Г.Шийлэгдамбыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ
МАХН-ын нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар, Б.Тулга, Ёсзүйн зөвлөлийн хорооны дарга Г.Давааням нар өчигдөр хэвлэлийн хурал хийлээ.
Хурлын эхэнд Ж.Сүхбаатар “МАХН-ын дарга Н.Энхбаяр руу чиглэсэн улс төрийн захиалгат, зохиомол, увайгүй, гүжирдлэг, хууль бус ажиллагааг сүүлийн саруудад тасралтгүй явуулж байгаатай холбогдуулан МАХН-ын Гүйцэтгэх товчооноос намын гишүүд, дэмжигчид, олон нийтэд хандаж мэдэгдэл гаргаж байна” гэв. Уг мэдэгдлийг өнгөрсөн амралтын өдөр хуралдсан МАХН-ын Гүйцэтгэх хорооноос гаргажээ.
Мэдэгдэлд “Сонгууль дөхсөн улс төрийн эгзэгтэй энэ үед АН ба МАН-тай харьцуулбал санхүүгийн хувьд ёстой л “хойд хормойгоороо урд хормойгоо нөхөх” байдлаар ажиллаж байгаа МАХН-д “санхүүжилтийг нь шалгаж байгаа” нэрийдлээр элдвийн хууль бус дарамт шахалт үзүүлж байна.
Гадныхны гар хөл болсон улс төр-бизнесийн олигарх бүлэглэлийн шууд болон шууд бус оролцоотойгоор явуулж байгаа энэхүү хууль бус үйл ажиллагааны гол зорилго нь олон түмний найдлага, итгэлийг хүлээж байгаа МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр болон МАХН-ыг сонгуульд оролцуулахгүй байх гэсэн бусармаг санааг агуулж байгаа нь нэгэнт нууц биш болжээ.
Энэ бүх балмад ажиллагаанд намын дарга болон намын хамт олныхоо дэмжлэгээр өндөр эрх мэдэлд хүрч, тэдний хайр хишгийг бусдаас илүүтэйгээр хүртэн эдэлж ирсэн ёс суртахуунгүй, жудаггүй нэр бүхий зарим хүн бусдын гар хөл болон ашиглагдаж байгааг МАХН-ын мянга мянган гишүүд, дэмжигчид жигшин зэвүүцэж байна” гэжээ. Мөн Гүйцэтгэх товчооны ээлжит хурлаар МАХН бусад намуудтай хамтрах, эвсэх асуудлуудыг хэлэлцэж, ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
Тодруулбал, Ногоон намтай эвсэх асуудлыг судлах ажлын хэсэг болон МАН-тай эвсэх буюу хамтрах ажлын хэсгүүдийг байгуулжээ. Түүнчлэн Засгийн газарт- Ардчилсан намтай хамтрахаар байгуулсан гэрээний биелэлт, үр дүнг судлах ажлын хэсгийг байгуулсан байна. Мөн хурлаар намын ёс зүйн хорооноос тодорхой мэдээлэл хийсний дагуу нэр бүхий гишүүдэд хариуцлагын арга хэмжээ авахаар болсныг онцоллоо.
Тодруулбал, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбын асуудлыг хэлэлцсэн байна.
Тэрээр намын дүрмийн холбогдох зүйл заалтыг ноцтой зөрчсөнөөс гадна өөрийн хүсэлтээр намын Ерөнхий бичгийн даргаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгснийг үндэслэн хурлаар ЕНБД-ын үүрэгт ажпаас чөлөөлжээ.
Цаашдаа дүрмийн дагуу Г.Шийлэгдамбыг Гүйцэтгэх товчооны гишүүн, бага чуулганы гишүүнээс эргүүлэн татах асуудлыг хэлэлцэж, намын дүрмийн дагуу хариуцлвга тооцно гэдгийг Нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар хэлэв. Харин намын Есзүйн хорооноос УИХ-ын гишүүн, УИХ-ын дэд дарга Л.Цогийн асуудлыг хэлэлцэж, дүгнэлт гаргах болно гэдгийг тус хорооны дарга Н.Давааням мэдэгдсэн юм.
Үүний дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.
-Г.Шийлэгдамбын асуудлыг хэрхэн шийдэх вэ?
-МАХН-ын Хяналт, ёс зүйн хороо Г.Шийлэгдамбын асуудлыг авч хэлэлцсэн. Түүний гаргасан намын Ерөнхий нарийн бичгийн аргаас чөлөөлөгдөх асуудлыг намын бага хуралд оруулахаар төлөвлөсөн байна. Худалдан авах ажиллагааны дэд дарга асан С.Дашдондог, УИХ-ын гишүүн Л.Цог нарын асуудлыг ойрын үед шийдвэрлэнэ.
-Ес зүйн хариуцлага тооцно гэж байна. Ямар хариуцлага тооцох вэ?
-Өнгөрсөн хугацаанд Г.Шийлэгдамбын хийсэн ажилд үнэлэлт дүгнэлт өгнө. Шаардлагатай бол албан тушаалаас нь эгүүлэн татах болно. Мөн бага товчоо, гүйцэтгэх товчооны албан тушаалаас нь чөлөөлнө.
-УИХ-ын гишүүн Г.Уянга, Л.Цог нар “Шударга ёс” эвслээс гарах тухай асуудал яригдаж байна. Энэ асуудалд танай нам ямар байр суурьтай байна вэ?
-Хэвлэлийн хурал болохын өмнөхөн энэ асуудлыг сонслоо. Л.Цог, Г.Уянга нар эвслээс гарна гэдэг нь сонин мэдээ биш. Яагаад гэвэл сүүлийн саруудад дандаа намынхаа эсрэг ажиллагаа явуулж байсан.
Энэ нь эртнээс бэлтгэсэн тодорхой бүлэглэлүүдийн явуулж байгаа арга ажиллагаатай уялдсан зүйл байсан. Одоогоор албан ёсоор мэдэгдсэн юм алга байна.
-МАХН, МАН сонгуульд эвсэж орох уу?
-Манай хоёр нам өнгөрсөн долоо хоногт хуралдаад хоёр нам сонгуульд эвсэж орох ажлыг хариуцсан ажлын хэсэг байгуулахаар тохирсон. Манай нам бол ажлын хэсэг байгуулсан. Ц.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг өнөөдрөөс ажилдаа броод явж байна.
МАН-ын ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Батболд, Ч.Хүрэлбаатар, МАН-ын нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, Газрын дарга н.Мөрөн нар ажлын хэсэгт багтсан байна. Хоёр ажпын хэсэг уулзаад ажлаа хийгээд явах байх.