Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээ
Батлан хамгаалахын сайд асан, Монгол Улсын Их Хурлын гишүүн Жадамбын Энхбаяр
2016.03.17

Монгол цэргийн өдөр, зэвсэгт хүчний 95 жилийн ойд зориулсан баярын мэндчилгээ

Эрхэм хүндэт генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагчид аа,

Бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид аа, 

Монгол Улсын маань сүр хүч, эр зориг, сүлд хийморийн илэрхийлэл болсон Та бүхэндээ Монгол цэргийн өдрийн болон орчин цагийн Зэвсэгт хүчин үүсэн байгуулагдсаны 95 жилийн ойн баярын мэндчилгээг дэвшүүлж, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Бидний өвөг дээдэс эх орныхоо газар шороо, тусгаар тогтнол, хөгжил дэвшил, хүн ардынхаа амгалан тайван амьдралын төлөө алд биеийнхээ алжаалыг умартан тэмцэж ирсэн. Тиймээс монголчууд бид ариун гал голомтоо сахин хамгаалагч, ард түмнийхээ өмөг түшиг цэрэг эрсээ хүндлэн дээдэлдэг нандин уламжлалтай билээ. 

Монгол цэргийн олон зууны баатарлаг дайчин уламжлалд 1921 оны Ардын хувьсгалын тэмцлийн дунд үүсэн байгуулагдсан орчин цагийн Зэвсэгт хүчний түүх онцгой байр суурь эзэлдэг. Их жанжин Д.Сүхбаатар тэргүүтний үүсгэсэн Ардын хувьсгалын их хэрэг бол 1911 онд эхэлсэн Үндэсний эрх чөлөөний тэмцлийн шууд үргэлжлэл нь байсан юм. Энэхүү тэмцэл, тэмүүлэл одоогоос 95 жилийн өмнөх тэр нэгэн өдөр Шивээ Хиагтад цуурайтсан ардын хувьсгалын партизануудын уухайгаар эхэлж үе үеийн эх орончдын шаргуу зүтгэл, ялалтаар үргэлжлэн, Эх орныхоо тусгаар тогтнолыг өнөө үед ч бататган хамгаалсаар байна.   

Монголын Зэвсэгт хүчин ард түмнийхээ соёл урлаг, боловсрол шинжлэх ухааны дэвшил, их бүтээн байгуулалтын хөгжилд асар их хувь нэмэр оруулсан билээ. Монгол Улсын Зэвсэгт хүчний өсгөн бойжуулсан төр нийгмийн зүтгэлтнүүд, урлаг соёлын алдартнууд, эрдэмтэн мэргэдийн бүтээл туурвил, гавъяа зүтгэл бол манай ард түмний үеийн үед бахархан дууриах эрхэм зүйлс, Эх орныхоо өмнө байгуулсан хүндтэй гавъяа билээ. Монгол цэргийн барилгачид, инженерүүдийн  ур ухаан, хичээл зүтгэл, идэвхи санаачилга, хөдөлмөр бүтээлээр сүндэрлэн боссон хот тосгод, орд харш, үйлдвэр аж ахуйн газрууд, зам гүүрүүд эх орны минь хөгжлийн илэрхийлэл, өнгө төрх болж ирснийг баярын энэ өдөр нь бид бахдан дурсаж байна.  

Ийм учраас Зэвсэгт хүчний уламжлалт баярыг тохиолдуулан Эх орноо хамгаалах ариун үйл хэрэгт ганц олдох амьдралынхаа гал дөл бадарсан залуу нас, эрч хүч, эрдэм боловсролоо харамгүй зориулсан ахмадууддаа чин сэтгэлийн халуун баяр хүргэе. 

Өнөө үед монгол цэргийн офицер, дайчид  даян дэлхийн энхийн төлөө үйлсэд нэр төртэй зүтгэж байгаа нь бахархууштай үйл явдал мөн. Тиймээс даян дэлхийн энхийн манаанд зогсож, тив дэлхийн амгалан тайван байдлын төлөө хүчин зүтгэл гаргаж байгаа энхийг сахиулагчид болон бүх дайчиддаа гүн талархал илэрхийлье.

Батлан хамгаалах салбар Монгол Улсын түүхийн бүхий л үед чухал үүрэг гүйцэтгэж ирсэн. Цаашид ч энэ байр сууриа хадгалж, залуу үеийн хүсэл мөрөөдлийн бодит илэрхийлэл, цэрэг эх оронч үзлийн төв ундарга, бие бялдар, сахилга хүмүүжлийн том сургууль, хүн ардынхаа өмөг түшиг, улс орныхоо тогтвортой хөгжлийн нэг баталгаа байх учиртай. 

Бүрэн эрхт туурга тусгаар улсынхаа цэрэг, армийн өнгө төрхийг илэрхийлж яваа батлан хамгаалах салбарынхандаа амжилт бүтээлийн дээдийг дахин хүсэн ерөөе. 

Олон зууны баялаг түүхээ, орчин үеийн ололт амжилтаар бататган бэхжүүлж буй манай Зэвсэгт хүчний маань яруу алдар мандан бадрах болтугай.   

БАТЛАН ХАМГААЛАХЫН САЙД АСАН,                                   МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН                                                            ЖАДАМБЫН ЭНХБАЯР