Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр...
МУ-ын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлах үеэр
2016.04.12

Дөрвөн жилийн дараа ч хэлмэгдүүлэлт үргэлжилсээр...

Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2012 оны дөрөвдүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг 500 цагдаагийн хүчээр хууль бусаар баривчилсан билээ.

Тэр үйл явдлаас хойш дараалсан хэлмэгдүүлэлтийг бий болгож, нийгмийг айдас, хүйдэст автуулж байгааг судлаач, ажиглагч, улстөрийн хүрээнийхэн хэлдэг. Хэлмэгдүүлэлтийн үр дагавар, нийгэмд үзүүлж буй нөлөө, улс төрийн орчинд үүссэн нөхцөл байдлын талаар улстөрч, судлаач, хуульчид ингэж ярьж байна.

Төрийн хүчирхийлэл хэрэглэж, 600 цагдаагаар голомтыг нь самруулсан

УИХ-ын гишүүн, хуульч О.Баасанхүү:

-Манай намынхан Н.Энхбаяр даргыг хэлмэгдүүлсэн гэж үздэг. Учир нь энэ хүнийг анх баривчлахдаа төрийн хүчирхийлэл хэрэглэж, 600 цагдаагаар голомтыг нь самруулсан шүү дээ. Шоронд байхад нь нэг ч удаа мэдүүлэг аваагүй. Дээрээс нэг ч өмгөөлөгч ажиллуулаагүй. Зарим хүмүүс О.Баасанхүү өмгөөлөгч нь байсан гэж ойлгосон. Би өмгөөлөгч нь байгаагүй. Өмгөөлөгчөөр ажиллая гэхэд АТГ-аас “Ажиллуулахгүй” гэсэн бичиг өгч байлаа. Дараа нь АТГ-аас мэдээлэхдээ долоон тэрбум төгрөгийн хэрэгт холбогдсон талаар хэлж сүрдүүлэг маягийн юм хийсэн.

Шүүхээр шийдэхдээ хоёр хэргээр буруутгасан. Нэг нь газар үнэгүйдүүлсэн гэх хэрэг. Аливаа газрын гэрчилгээ хэний нэр дээр байна вэ гэдгээс эхэлдэг.

Гэтэл тэр үнэгүйдүүлсэн гээд байгаа газар нь Н.Энхбаяр даргын нэр дээр байгаагүй. Харин хотын захиргааны нэр дээр байсан. “Өргөө” зочид буудлын хэрэг ч мөн адил. Тус зочид буудал дээр 75 хувьд нь хөрөнгө оруулалт хийе. 25 хувь нь улсынх байя гэхэд өмчлөл нь хотын захиргааны нэр дээр байсан. Ийм байхад “Н.Энхбаяр өөрийн нэр дээр авсан” гээд улс төрийн хошин жүжиг гэж хэлж болохоор үйлдэл хийсэн. Би хуульч хүний хувьд нотолж чадаагүй хэргийг Ц.Элбэгдорж, С.Баяр, Н.Энхбаярын хэн нь ч хийсэн байсан “Хэлмэгдүүллээ л” гэж хэлнэ.

Ардчилсан бус дэглэм тогтжээ

МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Сүхбаатар:

-Одоо бол ардчилсан бус дэглэм тогтоод байна. Үүнийг одоогийн засаг төрийн үйл ажиллагаа цагдан хяналтыг явуулдаг төр улсын шинжийг агуулж байна. Улс төр, эдийн засгийн бүлэглэл, эрх мэдэлтэй хүмүүсийн таалалд нийцээгүй бол түүнийг сонгуульд оруулж болно, болохгүй, эсвэл тэр тийм зүйл хийж болно, болохгүй гэж өөрсдийн заавраар хянаж цагдаж асуудлыг шийдэж байна. Үүний тод жишээ бол дөрвөн жилийн өмнө МАХН-ын дарга, Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярыг баривчлахад хууль зүйн бус, хүнлэг бус, ёс зүйн бус балмад ажлыг явуулсан. Өнөөдөр ч гэсэн тэр балмад ажлаа үргэлжлүүлж, Өршөөлийн хууль, Ерөнхийлөгчийн уучлал гараад байхад Н.Энхбаяр даргыг ялтай гэж тооцож, улс төрийн эрх чөлөөг нь таслан боогдуулж байгаа. МАХН-ыг сонгуульд оруулахгүй гэсэн элдэв арга саамыг улс төр, хуулийнхны бүлэглэлийнхэн арга заль хэрэглэж байгаа нь илтэд мэдрэгдэж байгаа.