Дашдаваа.Н 2016.03.17 | Сайт: Info.mn

Залуучуудаас юунд нь айгаад байгаа юм?

Залуучуудаас юунд нь айгаад байгаа юм?
Монгол Консерватив намын дарга Н.Дашдаваа

Монгол Консерватив намын  дарга Н.Дашдаваатай ярилцлаа. 

Парламентад суудалгүй намууд хэд хэдэн удаа хуралдаж Сонгуулийн хууль, Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулах саналаа нэгтгэлээ. Танай намаас зарчмын ямар санал оруулсан бэ? 

-Намууд хуульд оруулах зарчмын саналаа бичгээр өгч байгаа. Манай намын хувьд улс төрийн намын үзэл баримтлалыг тодорхой болгох хэрэгтэй гэж үзсэн. Монголд  олон нам байна гэж иргэд шүүмжилж байна. Тэгэхээр хуулийн төсөлдөө намуудыг үзэл баримтлал давхцахгүйгээр бүртгэнэ гээд заагаад өгчихвөл  таван Ногоон,  зургаан Либерал нам байгуулах шаардлагагүй л дээ. Ногоон үзэлтэй намууд нь нэгдээд л үйл ажиллагаагаа явуулна биз. Адилхан л эх орныхоо байгаль экологийн асуудалд санаа зовьж байгаа юм чинь. Түүнээс гадна улс төрийн намуудыг Улсын Дээд шүүх бүртгэдэг. Тэгсэн мөртлөө үйл ажиллагаанд нь хяналт тавих эзэн байдаггүй. Буух эзэн буцах хаяггүй гэдэг шиг юм болдог.

Улс төрийн намын тайланг хянадаг хөндлөнгийн механизм байвал яасан юм. Үүнийг хуульчилж өгөөч гэсэн санал тавьсан байгаа.  Ер нь улс төрийн намуудын чухал үүргийн нэг бол сонгогчдын боловсролыг дээшлүүлэх юм л даа. Үүнд тодорхой хэмжээний санхүүжилтийг төрөөс олгодог байх хэрэгтэй. Гэхдээ  одоогийн хуульд тойргоос сонгогдсон гишүүнд 10 сая төгрөг өгч байгаа. Энэ мөнгөн дүнг багасгах ёстой. Улс төрийн намын санхүүжилтийг ил болгох санал олон намаас гаргаж байгаа. Хуулиа сайжруулъя гэж байгаа бол санхүүжилтийн асуудлыг нэг мөр шийдсэн нь дээр. Улс төрийн намууд хэнээс мөнгө авав, түүнийгээ юунд зарцуулав гэдэг нь ил тод, нээлттэй байх ёстой. Бид ч үүнд байр суурь нэгтэй байгаа. 

Намын нэрээр мөнгө олж байгаа хүмүүс үзэл баримтлалаараа нэгдэх үү? 

-Эрх ашгийн асуудал ярина.  Тухайн хүн хувийнхаа эрх ашгийг өмнөө тавьж байна уу. Эсвэл намынхаа эрх ашгийг илүүд үзэж байна уу гэдгээс хамаарах байх. Намын нэрээр амьдарч байгаа хэсэг бүлэг хүн байгааг үгүйсгэхгүй. Гэхдээ үндэсний эрх ашгаа бодвол үзэл баримтлалаараа нэгдсэн хүчирхэг цөөн намтай байсан нь дээр гэж боддог. 

Жижиг намууд сонгуульд өрсөлдөхөд санхүүжилтээс гадна ямар бэрхшээл тулгардаг вэ? 

-Зарим намууд үзэл баримтлал хэрэггүй гэдэг юм. Гэтэл үзэл баримтлал гэдэг намын амин сүнс. Өөрийн гэсэн бодолгүй, чиглэлгүй бол төрийн бус байгууллагаас ялгарахгүй шүү дээ. Тэгэхээр үзэл баримтлалд суурилсан бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Ингэж байж бусдаасаа ялгаатай харагдана. Сүүлийн хоёр жилийн сонгуулиас харахад манай улс төрийн намууд зүүний чиглэлийн мөрийн хөтөлбөр хэрэгжүүллээ. Иргэд мөрийн хөтөлбөрүүдийг нь хооронд нь ялгахгүй байна. Ингэхээр нөгөө шударга, оюун санааны сонголт гэдэг худлаа болчихоод байгаа юм.

Барууны нам ингэж  хөгжүүлэх юм байна, зүүний нам ингэж хөгжүүлэх юм байна гэдгийг иргэд сайн харж, ялгаж салгаж байх хэрэгтэй. Санхүүжилтийн хувьд цэлгэр албан тасалгаанд суух мөнгө, ажилчдын цалин хөлсийг төрөөс авах шаардлагагүй. Том албан тасалгаанд суулаа гээд том нам болчихгүй шүү дээ. Угааасаа  улс төрийн нам хувьдаа үл хөдлөх хөрөнгөтэй байх нь  зохимжгүй. Тиймээс намуудын тансаг байрыг улс мэдэлдээ авахад буруудах юм байхгүй л гэж бодож байгаа.

Сонгуулийн сурталчилгааг шийдэх янз бүрийн хувилбар  гаргаж байгаа юм билээ. Жишээ нь самбар үнэгүй ашиглуулах, телевизийн нэвтрүүлгийн цагийг намуудад тэнцүү хуваарилах гэх мэт. Энэ шударга шийдлүүдээ заавал хуулийн төсөлдөө тусгамаар байна. Манайх сайн хууль баталдаг ч хэрэгжүүлдэггүй муу зантай. Тэгэхээр баталсан хуулиа хатуу чанд дагаж мөрдөхөд анхаарал хандуулах хэрэгтэй. 

-Парламентыг гаднаас нь ажиглаж байгаа хүний хувьд УИХ-ын үйл ажиллагааг та хэрхэн дүгнэж байна вэ. Засгийн газарт хяналт тавих үүргээ хэр сайн гүйцэтгэж байна гэж боддог вэ? 

-Асуудалд хэтэрхий түрэмгий хандаад байгаа юм уу гэж харж байгаа. Өмнө нь манай хуулийн төслийг МАН-ынхан батлуулж байгаагүй гэж өс хонзонгийн шинжтэй харьцаж болохгүй байх.  МАН-ын бүлгийн гишүүдийн өргөн барьсан хуулийг хав дардаг. Намаар алагчилж байна гээд зөндөө ярьж байна. Иргэдэд хэрэгтэй, ашигтай хуулийг нь АН, МАН гэлтгүй батлаад явсан нь  зөв. Харин Засгийн газрын үйл ажиллагаанд хүн бүр өөрийнхөө үнэлгээг тавьчихсан байгаа байх.  Шинэчлэлийн Засгийн газар гэж өөрсдийгөө тодорхойлсон мөртлөө нэр төдий юм хийж байна.

Ер нь уламжлалгүй  шинэчлэл гэж  хаана ч байхгүй. Бүх орон өнгөрсөн үеийнхээ хамгийн үнэт зүйлсийг нь дараагийн хөгжлийн хөшүүрэг болгож явдаг.  Үүнийг орчин үетэй хэрхэн уялдуулах вэ гэдэг нь чухал асуудал. Хэдэн ухаалаг машин тавьчихаад бид шинэчилж байна гэж ярьж болохгүй л дээ. Засгийн газар “Чингис”, “Самурай”  бонд гаднаас авлаа.  Энэ бол өр. Яагаад гэвэл “Чингис” бондын хөрөнгө эргэж мөнгийг эргэж мөнгө болдог салбарт зарцуулсангүй. Саяхан үйлдвэржилтийг дэмжих 888 төсөл хөтөлбөрийг санхүүжүүлж байгаагаа мэдэгдсэн. Ер нь жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих нь буруу биш ч зөв гэж манай нам үздэггүй. 

Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих хэрэгтэй гэж амтай болгон ярьдаг. Яагаад буруу гэж ? 

 -Үндэсний хэмжээний томоохон корпораци байгуулж, үүнийх нь хувьцааг ард иргэд нь эзэмшиж дэлхийн зах зээлээс ашиг олох юм бол үр шим нь иргэдэд ирдэг байх хэрэгтэй. Ийм хамтын зах зээл буюу ард түмний өмчит компаниудыг байгуулах нь зүйтэй. Энэ зарчим руу явах ёстой. Ер нь Дорж, Дондогийн жижиг төслийг дэмжихээсээ илүүтэй төрийн бодлогоор үндэсний хэмжээний компанийг байгуулж, хөрөнгийн биржтэй хамтраад дэлхийн зах зээлд өрсөлдөх хэрэгтэй. Ингэх нь манай эдийн засаг хөл дээр нь зогсоох анхны алхам болно.

Америк, Японы эдийн засаг сайн байна  гэж яриад байна. Жижиг, дунд үйлдвэрлэл сайн хөгжүүлсэндээ ч юм биш л дээ. Японы “Тоёота”-гийн хувьцааг олон мянган япончууд эзэмшиж байгаа. Энэ бол дэлхийн зах зээлд япон машиныг яаж гаргах вэ гэдэг төрийн бодлого. Монголчуудын худалдаж авсан машины ашиг тэдний халаасанд орж байгаа. Энд мэдээж иргэдийг ажилтай, орлоготой болгох асуудлыг ч ярьж таарна. Иргэдийн орлого нэмэгдвэл эдийн засаг улам сайжирна. Гэтэл манайх орлого нь нэмэгдэхгүй мөртлөө өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдээд байгаа учраас эдийн засгийн цусны эргэлт эрүүл явахгүй байна гэсэн үг л дээ. 

-Олигархиудын компанийг төрөөс дэмжиж байна гэсэн хардлагыг улам дэвэргэх юм биш үү? 

-Нэг хүний компанийг дэмжиж болохгүй. Дондог гэж хүний компанийг  дэмжихээр нөгөө авлига, шударга бус байдал гараад байгаа юм. 10 мянган монгол хүн хувьцааг нь эзэмшдэг компанид төрөөс дэмжлэг үзүүлбэл цаана нь байгаа бүх хүн ашгийг нь хүртэнэ. Дэлхийн жишиг энэ шүү дээ. Дондог гэдэг хүний хувийн компанийг дэмжтэл бондын хүү төлөх болохоор дампуурчихлаа гэвэл яах юм. Хяналт тавих боломж хомс байхгүй юу. Чөлөөт зах зээлийн эдийн засаг буурай хөгжилтэй оронд байдаг тоглоомын дүрэм байгаа юм.  Америк, Германыг  чөлөөт зах зээлийн эдийн засагтай гээд байна. Үнэндээ хамтын зах зээлтэй шүү дээ.  Эдийн засгийн либаризм манайд  сүүлийн хэдэн жил их хор хохирол учрууллаа. 

Парламентад суудалгүй намуудын уулзалт болгонд БНН-ын дарга Б.Жаргалсайхан “Манайх хамгийн ахмад нь бусад нь жижиг нам” гэдэг. Байнга л томроод байхаар та нарт онцгүй санагддаг уу? 

-Намын үзэл баримтлал, явуулж байгаа үйл ажиллагаагаараа ялгаа гарна. Түүнээс биш том байшинд суудаг, олон гишүүнтэй болохоороо том нам гэж ойлгож болохгүй  л дээ.  Зарим улстөрчид залуучуудаас айгаад байх шиг байна. Юунд нь айгаад байгаа юм. Залууст улс орноо хөгжүүлэх бодлого дэвшүүлээд явах эрх нь нээлттэй. Парламентын гишүүн байхдаа улс орноо хөгжүүлж чадаагүй юм бол бодит байдалтайгаа эвлэрэх хэрэгтэй. Бүр зайгаа тавьж өгсөн ч болно шүү дээ. Намуудад том, багын ялгаа байхгүй. МАН, АН том, үлдсэн нь жижиг гэж байхгүй.   Том хаягнаас өөр юу ч үгүй нам бас байна.  Ахмад гээд томроод байгаа намууд улс орны эдийн  засаг муудаж байхад яагаад ярьсан шигээ хөгжүүлж чадаагүй юм. Одоо залуучууд гараад ирэхээр  та нар улс төр  мэдэхгүй жаахан хүүхдүүд гэж ад шоо үзэх шаардлагагүй.