Худалдааны чөлөөт бүсүүд юу болж байна?
“Чөлөөт бүсийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга батлагдсантай холбогдуулан “Алтанбулаг”, “Замын-Үүд” чөлөөт бүсүүдийн ерөнхий төлөвлөгөөг тодотгох ажлууд хийгдэж байна гэж Засгийн газраас мэдээлж байна.
Алтанбулаг:
“Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийг 2014 оны 6 дугаар сарын 22-нд нээж, үйл ажиллагаа нь эхлээд байна. Тус худалдааны чөлөөт бүс одоогоор 110/35/6 кВ-ын “Сүхбаатар” дэд станцаас 21.4 км зайд 35 кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугамаар тэжээгдэж байна. “Алтанбулаг” худалдааны чөлөөт бүсийн төслөөр хүчин чадал нэмэгдэх тул Сүхбаатар дэд станцаас тэжээгдэх 110 кВ-ын ЦДАШ, дэд станцын ТЭЗҮ-ийг хийж баталсан.
"Алтанбулаг" худалдааны чөлөөт бүсийн дулааны станцын ТЭЗҮ, бүсийн доторх автозамын зураг төсвийн ажил, бохирын шугам хоолойн барилга угсралтын ажлууд хийгдэж байна. Үүнд:
-Дулааны станцын ТЭЗҮ /бүсийн болон сумын доторхи дулаан хангамжийн шугам, дулааны станцын зураг төсөл боловсруулах ажил бүрэн хийгдсэн.
-Сүхбаатар-Сэлэнгийн 25 км бохир усны шугам хоолойн ажил 90 хувь, өргөлтийн насосны станцын ажил 10 хувь, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажил бүрэн хийгдсэн.
-Гааль, худалдааны зам талбайн ажлыг дуусгаж, улсын комисст хүлээлгэн өгсөн.
-Үерийн хамгаалалтын далан сувгийн ажил бүрэн дуусч, мөн улсын комисст хүлээлгэн өгөөд байна.
Замын-Үүд:
Уг худалдааны чөлөөт бүсийг БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр /нийт өртөг 58.8 сая ам.доллар/ санхүүжүүлж байна. Санхүүжилтийн хүрээнд 4 багц ажил хийж, 2016 оны эцэс гэхэд улсын комисст хүлээлгэн өгөхөөр ажиллаж байна. Үүнд:
-Замын-Үүд суманд 7 ш дулаан дамжуулах төв, 7.6 км шугам хоолой, чөлөөт бүсэд 5 ш дулаан дамжуулах төв, 13 км шугам хоолойн ажил 90 хувийн гүйцэтгэлтэй өрнөж байна.
-Өдөрт 3000м3 ус боловсруулах хүчин чадалтай ус цэвэршүүлэх үйлдвэр, цэвэр усны гүний 3 худаг, 3200м3 хүчин чадалтай бохирын цэвэрлэх байгууламж, бохирын шахалтын насос станц, бохир болон саарал усны холболтын шугам хоолойн ажлыг бүрэн гүйцэт хийж гүйцэтгээд байна.
-Чөлөөт бүсэд 110 кВ-ын трансформаторын дэд станц, хуваарилах ТП болон 16 ширхэг 10/0.4кВ-ын дэд өртөө, 10 кВ-ын 30 км кабель шугам, 110кВ-ын 3 км агаарын шугам, 10 кВ-ын 17 км агаарын шугамыг 100 хувь хийж гүйцэтгэсэн.
-Чөлөөт бүсэд 13.5 км автозам гэрэлтүүлэг, холбоо мэдээллийн сувагчлалын ажлын явц 80 хувьтай байна.
Цагааннуур:
Баруун бүсийн болон Алтай-Улиастайн эрчим хүчний системийн горимын тооцоог хийж байна. Тооцооны дүнгээс “Цагааннуур” худалдааны чөлөөт бүсийн цахилгаан хангамжийг шийдэх боломж тодорхой болно.