Семминталь үүлдрийн үхэр үржүүлнэ
Мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн үр нийлүүлэх гэрээг Монгол-Герман улсын Хүнс Хөдөө аж ахуйн сайд нар өнгөрсөн онд баталгаажуулжээ.
Гэрээний дагуу бэлэглэлийн журмаар мах-сүүний чиглэлийн Семминталь үүлдрийн 4 бухны 2000 тун гүн хөлдөөсөн үр нийлүүлэх аж.
Тэгвэл Герман улсын Bayern Genetik GMBH компаниас 2000 ширхэг гүн хөлдөөсөн үрийг илгээснийг ХХАА-н сайд Р.Бурмаад Ханнс–Зайделийн сан ба Монголын төлөөлөгчийн газрын тэргүүн Ц.Сарантуяа гардуулан өгчээ.
Энэхүү гүн хөлдөөсөн үрийг Малын удмын сангийн үндэсний төв хүлээн авч, орон нутгийн үржлийн техникч нарыг давтан сургалтаар сургаснаар хөдөөгийн малчид болон Семминталь үүлдрийг үржүүлэгчдэд олгох аж.
Өндөр ашиг шимт үүлдрийн бухны үрээр хээлтүүлэг хийснээр малын чанар сайжран, ашиг шимийн үзүүлэлт нэмэгдэх зэрэг бодит үр дүн гарах ач холбогдолтой юм. Өмнө нь манай улс Германаас Хар тарлан үхрийн үүлдрийг импортлон оруулж ирж нутагшуулж байжээ.