2016.03.25

Хөнгөн үйлдвэрийг хөгжүүлснээр улс орон хөгжинө

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогттой ярилцлаа.

Таны танилцуулсан 21:100 бодлого ямар онцлогтой вэ?

Монгол улсаа хөгжүүлж, эдийн засгийн хямралаас гаргах юмсан гэж боддоггүй Монгол хүн гэж  байхгүй. Эдийн засгийн бүтцээ зөв болгох ёстой болов уу. Хэт уул уурхайг шүтсэн бодлогоор сүүлийн 20 гаруй жил амьдарч ирлээ.

Томоохон ордуудыг ашиглах талаар олон жил ярьсан хэдий ч бидний амьдралд үр өгөөжөө өгөхгүй хэвээр л байна. 1950-1990 оныг хүртэл Монгол Улсад нийтдээ 400 орчим үйлдвэр Хөнгөн үйлдвэрийн салбарт байгуулагдсан. Энд ДНБ-ийн 20 орчим нь үйлдвэрлэгддэг байв. Харин 1990 оноос хойш Оюутолгойгоос өөр томоохон бүтээн байгуулалтын ажлууд хийгдээгүй.

Мал өсөж, малын гаралтай түүхий эд нэмэгдсэн хэдий ч түүнийг боловсруулж чадахгүй байна. 1990 оноос өмнө хийж бүтээж байсан зүйлсээ дахин бүтээх хэрэгтэй. Ер нь хөнгөн үйлдвэр хөгжүүлж байж улс орон хөгжинө.

Ийм нөхцөл байдалд хүрэхэд аль аль талууд л буруутай байх. Үүнийг ухамсарлах цаг нь болсон гэж бодож байна уу?

Алдаа, оноо бий. Гадны хөрөнгө оруулалтыг хөөж явуулаад оронд нь их зээл авсан. Сүүлийн дөрвөн жил хөрөнгө оруулалт, нийлүүлэлтийг дэмжсэн бодлогыг явуулна гээд эрх баригчид гаднаас их хэмжээний зээл авснаас ард иргэдийн худалдан авах чадвар унасан.  Тиймээс бид зохистой харьцааг анхаарах ёстой.