Сонгуулийн үеэр Солонгосын 84 000 цагдаа санал авах байруудыг хамгаална
2016.04.13

Сонгуулийн үеэр Солонгосын 84 000 цагдаа санал авах байруудыг хамгаална

Дөрөвдүгээр сарын 13-ны энэ өдөр өмнөд солонгосчууд тус улсын парламент болох Үндэсний хурлын сонгуульд саналаа өгч байна.

Солонгосын парламент 300 гишүүнтэйгээс 253 нь нэг мандаттай тойргуудаас, үлдсэн нь пропорциональ системээр сонгогддог.

Эрх баригч “Сэнуридан” намын дарга Ким Су Сон сүүлийн үед улсынхаа өмнөд мужуудад идэвхтэй сурталчилгааны ажил хийсэн бөгөөд санал асуулгын дүнгээр олонхийн суудал авна гэсэн дүгнэлт гарчээ. Бие даагчид саналыг нь хуваасан ч Сэнуридан нам ялах магадлал өндөр.

Солонгосын Рёнхап агентлагийн мэдээлснээр эрх баригч нам энэ сонгуулиар 150-170 суудал авах төлөвтэй. Харин сөрөг хүчин болох Ардчилсан нам ихээр бодож 100 суудал авахаар байна. Өмнөд Солонгосын Ардын нам ойролцоогоор 28-32  суудал авна гэж таамаглаж байна.

Хойд Солонгостой дайсагналын байдалд байгаа Өмнөд Солонгос сонгуулийн үеэр аюулгүйн өндөржүүлсэн байдалтай байдаг. Тус улсын хэвлэлүүдэд мэдээлж буйгаар 13 837 санал авах байран дээр 84 995 цагдаагийн албан хаагч ажиллана. Энэ нь Солонгосын цагдаа нарын 60 орчим хувь нь юм. Санал авах байрнаас саналын хуудасны хайрцагийг тээвэрлэхэд хайрцаг тус бүрийг хоёр цагдаа дагалдана. Харин улсын хэмжээнд 253 байгаа саналын хуудас тоолох байрнуудад тус бүр 60 цагдаа ногдож байна. Сонгуулийн үеэр цагдаа нарын ээлжийн амралт, амралтын өдрүүд хойшлогдоно.