Авто замын гэрлэн дохио буруу байдгаас үүдэж осол их гардаг
ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхмийн эрхлэгч Цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяр
2016.03.24

Авто замын гэрлэн дохио буруу байдгаас үүдэж осол их гардаг

 Замын хөдөлгөөний осол зөрчлийн өнөөгийн байдал, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар ХСИС-ийн Цагдаагийн сургуулийн Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тэнхмийн эрхлэгч Цагдаагийн хурандаа Р.Мөнхбаяртай ярилцлаа.

Зам тээвэр, осол зөрчлийн өнөөгийн байдлыг бодит судалгаанд үндэслэн тодорхойлбол ямар байдалтай байна вэ?

2015 оны байдлаар улсын хэмжээнд Зам тээврийн ослоос үүдэн 556 орон нутгийн замд 413 хүн нас барсан гэдэг мэдээ бий.  Үүнийг өнгөрсөн жилийнхтэй харьцуулбал харьцангуй буусан үзүүлэлт. Буурч байгаагийн гол шалтгаан нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль батлагдсан явдал юм. Хууль батлагдсанаар хүн бүр хариуцлагаа ухамсарлах болсон. Мөн Замын Цагдаагийн газар шинэчлэн байгуулагдсан учраас зам тээврийн осол, зөрчилтэй бие даан, дагнаж тэмцэх боломж бүрдсэн.

Зам тээврийн осол гарч байгаагийн учир шалтгаан нь юу юм бол?

 Зам тээврийн ослын учир шалтгаан, нөхцлийг ЦЕГ хангалтгүй тодорхойлж байна гэж боддог. Тухайлбал, нийт зам тээврийн ослын 99,9 хувийг  хүний буруутай үйлдлээс, 0.1 хувь нь замын нөхцлөөс үүдсэн гэж үздэг бол, тээврийн хэрэгслээс үүдэлтэй нэг ч осол, зөрчил байхгүй гэж дүгнэсэн байдаг. Эндээс үзэхэд манай улс дэлхийн  хамгийн сайн авто замтай, тээврийн хэрэгсэлтэй мэт харагдаж байна. Осол гарсан шалтгааныг зам, машинд бус хүнд л хамааруулж буй нь осол, зөрчил  буурахгүй байх үндэс болж байдаг.

Осол гарч буй шалтгаан, нөхцлийг зөв тодорхойлох хэрэгтэй

Тиймээс  осол гарч буй шалтгаан, нөхцлийг зөв тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь замын эвдрэлээс болсон байхад урсгал сөрж гарсан машин саадыг тойрон гарахдаа өөдөөс ирсэн тээврийн хэрэгслийг өнгөрүүлээгүй гэж үзэн жолоочийг буруутгадаг. Энэ тохиолдолд зөвхөн жолоочийг буруутгах бус Зам засварын байгууллага учирсан хохирлыг төлж байх ёстой. Мөн замын тэмдэг, тэмдэглэгээ буруу тавигдсанаас үүдэлтэй ослууд их гардаг. Осол гарах шалтгаан нөхцөл нь өөр зүйлээс болсон байхад зөвхөн жолоочид  бурууг тохдог байдлаас болж дахиад осол гарах нөхцөл болж  байна гэсэн үг. 

Бас авто замын гэрлэн дохио буруу байгаагаас осол гарч байна. Манайд явган зорчигчийн ногоон гэрэл машины хөдөлгөөнтэй байнга огтлолцож байдаг. Тиймээс бага насны хүүхдүүд ногоон гэрэл асч байгаа учраас гүйж гарч байгаад машинд мөргүүлдэг. Ийм тохиолдолд жолооч саадыг хараад тормозоо гишгээд зогсох зай байдаггүй. Шалтгаан нөхцлүүдээ зөв тодорхойлбол осол, гэмтэл аажмаар багасах боломжтой.

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн ач холбогдол болон сул талыг хэрхэн дүгнэж байна вэ?

Нэгэнт батлагдсан хуулийн сул талыг харж ярих нь учир дутагдалтай. Хууль гарснаар ач холбогдлоо өгсөн. Нас баралт олон хувиар буурна гэдэг хууль тодорхой нөлөө үзүүлж байна гэсэн үг. Зарим хүн хуулийн талаар буруу ойлголттой байдаг. Тухайлбал “Ядарсан үед замын хөдөлгөөнд оролцохыг хориглолоо. Ядарсан гэдгийг хэрхэн тогтоох гэж байгаа юм бэ” гэдэг. Энэ нь эрх зүйн зохицуулалтын л нэг шийдэл юм.

Амьдрал дээр хэт ядарсан үедээ замын хөдөлгөөнд оролцож байгаад  орчин тойрноо анхааралгүй осол гаргах, ядарснаас болоод ухаан алдаж унах, машинд дайруулах зэрэг ослууд гардаг.

Үүнийг иргэдэд ойлгуулах үүднээс энэ заалтыг оруулсан гэдгийг ойлгох хэрэгтэй.

Замын Цагдаагийн газраас гаргасан статистик тайлан мэдээнээс харахад торгуулийн хэмжээ өнгөрсөн онд 20 тэрбум төгрөгт  хүрсэн гэсэн  дүн бий. Тэгэхээр хуулийг хэрэгжүүлэх гэж олон төрлийн арга хэмжээ авч буй нь харагдаж байна. Хүмүүст ч хуулиа биелүүлье гэдэг эрмэлзэл байна. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ дуудлагын жолооч дуудаж үйлчлүүлдэг болсон.

Зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэхийн тулд  төр болон ТББ-уудын хэрэгжүүлж буй арга хэмжээ  хэр хангалттай байдаг вэ?

Хангалтгүй байна гэж боддог. Манай улсад согтуугаар жолоо барьж буй жолоочдыг илрүүлэхээр ажилладаг. Харин гадны улс оронд яагаад согтуугаар машин жолоодох болов гэдэг шалтгааныг нь илрүүлдэг.  Хэрвээ согтуугаар  жолоо барих болсон шалтгаан нь гэртээ харихын тулд бол тээврийн хэрэгслийн үйлчлэх цагийг ихэсгэх, эсвэл дуудлагын жолоочийн үйлчилгээг хүртээмжтэй болгох зэрэг шийдэл гаргадаг.

Үүний дагуу олон төрлийн  арга хэмжээ  зохион байгуулж, хэсэг хугацааны дараа үр дүнгээ хэр өгч байгаа талаар дахин нэгдсэн шалгалт хийж үздэг. Тодорхой үр дүнд хүрсэн бол үргэлжлүүлэн арга хэмжээ авдаг, хэрэв хүрээгүй бол бодлого, арга барилаа өөрчлөх жишээтэй. Олон нийтийн байгууллагууд нь нийтийг хамарсан бүхий л  арга хэмжээг зохион байгуулж, нэгдсэн шалгалт хийлгэх хүсэлтээ Цагдаагийн байгууллагад тавьдаг.

Манайд нийгэмд хандсан урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахад  хүчин чадал дутагдалтай байна. Осол, зөрчлийн учир шалтгааныг замын нөхцлөөс, эсвэл тээврийн хэрэгслээс болсон эсэхийг нь тодорхойлж гаргаж ирснээр хүнээс үүдэлтэй осол, зөрчил 99 хувь гэдэг тоог багасгаж, үнэн бодит тоо руу дөхөх боломжтой.

Монгол Улсад зам тээврийн осол, зөрчлөөс урьдчилан сэргийлэхийн тулд ямар, ямар арга хэмжээ авдаг вэ? Өөр ямар арга хэмжээг авах боломжтой вэ?

 “Ногоон гэрэл, цагаан шугам” арга хэмжээг цэцэрлэг, бага сургуулийн  дунд зохион байгуулж байна. Гэхдээ хамрагдаж буй хүүхдүүдийн тоо тодорхойгүй.

Япон улсын туршлагаас харвал цэцэрлэгийн насны хүүхдэд замын хөдөлгөөнд хэрхэн оролцох талаар мэдлэг олгодог. Бага ангийнханд замын хөдөлгөөнд оролцох чадварыг, дунд ангид унадаг дугуй хэрхэн унах талаар, ахлах ангид мопедунах чадвар, мэдлэгийг олгож байна. Замын хөдөлгөөний талаас нийгмийн үүрэг хариуцлагыг ухамсарлуулж өгдөг. Насанд хүрэгчдэд зориулсан боловсрол, ахмад настны мэдлэг гээд өөр, өөр байх жишээтэй.

Манай улсад зам, тээврийн осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ном гаргах, гарын авлага тараахаас өөр дорвитой, үр дүнтэй арга хэмжээ төдийлөн авахгүй байна.

Нэг номыг  нэг арга хэмжээнд хэрэглээд л хаядаг бус сурах бичиг гаргаад шаталсан байдлаар мэдлэг олгох хэрэгтэй. Ингэснээр бүгд нэгдсэн системтэй, зохион байгуулалттай болно. Багаас нь зааж сургах тусам хүн хуулиа биелүүлдэг болдог. Замын хөдөлгөөний дүрэм бол хууль биелүүлэх анхны цагаан толгой юм. Шинэ хууль хариуцлагын хувьд хэрэгжиж байгаа мэт боловч хүмүүсийг ухамсарлуулахын тулд   хийж буй арга хэмжээнүүд учир дутагдалтай хэвээр байна.  

Миний хүүхэд математик, физик мэдэхгүй бол амь насанд нь тэр бүр аюул учрахгүй. Харин замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй бол тэр бүр амьд явах баталгаа байхгүй

Шведийн эцэг эхчүүдэд нэг үзэл бий. Тэд “Миний хүүхэд математик, физик мэдэхгүй бол амь насанд нь тэр бүр аюул учрахгүй. Харин замын хөдөлгөөний дүрэм мэдэхгүй бол тэр бүр амьд явах баталгаа байхгүй” гэж үздэг. Тиймээс бид ч системтэй, онолын үндэстэй арга хэмжээг хэрэгжүүлэхгүй бол гэнэт бодоод л, гэнэт хэрэгжүүлж буй зүйлс эрсдэл ихтэй байдаг.

Урьдчилан сэргийлэх ажил хийхэд хамгийн түрүүнд хүмүүсийг гэгээрүүлэх ёстой. Эцэг эхчүүд өөрсдөө үлгэрлэх хэрэгтэй. Мөн тээврийн хэрэгслийн оношилгоо маш сайн байх ёстой. Тээврийн хэрэгслийн бүрэн бус, эвдрэлтэй байдлаас болж гарч буй ослуудыг тээврийн хэрэгслээс үүдэлтэй гэдгийг тогтоож чаддаг байх нь чухал. Тиймээс оношилгоог дутуу, буруу хийсэн хүмүүстэй хариуцлага тооцоод л байвал асуудал арилж, цэгцэрдэг.

Иргэд олон нийтэд хандаж уриалга хэлнэ үү?

Замын хөдөлгөөний  аюулгүй байдлыг хангаснаар бидний амьдарч буй орчин тайван болдог. Тиймээс л маш ухамсартай байх ёстой. Замын хөдөлгөөнд оролцохдоо  хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй байна.