НӨАТ-аар иргэдийн хяналтыг бий болгоно
2016.04.18

НӨАТ-аар иргэдийн хяналтыг бий болгоно

Төсвийн байнгын хорооны ажлын албаныхан өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, энэ оны эхнээс хэрэгжиж байгаа Нэмэгдсэн өртгийн албан татвар болон холбогдох бусад хуулийн хэрэгжилтийн явцтай танилцлаа.

Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийг хэрэгжиж эхлэх үед улсын хэмжээнд 12 мянган ширхэг кассын төхөөрөмж ашиглаж байсан бол одоо 36 мянга гаруй НӨАТ-ын баримт хэвлэгч кассын төхөөрөмж ашиглаж байгаа аж. Үүний 7700 ширхэг нь орон нутагт, нийслэдд 29 мянга орчим бий гэнэ. Гэхдээ төхөөрөмж тус бүрийг нэг аж ахуйн нэгж гэж ойлгох боломжгүй, томоохон хэмжээний байгууллага 200 хүртэлх тооны кассын төхөөрөмж хэрэглэж буй юм байна.

Хуулийн хэрэгжилтийг бүрэн хангахын тулд улсын хэмжээнд 47 мянган ширхэг НӨАТ-ын баримт хэвлэх төхөөрөмж байх шаардлагатай гэсэн тооцоог холбогдох байгууллагуудаас гаргажээ. Хуулиар НӨАТ-ын төлөгч хэмээн тодорхойлогдсон 50 сая төгрөгөөс дээш орлоготой аж ахуйн нэгжүүд 100 хувь кассын төхөөрөмжтэй болсон бөгөөд төхөөрөмж нэвтрүүлэх зорилт 71 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин жижиглэн худалдаа эрхлэгчид болон зах, худалдааны төвүүд кассын төхөөрөмж ашиглахгүй байгаа бөгөөд гүйцэтгэлийг 100 хувьд хүргэхийн тулд дахин 10 мянга орчим цэгт энэ төрлийг төхөөрөмжийг нэвтрүүлэх шаардлага бий гэж албаны хүмүүс хэлэв. Мөн Нэмэгдсэн  өртгийн албан татварын хуульд заасны дагуу төлсөн татварын 20 хүртэлх хувийг буцаан олгох, сугалаа хэлбэрээр идэвхжүүлэх хоёр төрлийн урамшууллын арга хэмжээг авч хэрэгжүүлж байгаа билээ. Одоогоор улсын хэмжээнд нийт 43 сая ширхэг НӨАТ-ын баримт хэвлэгдсэн гэдэг тооцооллыг Гааль, татварын ерөнхий газраас мэдээллээ. Системийн идэвхтэй хэрэглэгчийн тоо 603 мянга болж өсчээ. Хууль хэрэгжиж эхэлснээс хойш найман удаа сугалааны тохирлыг зохион явуулж нийт 86 мянга гаруй иргэнд 3.5 тэрбум төгрөг олгох үүрэг хүлээгээд байна.

Төсвийн байнгын хорооны дарга Ч.Улаан “Нэмэгдсэн өртгиин албан татварын хууль нь татварын системд хийж буй шинэчлэлийн эхлэл учраас татварын бусад хууль, эрх зүйн зохицуулалт, хэрэгжих механизм өөрчилж боловсронгуй болгох учиртай. УИХ-ын байнгын хороон дээр татварын багц хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах санал гарч, ажлын хэсэг томилогдон ажиллаж байгаа. Хуулийн ач холбогдлыг өргөн агуулгаар нь үзвэл татварын бааз суурийг өргөтгөх, татварын систем, тогтолцоогоо эрүүлжүүлэх замаар улс орны эдийн засагт эерэг нөлөө үзүүлэх, ард иргэд, хэрэглэгчдийн хяналтыг бий болгох юм. Тиймээс УИХ-ын Төсвийн байнгын хороо онцгой анхаарч ажиллаж байгааг зориуд дурдан хэлэх нь зүйтэй” гэв.

Төсвийн байнгын хороо энэ долоо хоногт Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймагт ажиллаж байгаа юм.