Жолооч зөрчил гаргавал жолооны курс хариуцлага хүлээнэ
Хуулийн нэр: Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай
Санаачлагч: УИХ-ын гишүүн Г.Батхүү
Өргөн барьсан он.сар.өдөр: 2015.02.12
Батлагдсан он.сар.өдөр: 2015.07.08
Хүчин төгөлдөр мөрдөж эхэлсэн он.сар.өдөр: 2015.09.01
Хуулийн бүтэц: 7 бүлэг 55 зүйлтэй
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг шинэчлэн батлах болсон шалтгаан нь Монгол Улсад автомашины тоо, замын хөдөлгөөний нягтрал нэмэгдсэнээс осол, зөрчлийн тоо нэмэгдэж, жилд олон зуун хүн авто ослоор амь насаа алдах болсонтой холбоотой. Тиймээс шинэчилсэн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудлыг цогцоор нь авч үзэж, зам аюулгүй байх, тээврийн хэрэгсэл аюулгүй байх, замын хөдөлгөөний орчин аюулгүй байх ёстой гэсэн зорилго тавьж, хариуцлагын иж бүрэн тогтолцоо бий болгожээ.
... Өөрөөр хэлбэл замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахихад замын цагдаа, замын хөдөлгөөнд оролцогчдоос гадна жолооч бэлтгэх байгууллагууд, ТББ, эцэг эхчүүд, эрүүл мэндийн байгууллага, тэр байтугай цэцэрлэг, сургууль хүртэл үүрэг хүлээнэ ...
Энэ хуульд замын компаниудад ч хариуцлага тооцохоор заажээ. Харин цаг агаар, улирлын таагүй нөхцөлд зам арчилж, гэрэлтүүлэх үүрэгтэй субъектууд ажлаа цаг хугацаанд нь хийгээгүй бол үүнээс болж гарах үр дагаврыг мөн адил хариуцна.
Шинэчилсэн хууль батлагдсанаар жолооч бэлдэх үйл ажиллагаанд өөрчлөлт орж байна. Жолооч бэлдэхдээ МСҮТ-үүдэд мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг зарчмаар сургана. Хэрэв төгссөн жолооч зөрчил гаргасан тохиолдолд тухайн сургалт, үйлдвэрлэлийн төвд захиргааны хариуцлага хүлээлгэдэг болов. Жолооны шалгалтыг “Жолоодох эрхийн шалгалтын төв” авдаг болсон юм.
... Өмнө нь зам, тээврийн осолд өртсөн хүнд зөвхөн яаралтай тусламжийн төв, Шуурхай бүлэг 105 үйлчилгээ үзүүлдэг байсан бол одоо осол болсон газартай ойрхон байгаа эмнэлэг иргэдэд тусламж үзүүлэх юм байна ...
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаар мэдлэг олгох сургалтыг цэцэрлэг, сургуулийн сургалтын хөтөлбөрт оруулна.
Уг хуулийн хэрэгжилтийг хангах чиг үүрэгтэй “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл” Ерөнхий сайдын дэргэд ажиллана. Үндэсний зөвлөл төрийн болон ТББ-ын төлөөллөөс бүрдсэн орон тооны бус гишүүдтэй байх бөгөөд УИХ-д жилд нэг удаа ажлаа тайлагнана. Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлын асуудал нэгдсэн удирдлага нэг дор төвлөрч байгаа юм.
Түүнчлэн шинэчилсэн хуульд замын хөдөлгөөний аюулгүй байдлын мэдээллийн төрөлжсөн сангууд байгуулахаар тусгажээ. Эдгээрээс зарим нь өнгөрсөн оноос ажиллаж эхэлсэн. Тухайлбал, зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн мэдээллийн “torguuli.mn” цахим хуудсыг нээгээд багагүй хугацаа өнгөрөөд байна. Мөн тээврийн хэрэгслийн бүртгэл, оношилгоо, жолоодох эрхийн бүртгэл, жолооч бэлтгэх сургалтын байгууллагын бүртгэл, зам, замын байгууламжийн эвдрэл, гэмтлийн бүртгэл, жолоочийн эрүүл мэнд, зам тээврийн осолд өртсөн хүний бүртгэл, жолоочийн даатгал, тээврийн хэрэгслийн албан татварын мэдээлллийн сан гээд нийтдээ найман төрлийн мэдээллийн сан ажиллана.
Зөрчлийн оноо
Жолооч нарын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор зам тээврийн осол, хэрэг, зөрчлийн бүртгэлийн мэдээлэлд үндэслэж, жолооч бүрт зөрчлийн оноо тооцох заалтууд оржээ. Нэг жолоочийн зөрчлийн оноо 10 байна. Хуульд заасан 70 орчим зөрчлийн хамгийн хүнд гэж үзсэн 14 зөрчлөөс аль нэгийг нь гаргасан тохиолдолд онооноос хасна. Жишээлбэл, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 5 оноо, ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол 1 оноо, улсын бүртгэлгүй тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцвол 2 оноо, явган зорчигчид зам тавьж өгөөгүй бол 2 оноо, хориглосон газар гүйцэж түрүүлвэл 2 оноо, гэрлэн дохио зөрчвөл 1 оноо, төмөр замын гарам нэвтрэх журам зөрчвөл 3 оноо, согтуурч мансуурсан этгээдэд жолоогоо шилжүүлсэн бол 2 оноо хасагдана.
Зөрчлийн оноо нь дууссан бол дахин сургалтад хамрагдаж, шалгалтад тэнцвэл дээрх 10 оноог шинээр олгох юм байна. Харин нэг жилийн туршид зөрчил гаргаагүй бол сүүлд хасагдсан оноог, хоёр жил зөрчил гаргаагүй бол 10 оноог бүтнээр нь сэргээж урамшуулна.
Торгуулийн хэмжээ
... Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчигчид ногдуулах торгуулийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй дүйцүүлэн 9600–960 000 хүртэл төгрөгөөр тогтоож өгчээ ...
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ өөрчлөгдөх бүрт торгуулийн хэмжээ дагаж өөрчлөгдөнө. Жолоодох эрхийг зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хасна. Үүнд:
- Ядарсан үедээ жолоо барьвал 48 мянган төгрөгөөр,
- Согтуугаар жолоо барьвал эрхийг нь 2 жилээр хасч, нэг сая төгрөгөөр,
- Жолоо барихдаа гарын оролцоотой утсаар яривал 9000 төгрөгөөр,
- Гэрлэн дохио зөрчвөл 19200 төгрөгөөр,
- Дуут дохио өгөх журам зөрчсөн бол 19200 төгрөгөөр,
- Зам тавьж өгөх шаардлага биелүүлээгүй бол 19200 төгрөгөөр,
- Бичиг баримтгүй жолоо барьвал 48 мянган төгрөгөөр,
- Бүртгэлгүй тээврийн хэрэгсэл жолоодвол 96 мянган төгрөгөөр,
- Хамгаалах бүс зүүгээгүй бол 9600 төгрөгөөр,
- Удаан зогсвол 19200 төгрөгөөр,
- Урсгал сөрвөл 6-12 сараар эрхийг нь хасч, 96000 төгрөгөөр,
- Дугаар нь зөрчилтэй машин жолоодвол 48000,
- Гарцгүй газраар гарсан явган зорчигчийг 19200 төгрөгөөр тус тус торгохоор заажээ.