байдаггүй. Монголбанкнаас санал болгож байгаа энэ хөтөлбөрт арилжааны банкууд оролцох эсэхээ өөрсдөө шийдэх эрхтэй. Гэхдээ арилжааны банк зөвхөн хадгаламж болон зээлийн хүүгийн зөрүүн дээр амьдарна гэж үзвэл өрсөлдөх чадвар нь суларч үйл ажиллагаа явуулах орон зай нь хумигддаг зарчим үйлчилдэг.