“МоАХ дөрвөн сайдаа татаж магадгүй”
УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгээс цаг үеийн асуудлаар тодруулга авлаа.
-МоАХ-ын дотроо хагарсан гэж харагдаж байна. Үүнд та хариулт өгөхгүй юу?
-МоАХ-д томоохон хагарал байна гэж би бодохгүй байна. МоАХ-ны үнэт зүйл бол хүн бүр үг хэлэх эрхтэй байдаг. Энэ утгаараа байнга л хагаралтай юм шиг харагддаг. Харин бид зорилго чиглэл дээрээ нэгдэж нягтарч чаддаг. МоАХ-ны ерөнхийлөгч Х.Баттулгыг тойрсон асудал гарахад зөрчилдөөнтэй юм шиг харагдаж байгаа хэдэн зуун мянган гишүүд Чингисийн талбайд цугларахад бэлэн байдаг ийм л холбоо.
-Энэ долоо хоногийн даваа гаригт болсон АН-ын бүлгийн хурал дээр Х.Баттулга гишүүн ихэд ууртай байсан гэх мэдээлэл байна. Тэрээр “Засгийн газраас МоАХ-ын дөрвөн сайдаа гаргаад Засгийн газрыг нураана” гэж хэлсэн нь үнэн үү?
-МоАХ-ны квоттой дөрвөн сайд байдаг. Энэ баривчилгаа нэгжлэг бол цагдаагийн газраас хийж байгаа ажил. Тэгэхээр цагдаагийн газрын даргыг томилдог Ерөнхий сайд, цагдаагийн газрын хийж байгаа хууль бус ажиллагааг зогсоохгүй бол дөрвөн сайдаа татна гэсэн шаардлага тавьж байгаа.
-Энэ асуудалд Ерөнхий сайд ямар хариулт өгсөн бэ?
-Цагдаагийн ерөнхий газрын томилгоог Ерөнхий сайд өөрөө хийдэг. Гэтэл томилсон хүмүүс нь эргээд Ерөнхий сайдын удирдлагад орохоо больчихсон юм шиг байгаа юм. Бидэнд цагдаагийн байгууллагын асуудлыг анхаарна гэж хэлдэг атал шийдэгдэхгүй байсаар хэдэн сарын нүүр үзлээ. Энэ хооронд маш олон баривчилгаа явагдлаа. Тэр битгий хэл эмэгтэйчүүд рүү хандсан баривчилгаа ч нэмэгдэж байна. Тиймээс Ерөнхий сайд цагдаагийн хууль бус үйл ажиллагааг зогсоохгүй бол бид дөрвөн сайдаа татаж Засгийн газраа унагаах чиглэл рүү явж таарах юм шиг байна.
-Өчигдөр хэдэн хүн баривчлагдсан юм бэ. Хэвлэлээр зөрүүтэй мэдээлэл гарч байна?
-Өчигдөр өглөөний 09.00 цаг хоёр хүн баривчлагдсан. Би хувьдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах үүднээс эмэгтэй туслахын асуудал дээр ихээхэн анхаарал хандуулж байна. Үдээс хойшдоо тэднийг сулласан.
-АН-ын ҮЗХ дөрөвдүгээр сарын 16-нд хуралдана. Хурлаар асуудлаа цэгцэлж чадах болов уу?
-Дөрөвдүгээр сарын 20-нд намын мөрийн хөтөлбөрөө аудитаар баталгаажуулах эцсийн хугацаа юм. Тиймээс мөрийн хөтөлбөр дээр анхаарал хандуулна.
-Эв нэгдлийн асуудлаа хэлэлцэнэ биз дээ?
-Мэдээж яригдана.
-Бичиг баримт шалгах ажиллагаа явагдаж байхад нэлээд олон хүн Х.Баттулга гишүнд санаа тавьж байгаагаа илэрхийлж ирсэн. Энэ нь үйл явдлыг илүү дэвэргэлээ гэсэн шүүмжлэл сошиалаар яваад байна?
-Х.Баттулга гишүүнтэй холбоогүй юм бол яагаад тусгай албаны 20 гаруй хүн дайрч орж ирсэн байдаг билээ. Энэ бол жижиг компанийн баримт бичиг шалгах ажиллагаа биш. Тиймээс бид УИХ-ын гишүүний бүрэн эрхээрээ хамгаалалт хийсэн. Хэрэв хамгаалаагүй бол юу болох байсныг мэдэхгүй байна.