“Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ын нээлтийн ёслол боллоо
Улсын Их Хурлаас баталсан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичгийн нээлтийн ёслол өнөөдөр /2016.04.11/ 14 цагт Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд болов.
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос зохион байгуулсан уг ёслолын ажиллагаанд Улсын Их Хурлын дарга З.Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг болон Улсын Их Хурал, Засгийн газрын зарим гишүүд, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нар, НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд болон олон улсын банк санхүүгийн байгууллагын төлөөлөгчид оролцов. Мөн бодлогын баримт бичгийг хэлэлцүүлэгт бэлтгэсэн ажлын хэсгийн болон ажлын дэд хэсгийн гишүүд, холбогдох бусад албаны хүмүүс байлцлаа.
Улсын Их Хурлын дарга З.Энхболд ёслолын ажиллагааг нээж үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Монгол Улсын Их Хурлаас энэ оны 02 дугаар сарын 05-ны өдөр батлан гаргасан Монгол Улсын 2016-2030 оны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын үндсэн зарчим нь монгол хүн эрүүл саруул амьдрах орчинтой, найдвартай ажлын байр, орлогын эх үүсвэртэй, эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын хүртээмжтэй, чанартай тогтолцоотой, чинээлэг хангалуун амьдрах явдал юм. Энэхүү үндсэн зарчмыг хэрэгжүүлэхийн тулд Монгол Улс 2030 он хүртэл эдийн засгийн тогтвортой, харьцангуй өндөр өсөлттэй байж, олон салбартай нээлттэй эдийн засагтай болж, нэг хүнд ногдох орлогоороо дунд орлоготой орнуудын тэргүүлэх эгнээд хүрч, дундаж болон чинээлэг дундаж давхарга давамгайлсан орон болох ёстойг онцлов.
Мөн урт хугацааны тогтвортой хөгжлийн зорилтуудыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлд тусган үе шаттайгаар хэрэгжүүлнэ. Урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зохицуулалт, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх, шаардлагатай тохиолдолд үзэл баримтлалд тодруулга, нэмэлт хийх зарчим нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн хуулиар бүрэн тодорхойлох юм гэдгийг дурдлаа.
Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал нь 2015 оны 09 дүгээр сард НҮБ-аас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтууд 2030”-ын үзэл санаатай үндсэндээ нийцэж байгааг дурдаад уг баримт бичиг нь Монгол Улсын 2030 он хүртэл хэрэгжүүлэх хөгжлийн зорилтуудыг тодорхойлсон, үндэсний хэмжээний урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг юм. Энэхүү баримт бичгийг Засгийн газар, төрийн бүх шатны байгууллага, төрийн бус, иргэний нийгмийн байгууллага, иргэд, хувийн хэвшлийн хамтын хүчин чармайлтаар хэрэгжүүлснээр Монгол Улс жигд, тогтвортой хөгжих, хүртээмжтэй өсөлтийг хангах нөхцөл бүрдэнэ гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Их Хурлын 2016 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 19 дүгээр тогтоолоор Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал баталсантай холбогдуулан Засгийн газрын өмнө дараах үүрэг тавигдаж байгааг Улсын Их Хурлын дарга дурдав. Үүнд:
1/ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг дунд хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, Эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл, улсын төсөвт тусган үе шаттайгаар хэрэгжүүлэх;
2/ Монгол Улсын Их Хурал болон Засгийн газраас баталсан үндэсний хэмжээний болон салбарын, салбар дундын хөгжлийн бодлого, хөтөлбөрүүдийг энэхүү үзэл баримтлалд нийцсэн эсэхийг 2016 онд багтаан хянаж, шаардлагатай тохиолдолд шинэчлэн боловсруулах;
3/ Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх байнгын бүтэц, тогтолцоог бий болгох;
Засгийн газрын зүгээс Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтийн байдалд хоёр жил тутам хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж Улсын Их Хурлын холбогдох Байнгын хороонд танилцуулж байхаас гадна иргэд, олон нийтийн хараат бус үнэлгээ, хяналтыг хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байгааг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ онцолсон юм.
Ингээд Улсын Их Хурлын дарга З.Энхболд “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт гардуулж өгөв.
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг гардаж аваад хэлсэн үгэндээ, Улсын Их Хурлын намрын чуулганаар “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг батлан гаргасан нь Монгол Улсын түүхэнд тэмдэглэгдэн үлдэх нэгэн чухал үйл явдал болж байгааг дурдаад манай улс өнгөрсөн оны 9 дүгээр сард болсон НҮБ-ын дээд чуулга уулзалтаас батлан гаргасан “Даян дэлхийн тогтвортой хөгжлийн үзэл баримтлал”-ын үндсэн зорилтуудыг үндэсний хөгжлийнхөө бодлогын баримт бичигт тусгаж батлаад байгаа анхдагч улс орнуудын нэг болсон нь бусад орнуудад үлгэр дууриал үзүүлэх чухал шийдвэр юм. Үүгээрээ Монгол Улс дэлхий нийтийн тогтвортой хөгжлийн бодлогыг дэмжигч төдий бус бодит ажил хэрэг болгохын төлөө бодит үйл ажиллагааг явуулж байгаа ажил хэрэгч, санаачлагатай улс орон юм гэдгийг энэ үйл явдал илтгэн харуулж байна гэдгийг онцоллоо.
Тэрээр тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах явдал чухал.
Монгол Улс ойрын 15 жилийн хугацаанд баримтлах хөгжлийн бодлогоо улс төрийн намуудын хамтын хүчээр, санал нэгтэйгээр батлан гаргасан нь Монгол Улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин цаашид тогтвортой байх болно гэдгийг гадаад, дотоодын хөрөнгө оруулагчид, түншлэгчдэд илтгэн харуулж байгаа чухал үйл явдал юм гэдгийг Ерөнхий сайд онцлоод Улсын Их Хурлаас өгч байгаа үүргийн дагуу тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг цаашид хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө урьд нь батлагдаж гарсан богино, дунд хугацааны хөгжлийн баримт бичиг, төрөөс баримтлах бодлого, хөтөлбөрүүдийг Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн боловсронгуй болгох, хэрэгжүүлэх ажлыг манлайлж, удирдан зохион байгуулах, тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг иргэд олон нийт, бизнес эрхлэгчдэд сурталчлан таниулах, үзэл баримтлалын зорилтуудыг хэрэгжүүлэх үйл ажиллагааг олон улсын хөгжлийн болон банк санхүүгийн байгууллагуудтай нягт уялдуулж, тэдний дэмжлэг туслалцааг авах зэргээр дэс дараатайгаар хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Дараа нь НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч хатагтай Биате Транкман үг хэлж, Монгол Улс нь НҮБ-аас өнгөрсөн онд баталсан Тогтвортой хөгжлийн зорилгуудыг үндэснийхээ онцлогт нийцүүлэн төрийн бодлогын баримт бичиг болгож баталсан дэлхийн анхдагч улс орнуудын нэг болсонд баяр хүргэлээ.
Тэрээр тогтвортой хөгжлийг хэрэгжүүлэхийн тулд юуны өмнө ядуурлыг бууруулах, нийгмийн тэгш хүртээмжтэй байдлыг хангах явдал чухал. Үүнийг хэрэгжүүлэхэд төр засаг, иргэний нийгмийн байгууллагуудын хамтын оролцоо, хүчин чармайлт шаардлагатайг онцлоод “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-ыг хэрэгжүүлэхэд туслахад бид бэлэн байна, бидний хамтын ажиллагаа эхэлсэн, үүнийг цашид улам өргөжүүлэх болно гэдгээ онцоллоо. Мөн тэрээр тогтвортой хөгжлийн үзэл баримтлалын хэрэгжилтэд хийх санхүүгийн нэгдсэн үнэлгээг хэрэгжүүлэхэд Засгийн газарт дэмжлэг үзүүлж ажиллахын зэрэгцээ зарим улс орны сайн туршлага, давуу талаас суралцах чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
Ёслолын ажиллагааг хааж Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үг хэлсэн үгэндээ, энэ удаагийн Улсын Их Хурлаас батлан гаргасан чухал шийдвэрүүдийн нэг нь Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хууль, нөгөөх нь энэ хуульд нийцүүлэн гаргасан “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлогын баримт бичиг юм. Энэ бол намуудын хамтын бүтээл гэж үзэж болно гээд бодлогын баримт бичгийг батлан гаргахад идэвхтэй ажилласан Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн гишүүд, ажлын хэсэг болон ажлын дэд хэсгийн гишүүд, дэмжлэг туслалцаа үзүүлж хамтран ажилласан НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр болон олон улсын байгууллагуудын төлөөлөлд талархал илэрхийлсэн юм.
Ёслолын ажиллагааны дараа Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгийн дарга нар хэвлэлийн бага хурал хийж, “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” бодлого баримт бичгийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэр Улсын Их Хурал дахь АН-ын бүлгийн дарга Д.Гарамгайбаатар Улсын Их Хурлын намрын чуулганаар батлагдсан Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нийцүүлэн “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030” урт хугацааны бодлогын баримт бичиг баталж, хэрэгжүүлэх ажлыг эхлүүлээд байна. Энэ нь амьдралд нийцсэн, хэрэгжих бодит боломжтой, алс хэтийн зорилтоо тодорхойлсон, улс орны хөгжилд нэн чухал ач холбогдолтой баримт бичиг болсныг онцолсон бол Улсын Их Хурал дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт энэ 4 жилд Улсын Их Хурал дахь нам, эвслийн бүлгүүд зөвшилцөн ойлголцож нэгдсэн нэг ойлголтод хүрч баталсан цөөн хууль тогтоомжийн нэг нь энэхүү бодлогын баримт бичиг юм. Бодлогын баримт бичиг батлагдсанаар хөгжлийн талаарх төрийн бодлого тодорхой боллоо, одоо үүнийг хэрэгжүүлэх үүрэг Засгийн газарт ногдож байна. Иймээс баримт бичгийг хэрэгжүүлэхийн тулд засаглалын тогтолцоог боловсронгуй болгох, энэ зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө гэсэн нэг зорилго, алсын хараатай ажиллах явдал чухал юм гэдгийг онцлов.
Мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг энэ ажил олон хүний оролцоо, хамтын хүчин чармайлтаар бүтсэн, олон улсын байгууллагууд ч санаа тавьж дэмжлэг туслалцаа үзүүлж ажилласанд талархал илэрхийлээд бодлогын баримт бичиг нь нэг талаар улс орны хөгжлийг цоо шинэ шатанд гаргах, нөгөө талаар улс төрийн соёлыг бүхэлд нь өөрчлөхөд ач тустай юм гэдгийг онцоллоо. Түүнчлэн хэвлэлийн бага хуралд оролцсон Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл бодлогын баримт бичгийг хэрэгжүүлэхэд Засгийн газар, төрийн байгууллагуудаас гадна иргэний нийгмийн байгууллагууд, бизнес эрхлэгчид, иргэдийн идэвхтэй оролцоо, хамтын хүчин чармайлт чухал гэж үзэж буйгаа хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.