Иргэншилгүй амьдрал ямар байдаг вэ?
2016.04.21

Иргэншилгүй амьдрал ямар байдаг вэ?

Фарзад Шафани Туркэд амьдардаг, Иранд афганистан гаралтай гэр бүлд төржээ. Тэр иргэний үнэмлэхгүй, ямар ч иргэншилгүй. НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал хариуцсан Агентлагийн мэдээлж буйгаар дэлхийд ямар ч иргэншилгүй 10 орчим  сая хүн байдаг байна. Фарзад өөрийн амьдралыг ВВС-гийн сурвалжлагчид ярьж өгчээ.

Би 25 настай, афган үндэстэн. Гэхдээ нэг ч улсад харъяалалгүй. Би Туркэд амьдардаг ч НҮБ-ын Дүрвэгсэдийн асуудал хариуцсан Дээд комиссарын бүртгэлд миний нэр байхгүй. Өөрөөр хэлбэл надад ямар нэгэн албан ёсны статус, намайг хүн гэсэн нотолгоо байхгүй.  

Би Иран, Афганистаны хилийн орчим Захедан гэдэг хотод дүрвэгчийн гэр бүлд төрсөн. Эцгийг маань талибууд хайж байсан учир манай гэр бүл Афганистанаас Иран руу зугатан гарсан юм.

Одоо намайг гэх хэн ч байхгүй. Ээж дүүг маань төрүүлэхдээ нас барсан. Тэгэхэд би хоёр настай байсан учраас бараг юу ч санадаггүй. Аав ярихдаа бид Иранд хууль бусаар амьдарч байсан учраас эмнэлэгт хүргэх боломжгүй байсан гэж хэлсэн.

2010 онд аав, дүү хоёр нэг өдөр гадагшаа гараад гэртээ эргэж ирээгүй. Тэр цагаас хойш миний амьдрал эрс өөрчлөгдсөн. Тэр үед Ираны тусгай албаныхан бичиг баримтгүй афганчуудыг баривчилдаг байсан учраас тэд маань баригдсан гэж боддог.

... Би тэднийг удаан хүлээсэн ч ирээгүй. Дараа нь би Иранаас явахаар шийдсэн юм ....

Гудамжинд таарсан хүмүүс намайг ямар ч шалтгаангүй зоддог байсан. Сорви нь одоо болтол арилаагүй.

Дүрвэгсэд Европ руу нэвтрэх оролдлого хийхдээ далайд живж амь эрсдэх нь элбэг

Намайг нууцаар Иранаас Турк руу нэвтрүүлсэн юм. Дараа нь би хэд хэдэн удаа хууль бус наймаачидтай хамт Европ руу нэвтрэхийг оролдсон.

Би Туркэд байхдаа НҮБ-д дүрвэгчээр бүртгүүлсэн. Гэхдээ Европ руу нэвтрэх оролдлогоо зогсоогоогүй. Зургаан жилийн өмнө Туркэд Сириэс дүрвэгсэд бараг байгаагүй, Африк, Афганистан, Иранаас цагаачид амьдардаг байлаа. Тэд надад Туркэд ирээдүй байхгүй хэлдэг байв.

Аав, эгч хоёр алга болсон жил би анх удаа Европ руу нэвтрэх гэж оролдсон ч бүтээгүй, намайг буцаагаад Турк луу илгээсэн.

...Шинэ жилийг би албадан буцаах төвд өнгөрөөсөн. Тэнд маш аймшигтай байсан. Тэгэхэд би анх удаа амиа хорломоор санагдсан. Намайг эмнэлэгт гавтай хэвтүүлсэн ...

Олон хоног өвдсөний эцэст амь гарч хоёр жилийн дараа гэхэд би Болгарын хилээр давах гэж үзсэн. Тэнд би нэг хэсэг ойд амьдарч байгаад баригдаж Турк луу илгээгдсэн.

Фарзад Болгарын хилийн орчим хэд хоног ойд амьдарчээ

Харин одоо би их сургуульд сурч байгаа учраас хууль бусаар хил давах оролдлого хийж болохгүй. Хэрэв ийм оролдлого хийвэл Турк, Европын холбооны хэлэлцээрт зааснаар намайг Афганистан руу илгээнэ.

Тийшээ явсанаас эндээ үхсэн нь дээр. Олон жилийн өмнө би хэзээ ч Афганистанд эргэж очихгүй гэж өөртөө амласан.

Одоо би илүү зүйлд санаархахгүй, хэзээ нэг өдөр социологийн ухааны эрдэмтэн болно гэсэн зорилготой болсон. Надтай адилхан бичиг баримтгүй, хоёр хилийн хооронд гацсан хүмүүст би туслахыг хүсч байна.