Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болжээ
2016.04.11

Ерөнхий сайдтай холбоотой асуудлыг Удирдах зөвлөлөөр хэлэлцэхээр болжээ

МАН-ын бүлгийн ээлжит хуралдааны талаар тус бүлгийн дарга С.Бямбацогт, дэд дарга Н.Номтойбаяр нар мэдээлэл хийв.

Энэ долоо хоногт Байнгын хороо болон нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх Төрийн шагналын тухай хуулийн төслийг тус бүлэг дэмжихгүй, төрийн шагналын одоогийн тогтолцоог хэвээр хадгалах ёстой гэв.

Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төсөлд Хөдөлмөрийн баатар цолыг үгүй болгохоор тусгажээ. Мөн “Ардын” тодотголтой цолны оронд “Улсын эрдэнэ” гэх цол бий болгохоор оруулсан байна. “Гавъяат” тодотголтой шагналыг ерөнхийд нь “Гавъяат зүтгэлтэн” гэхээр тусгаж, Сүхбаатарын болон Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгийн оронд “Эрдэнийн очир” гэх одон бий болгох юм.

Мөн энэ долоо хоногт хэлэлцэх Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ гишүүн Д.Лүндээжанцан илэрхийлсэн. Тус төслийг Ш.Түвдэндорж гишүүн санаачилжээ. Тэрбээр “Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаас хүчингүй болгож, нэгэнт гаргасан шийдвэрийг хууль батлах замаар сэргээгээд оруулаад ирвэл Цэц дахин авч үзэх шаардлагагүй болох нь. Тэгвэл Цэц гэж байхын хэрэг юу байна вэ. Үндсэн хуулийн биелэлтэд дээд хяналт тавьдаг байгууллага чинь Цэц шүү дээ. Шүүхгүй Үндсэн хууль бол шүдгүй арслантай адил гэж ч ярьдаг. Ер нь ганц нэг гишүүн хууль санаачлах замаар Үндсэн хуульдаа халддаг явдаг энэ парламентын үед даамжирсан” хэмээн Үндсэн хууль руу халдсан уг алхмаа зогсоохыг шаардлаа.

Мэдээллийн төгсгөлд бүлгийн дэд дарга Н.Номтойбаяр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Хонгконгт форумд оролцох үеэрээ хариуцлагагүй мэдэгдэл хийсэн гэв. Тэрбээр “Монгол Улсын Засгийн газрын тэргүүн нь “ардчилсан мал” гэсэн зохисгүй үг хэлсэн” гээд улс орноо гадаадын хөрөнгө оруулалтын эсрэг ажилладаг гэсэн мэссэж түгээлээ хэмээн шүүмжлэв. Өмнө нь Монголын эдийн засгийн форумын үеэр аж ахуйн нэгжүүд рүү дайрсан мэдэгдлийнх нь төлөө уучлалт гуйхыг Ерөнхий сайдаас МАН-ынхан шаардсан юм.

Засгийн газрын тэргүүн гадаадад улстөржсөн асуудлыг Удирдах зөвлөлийн хурлаараа хэлэлцэх гэнэ. МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр хуралдана.