ММНБИ-ийн АССА хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийллээ
2016.03.18

ММНБИ-ийн АССА хөтөлбөрийг дэмжин ажиллахаа илэрхийллээ

АССА-ийн Азийн бүсийн бизнес, хамтын ажиллагааны менежер Аlех Foong Chee Weng  2016 оны 3 дугаар сарын 16-17-ны өдөр ММНБИ-д ажиллалаа.  

ММНБИ нь АССА-тэй 2013 онд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурснаар олон улсын мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх АССА хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  2016 оноос тус институтэд мэргэшсэн нягтлан бодогч бэлтгэх сургалтын хөтөлбөрөө АССА-ийн хөтөлбөрт нийцүүлэн шинэчлэх ажил хийгдэж эхлээд байна. Энэ удаагийн уулзалт нь хоёр байгууллагын хамтын ажиллагаа болоод МУ-ын мэргэшсэн нягтлан бодогчдыг олон улсын түвшинд гарахад чухал нөлөө үзүүлэх арга  хэмжээ болж байгаагаараа онцлогтой.

Менежер Аlех Foong Chee Weng ММНБИ-ийн гүйцэтгэх захирал Чой.Чимидсүрэнтэй уулзалт хийх үеэрээ МУ-ын нягтлан бодогчдыг олон улсын түвшний мэргэшсэн нягтлан бодогч болоход АССА байгууллагаас байнга дэмжиж ажиллахаа илэрхийлсэн. Тэрбээр Монгол Улсад хэрэгжиж байгаа шинэ хууль эрх зүйн орчин, МНБ бэлтгэх сургалтын хөтөлбөр болон журмын шинэчлэлт, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

Аlех Foong Chee Weng мөн Сангийн яам болон төрийн зарим байгууллагууд, аж ахуйн нэгж байгууллагатай хамтран ажиллах, үйл ажиллагаагаа өргөжүүлэхээр уулзалт хийсэн ба их, дээд сургуулийн багш, оюутнуудад АССА-ийн танилцуулга хийж, шинээр суралцагсдад хөнгөлөлт, санхүүгийн дэмжлэг олгохоо мэдэгдлээ. Тухайлбал, Монголын үндэсний их сургууль, Сан дээд сургууль, ХААИС, Мандах бүртгэл ДС-ийн оюутнууд болон ММНБИ-ийн эрх олгох болон эрх сунгах сургалтанд хамрагдаж буй нягтлан бодогч нарт АССА-ийн танилцуулга хийж, энэ сард АССА-д шинээр бүртгүүлэх элсэгчдэд бүртгэлийн хураамжийг тодорхой хувиар, АССА-ийн 2016 оны гишүүнчлэлийн татварыг 100 хувь хөнгөлж дэмжлэг үзүүлэхээр боллоо. Энэ боломжийг бүх АССА сонирхогчид хүртэх боломжтой, тоо  хязгаартай тул амжиж бүртгүүлэхийг уриалж байсан. 

ММНБИ-ийн АССА хөтөлбөр нь нягтлан бодогчдын мэдлэг боловсролыг дээшлүүлэх үүднээс төрийн болон хувийн хэвшлийн байгууллага, их, дээд сургуулиудтай гэрээ байгуулан ажиллаж байна. Аж ахуйн нэгж байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогчид болон их дээд сургуулийн нягтлан бодох бүртгэл, санхүүгийн багш нарт АССА хөтөлбөрт суралцахдаа ММНБИ-тэй гэрээ байгуулсан нөхцөлд мөн тодорхой хэмжээний хөнгөлөлт үзүүлж байна.