Монголыг гадныханд худалдах гэсэн новшнууд ямар их улайрч байна аа
2016.04.12

Монголыг гадныханд худалдах гэсэн новшнууд ямар их улайрч байна аа

-ЦЕГ Баянгол зочид буудалд байрлах хоёр хувийн хэвшилд тусгай хүчнээр хамгаалуулж, санхүүгийн шалгалт явууллаа-

Тавантолгойн орд газрыг гадны компанид өгөх гэсэн эрх ашгаас үүдэлтэй АН-ын лидер улстөрчдийн зөрчил туйлдаа хүрээд буй. Энэ маргаанаас үүдэлтэйгээр УИХ-ын гишүүн Х.Баттулга болон түүнийг тойрон хүрээлж буй залууст хууль хүчний байгууллагаас “Төмөр зам”-ын гэх хэрэг үүсгэж, шалгаж эхэлснээс хойш багагүй хугацаа өнгөрчээ. Х.Баттулга гишүүнтэй холбогдуулан шалгаж эхэлсэн энэ хэрэг түүний хувийн компаниуд руу шилжиж, Х.Баттулга гишүүний хувийн компани болох “Түмэн хишигтэн”, “Баялгийн хувь” гэсэн байгууллагыг шалгаж эхэлсэн юм. Х.Баттулга гишүүний хоёр ч туслахыг ЦЕГ-аас баривчилсан бөгөөд улмаар энэ бүх зөрчил маргаантай асуудлаас болж АН-ынхан өнгөрөгч бямба гарагт Их тэнгэрт ээлжит бусаар хуралдахад хүрсэн. 

Н.Түвшинбаяр: “Хэцүүхэн юм болж байна. 2012 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчлаад явж байсан. Түүнтэй адил юм болох гэж байна уу гэж айж байна. Маргааш /өнөөдөр/ манай жүдо бөхийн шигшээ багийнхан Азийн аваргад багаараа явах гэж байгаа. Гэтэл яг ийм үед энэ үйл явдал өрнөж байгаа нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлнө. Холбооны ерөнхийлөгчийг нь барьчихвал нойр хүрэхгүй шүү дээ. Ямар ч байсан үйл явдлыг харж л байя” хэмээн ярилаа.

 

Хурлын дараа АН-ынхан бид эвлэрлийн хурал хийлээ. Одоо ямар нэг зөрчил маргаан байхгүй хэмээн мэдэгдсэн. Гэсэн ч өчигдөр өглөө хуралдсан бүлгийн хурлаар өмнө УИХ-ын гишүүн Х.Баттулгын өөр хоёр туслахыг баривчилсан гэх мэдээлэл байгаа. Х.Баттулга гишүүн мөрийн хөтөлбөр хэлэлцэж байсан бүлгийн хуралдааны үеэр үг хэлэх зөвшөөрөл авч “Өнөөх бямба гарагийн эвлэрэл юу болсон бэ. Ингэж эвлэрэх юм уу. Зам тээврийн яам болон ҮХАА-н сайдаар ажиллаж байх үед миний удирдлагад ажиллаж байсан залуу, бүсгүй хоёрыг барьчихлаа” гэсэн мэдэгдэл хийсэн аж.Үүний дараа бүлэг хаалттай хуралдаж баривчилгааны асуудлаар чамгүй урт маргаан өрнүүлжээ. Тэгвэл өчигдөр өглөө 09.00 цагаас эхлэн ЦЕГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн мөрдөн байцаагчид Баянгол зочид буудалд байрлах Х.Баттулга гишүүний хувийн өрөө рүү халдаж, нэгжлэг хийж эхэлсэн гэх мэдээлэл цахим хуудсаар цацагдаж, улмаар сошиал ертөнцөд тусгайгийн албан хаагчид УИХ-ын гишүүн Х.Баттулга, Д.Ганбат нарыг зогсоочихоод албан өрөөнд нь хамгаалалт гаргасан зураг цацагдаж эхэлснээр хэвлэлийн анхаарал Баянгол зочид буудлыг чиглэсэн юм. 

Гүйцэтгэх ажиллагаа буюу түүнийг баривчлах нь гэсэн мэдээлэл эрчимтэй тарснаар УИХ-ын гишүүд, Монголын чөлөөт бөхийн холбооны тэргүүн Д.Дагвадорж, Монголын жүдо бөхийн холбооны тамирчид, Олимпийн аварга Н.Түвшинбаяр, Х.Цагаанбаатар, найруулагч Б.Баатар болон Хотын дарга Э.Бат-Үүл нар очсон. Улмаар УИХ-ын гишүүн Х.Баттулга “Монголоо гадныханд худалдах гэж эрээ цээргүй дайрсан новшнууд ямар их улайрч байна аа” хэмээн жиргэснээр асуудал улам хурцдаж, тусгай хүчний албан хаагчид түүнийг баривчлахаар ирсэн гэх мэдээллийг улам лавшуурлав. Ийнхүү бүтэн өдөржин Баянгол зочид буудлын дараа телевиз, сонин, сайтын сэтгүүлчид цуглаж, УИХ-ын гишүүн Х.Баттулгыг дэмжигч иргэд, МоАХ-ны ахмад партизан, иргэний хөдөлгөөнүүд цуглав. Гэвч Х.Баттулга гишүүнийг баривчлах гээгүй, санхүүгийн бичиг баримтад шалгалт оруулахын тулд буутай цагдаа, 30 гаруй тусгай хүчин дагуулж очсон ЦЕГ эргээд өөрсдөө шүүмжлүүлэв. 

Баянголыг тойрсон үйл явдлыг цаг хугацааны дарааллын дагуу тоймлон хүргэе. 


17.24 цагт: Их аварга Д.Дагвадорж яарч сандарсаар хүрч  ирэв. Тэрбээр “Сошиал медиагаас мэдээлэл аваад ирлээ. Юу болж байгаа юм бол. Юу ч гэсэн хүлээе. Өмнө нь дөрөвдүгээр сард Н.Энхбаяр даргыг баривчилж байсан шиг  тийм сонин мэдрэмж төрөөд явчихлаа” гэсэн юм. 

17.35 цагт: МоАХ-ны нарийн бичгийн дарга Г.Байгальмаа ирэв. Тэрбээр “УИХ-ын бүрэн эрхийн хугацаа дараагийн гишүүн сонгогдон тангараг өргөснөөр дуусдаг. Гэтэл ийм бүрэн эрхийг нь эдлүүлэхгүй, халдаж байгаа нь хууль зөрчиж байна.Цагдаа болон тусгайгийн аль аль нь байгаа сурагтай. Нэр дэвших эрхийг нь хаах, боох зорилгоор УИХ-ын гишүүний бүрэн эрхэд халдаж байгаа нь шууд ирэх сонгуультай холбоотой. Шууд улстөрийн зорилготой гэж харж байна” гэлээ.  

17.40 цагт: Улаанбаатар хотын дарга бөгөөд нийслэл хотын захирагч Э.Бат-Үүл “Нэгжлэг явуулж байгаа гэсэн үү. Нэгжлэг хийхээр яагаад тусгайгийнхан ирж байгаа юм бол. Уг нь хуулиар хэн нэгэн нэгжлэг хийх гэж байгаа бол мөрдөн байцаагч, прокуророос зөвшөөрөл аваад гэрчийн хоёр этгээдийн хамт нэгжлэг хийдэг. Гэтэл тусгайгийнхан ирчихсэн, хэвлэл мэдээллээс дуудсан болохоор би ч бас үзэх гэж ирлээ” хэмээсэн. Тэрбээр дотогш нэвтэрсэн ч холбогдох хүмүүс тодорхой мэдээлэл өгсөнгүй гэсээр удалгүй гарч одсон юм. 

17.54 цагт:  АН-ын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар “Нөхцөл байдлыг ажиглаад байж байна. Өглөө хуралдсан бүлгийн хурлын талаар тайлбар өгөх арга алга. Ямар ч мэдээлэл алга. Үзээгүй учраас тайлбар алга. Энэ мэдээллийг Төрийн ордноос аваад ирлээ” гэлээ. Мөн УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Г.Уянга нар ч хэвлэлээс авсан мэдээллийн дагуу ирсэн хэмээгээд цуварсаар Баянгол зочид буудал руу нэвтрэв. 

18.07 цагт: Олимпийн аварга Н.Түвшинбаяр: “Хэцүүхэн юм болж байна. 2012 онд Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгчийг баривчлаад явж байсан. Түүнтэй адил юм болох гэж байна уу гэж айж байна. Маргааш /өнөөдөр/ манай жүдо бөхийн шигшээ багийнхан Азийн аваргад багаараа явах гэж байгаа. Гэтэл яг ийм үед энэ үйл явдал өрнөж байгаа нь тамирчдын сэтгэл зүйд нөлөөлнө. Холбооны ерөнхийлөгчийг нь барьчихвал нойр хүрэхгүй шүү дээ. Ямар ч байсан үйл явдлыг харж л байя” хэмээн ярилаа.

18:10 цагт: ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн хурандаа Б.Баатархүү “Мөрдөн байцаалтын үйл ажиллагаа явуулах хугацаанд “Баялгийн хувь” ХХК, “Түмэн хишигтэн” ХХК-ны санхүүгийн шалгалт хийх хэрэгцээ шаардлага гарсан. Үүнээс үүдэн тус хоёр компани нь Баянгол зочид буудалд үйл ажиллагаа явуулдаг юм. Нэгжлэгийн явцад аюулгүйн байцаан шийтгэх хуульд заасны дагуу прокурорын зөвшөөрөлтэй, хөндлөнгийн гэрчтэй явуулж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр УИХ-ын гишүүн Х.Баттулгыг баривчлах гэж байна гэсэн ташаа мэдээлэл гарч байна. Хуулийн дагуу нэгжлэгээ явуулж байгаа. УИХ-ын гишүүний өөрийнх нь хувийн  өрөөнд нэгжлэг хийсэн үйлдэл бол байхгүй. Зөвхөн дээрх хоёр байгууллагын санхүүд шалгалт хийж байгаа. Баянгол зочид буудалд оффис нь байдаг учраас энд явагдаж байгаа гэдгийг мэдэгдэж байна" гэлээ.

18.32 цагт: УИХ-ын гишүүн Ж.Батзандан “Монгол орон бол ардчилсан орон. Монгол орон бол нээлттэй орон. Тиймээс би Өргөдлийн байнгын хорооны даргын хувиар ирлээ. Манайд ийм гомдол ирлээ. Та ирээч.  Хууль бусаар нэгжлэг хийж байна гэсэн мэдээлэл ирсэн. Нэгжлэг хууль бусаар хийгдэж байна гэсэн. Сэтгүүлчид над руу ярьсан. Цагдаагийн байгууллагын хууль бус баривчилгаа сүүлийн үед хэрээс хэтэрлээ. Тиймээс би нээлттэй танилцахаар ирлээ. Баривчилгаа, нэгжлэг яаж явагддагийг харах ёстой гэж бодлоо. Ардчилсан нам Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байна. Тиймээс эрүүгийн байцаан шийтгэх үйл ажиллагаа ямар явж байгааг харах гэж ирлээ” гэв. 

20.29 цагт: Баянгол зочид буудлын оффист ажиллаж байсан цагдаа болон тусгайгийн алба хаагчид хэд хэдэн хайрцаг бүхий баримт бичгийг холбогдох ажилтнуудын хамт авч явснаар үндсэндээ өчигдөр өрнөсөн үйл явдал дуусгавар болсон юм. Үүний дараа Д.Ганбат, Г.Уянга, Л.Эрдэнэчимэг нарын гишүүд хэвлэлийнхэнд өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. 

УИХ гишүүн Х.Баттулга: “Манай өмгөөлөгчтэй өчигдөр өглөө ярьсан гэсэн. “Баялгийн хувь”, “Түмэн хишигтэн” гэсэн хоёр компанид санхүүгийн шалгалт хийнэ гэсэн мэдээлэл өгсөн. Гэсэн ч тусгай хүчнийхэнтэй ирсэн. Тусгайгийн хүчний ажилчдаа явуул, бөөн асуудал болох гээд байна. Хэвлэлийнхэн цуглаад байна гэж манай өмгөөлөгч хэлсэн. Төмөр замын гэх асуудлаар эхэлсэн хэрэг явсаар хувийн компани руу орж ирж байгаад харамсч байна. Үүнийг захиалсан эзэд нь тун удахгүй тодорхой болох байх” гэв. 

20.33 цагт: Хуульзүйн байнгын хорооны дарга Д.Ганбат: “Хуулийг хэрэгжүүлж болно. Гэхдээ сүржигнэхээ  байчих л даа. Х.Баттулга гишүүн энэ хэрэгт орооцолдох зүйл байхгүй. Баянхонгорын ард түмэн бүгд мэдэж байгаа. Би ч гэсэн мэдэж байна. Хувийн компаниудыг шалгадаг юм байгаа биз. Гэтэл тусгайгийнхныг авчраад сүржигнээд байх шаардлагагүй л байсан болов уу. Хууль хүчний байгууллагууд эмх замбараагүй байдал үүсгээд олон түмний амгалан тайван байдлыг алдагдуулж ажиллаж болохгүй. Хуулийн биелүүлж, эмх замбараагүй байдал үүсгэхгүйгээр зөв шударга ажиллах ёстой. Гэтэл энэ ажлаа яаж хийж байгаа нь үүнээс харагдаж байна” гэсэн юм. 

УИХ гишүүн Л.Эрдэнэчимэг: “Энэ асуудал Тавантолгойн ордтой  шууд холбоотой. Аль аль нам дамжсан Тавантолгойн бүлэглэл бий. Гадаадуудад 98 хувийг нь өгөх гэж байсан Тавантолгойн гэрээг батлуулаагүй, зогсоосоноор энэ асуудал үүсч байгаа шүү гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Тавантолгойн асуудлыг шийдэхгүйгээр ийм асуудал цаашдаа үргэлжилсээр л байх болно. Ийм маягаар цааш үргэлжлэх юм бол баривчилгаа явагдаж магадгүй. Бид нар хажууд нь байсан тулдаа ямар нэг баривчилгаа хийгдсэнгүй.  Мөн дээр ньХ.Баттулга гишүүний туслах хүүхэдтэй, жирэмсэн эмэгтэйчүүдийг онилж баривчилж байна. Өнөөдөр өглөө хүртэл нэг эмэгтэй туслахыг нь баривчилсан. Ер нь бол сонгууль дөхөж байгаа. Тавантолгойн асуудал шийдэгдэхээс нааш сонгуулиар баривчилгаа дуусахгүй” гэлээ. 

УИХ гишүүн Г.Уянга: Юу болж байгааг мэдэхгүй ирсэн. Компанийн санхүүд л шалгалт хийж байгаа юм байна. Компанийн санхүүд шалгалт хийхийн төлөө автобус, автобусаар нь цагдаа, тусгайгийнхныг авчирч сүржигнэх хэрэггүй байсан болов уу гэж бодож байна. Энэ олон тусгайгийн сүртэй хүмүүсээс болоод хүмүүс бүгдээрээ сүржин байдалд орчихлоо. Процессийг харахад, улстөржсөн хандлага ажиглагдаж байна. Гишүүд дотор бас ярьж байлаа. Ер нь Тавантолгой, төмөрзамын асуудал юу болсон юм бэ гэдэг талаар Хууль зүйн байнгын хороон дээр нээлттэй сонсгол хийвэл яасан юм бэ гэж хоорондоо ярилцлаа. Энэ нь ч зөв байх” гэв.