Авто замын олон улсын техник технологийг Монголд танилцууллаа
2016.03.17

Авто замын олон улсын техник технологийг Монголд танилцууллаа

“Авто зам Экспо” шинэ техник технологийн олон улсын үзэсгэлэн, бага хурлын нээлт өчигдөр “Шангри Ла” зочид буудлын “Боолрүүм” танхимд боллоо.

Энэхүү үзэсгэлэнг Монгол Улсын Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагаа­ны хөтөлбөрт авто замын талаар тусгагдсан зорилтуу­дыг хэрэгжүүлэх, аймгийн төвүүдийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох зорилтын хүрээнд Зам тээврийн яам, Монголын авто замчдын холбоо хамтран дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа ажээ.

Түүнчлэн олон улсад нэвтэрч байгаа байгаль орчинд ээлтэй, шинэ дэвшилтэд техник, технологи нэвтрүүлэх, Монгол орны цаг уурын нөхцөлд тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох боломжийг нээж өгөх зорилготой юм байна.

Тус үзэсгэлэнд Зам тээврийн сайд М.Зоригт, Монголын авто замчдын холбооны ерөнхийлөгч Т.Бямбаа, Зам тээврийн хөгжлийн төвийн захирал Б.Мандат, Нийслэлийн авто замын газрын дарга Нанзаддорж, ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын инженерийн танхимын гүйцэтгэх захирал доктор Райнэр Бергэр, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар ивээн тэтгэгч компаниуд оролцсон. Үзэсгэлэнг нээж Зам тээврийн сайд М.Зоригт “Та бүхэнтэй энд уулзсандаа баяртай байна. 

Монгол Улсын цаг уурын нөхцөл зам, барилгын салбарт бага хугацаа өгдөг.

Өнөөдрийн үйл ажиллагаа манай салбарынхны хувьд нэн чухал арга хэмжээ юм. Монгол Улсын цаг уурын нөхцөл зам, барилгын салбарт бага хугацаа өгдөг. Зам барилгын ажлыг хийе гэхэд дэндүү бага хугацаа байдаг. Өнгөрсөн жил есдүгээр сар болсон байхад та бүхний ажлыг эхлүүлээгүй байсан. Үүнд Монгол Улсын Засгийн газар, Монголын хөгжлийн банк, Зам тээврийн яам буруутай. Энэ жил өнгөрсөн жилийн алдаагаа давтахгүй байхын тулд дөрөвдүгээр сарын 15-аас эхлэн орон даяар нэгэн зэрэг бүх зам засварын ажлыг эхлүүлэхээр зорин ажиллаж байгаа. Энэ талаар Засгийн газарт хэлэлцэж байна. Өмнө нь зөвхөн гадны компаниуд зам барьдаг гэсэн ойлголттой байсан. 

Зам тээврийн яам хэлэлцээрийг амжилттай хэрэгжүүлсний үр дүнд Монголынхоо компанийн оролцоог гадны санхүүжилттай замуудад оруулж чадсан” гэсэн юм. “Авто зам Экспо” нь үзэсгэлэн бага хурал гэсэн үндсэн хоёр хэсгээс бүрддэг юм байна. Энэ удаагийн бага хуралд ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын инженерийн танхим, БНСУ-ын иргэний инженерийн болон барилгын технологийн хүрээлэнгийн төлөөлөгчид илтгэл тавин оролцож байгаа аж. 

Уг хоёр байгууллага нь Монгол Улсын авто замын салбарт техник, технологийн солилцоог гинзгийрүүлэх, салбарын боловсон хүчинг шинээр бэлтгэх, авто замын инженер, техникийн болон мэргэжилтэй ажилтны ур чадварыг дээшлүүлэх, урт болон богино хугацааны сургалт, дадлагад хамруулах чиглэлээр Монголын авто замчдын холбоотой хамтран ажилладаг юм байна.

Харин үзэсгэлэнд авто замын “Юнитра”, “Увт инвест”, “Сани ММ”, “Эрдэнэ зм”, “Вагнер Ази”, “Луутай зам гүүр констракшн” компаниуд болон асфалт бетон, хайрганы карьер, битум, цемент зэрэг шинэ техник, технологийг ирсэн зочдод танилцуулсан юм. Мөн энэ удаагийн үүзэсгэлэн Хятадын төмөр зам, инженерийн корпорацийн дөрөвдүгээр салбар, “Эйч Кэй Би”, “Си Жи Жи Си”, “Түвшин гэрээ”, “Лутай констракшн” компаниуд ивээн тэтгэжээ. Уг үзэсгэлэн хоёр өдрийн турш Шангри Ла зочид буудалд үргэлжлэх юм байна. Үзэсгэлэнгийн үеэр салбарын мэргэжилтнүүдтэй уулзаж, санаа бодлыг нь сонссон юм.

н.Мөнхтүвшин: Эрдэм шинжилгээ, судалгааны зургаан ажлыг хэрэгжүүллээ


/Зам тээврийн хөгжлийн төвийн туршилт, шинжилгээний итгэмжлэгдсэн лабораторийн эрхлэгч/

-Энэ үйл ажиллагаа өндөр ач холбогдолтой үзэсгэлэн юм. Манай салбарынхан шинэ техник, технологийн хөгжилтэй танилцах, харилцан бие биенээсээ туршлага судлаад зогсохгүй, салбартаа тулгамдаж байгаа асуудлуудыг хэлэлцэж, ярилцдаг зэрэг олон давуу талтай. Манай байгууллага энэ үзэсгэлэнд өөрийн байгууллагын үйл ажиллагааг салбарынхандаа тайлагнах, сурталчилах зорилгоор оролцож байгаа.

Манай байгууллага авто замын салбарыг хөгжүүлэх төрийн бодлого чиглэлийн хүрээнд авто замын талаар гаргасан бодлого шийдвэрийг хэрэгжүүлж, авто замын сүлжээний ашиглалт, авто зам, замын байгууламжийн барилга, засварын ажлын техник, технологид хяналт тавьж ажилладаг. 

Мөн авто зам, тээврийн эрдэм шинжилгээ, судалгаа, стандарт, норм нормативын бичиг барим боловсруулах, дотоод аудитын үйл ажиллагааг зохион байгуулах үндсэн чиг үүрэгтэй. Өнгөрсөн хугацаанд 2015 онд улсын төсөв болон хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй нийт 22 төсөлд техник технологийн хяналт тавьж ажилласан. Үүнээс авто зам, гүүрийн барилгын ажил дуусч,  улсын комисс ажиллаж байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн найман объект байна. Мөн эрдэм шинжилгээ, судалгааны долоон сэдэвт ажлыг хэрэгжүүлж, талбайн ажиглалт, туршилтын зургаан хэсэгтэй болсон. Энэ мэтчилэн олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа.

Райнэр Бергэр:Монголын авто замчидтай хамтарч ажиллана 

/ХБНГУ-ын Заксан-Анхалт муж улсын инженерийн танхимын гүйцэтгэх захирал/ 

-Манай Заксан-Анхалт муж улсын инженерийн холбоо 2015 оны зургадугаар сард Монголын авто замчдын холбоотой хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурсан. Санамж бичгийн хүрээнд харилцан туршлага солилцох зорилгоор бие биендээ айлчлал хийсэн. 2016 оны нэгдүгээр сард Германы инженерийн холбооноос төлөөлөгчид Монголд ирж үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ ажлын хүрээнд Германд хэрэгжиж байгаа төслийг Монголд танилцуулах тухай ярилцсан. Мөн Германы хөрсний даацыг хэмждэг бүтээгдэхүүнийг Монголд оруулж ирж танилцуулахаар болсон. Монголд авто замын олон том төслүүд хэрэгжиж байгаа. Монголын зам тээврийн хөгжилд жуулчлал маш их ач холбогдолтой гэж бодож байна.  

Ким Ёнг Жо: Бүлээн асфалтыг нэвтрүүлэхээр судалгаа хийж байна

/БНСУ-ын Барилгын технологийн хүрээлэнгийн ахлах судлаач, доктор/
-Би энэхүү экспод дөрөв дэх жилдээ оролцож байна. Энэ үзэсгэлэн авто замын салбарынханд нэг газар цугларч олон улсын дэвшилтэд технологитой танилцах боломж олгодгоороо давуу талтай.  Манай хүрээлэнгийн хувьд Монголын зам тээврийн хөгжлийн төвтэй хамтран 2012 оноос эхлэн Монгол Улсын авто замын чанарыг сайжруулах зорилгоор бүлээн асфалт технологийг нэвтрүүлэх судалгаа хийсэн. Тухайлбал,  бид Богд уулын ард байдаг 17  амны зам, Өмнөговь аймгийн Ухаа худаг, Гашуу Сухайт чиглэлийн зам, олон улсын шинэ нисэх онгоцны буудлын зам дээр туршилт хийсэн.