Калифорнид эрэгтэй, эмэгтэй ажилтанд ялгавартай цалин олгохыг хуулиар хориглов
АНУ-ын Калифорни мужид эмэгтэйчүүд, эрэгтэйчүүдтэй ижилхэн бүтээмжтэй ажилласан ч нэг доллар тутамд 14 центээр дутуу цалин авдаг. Тэгвэл 2016 оны нэгдүгээр сард тус мужид Хүйсээс үл хамаарсан цалингийн тэгш байдлын тухай хууль баталжээ.
Хуульд зааснаар ажилтан ижилхэн ажил хийдэг ч хүйсээс хамааран ялгавартай цалин авч байвал энэ талаар гомдол гаргахад л хангалттай. Зөрчил илэрсэн тохиолдолд ажил олгогчтой хариуцлага тооцно. Цалингийн аудит хийлгэх, цалинг тэгшитгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх, шүүх ажиллагааны зардлыг ч ажил олгогч хариуцна. Тиймээс ижилхэн ажил хийдэг ажилчдынхаа цалинг тэгшитгэхгүй бол их мөнгө зарах хэрэгтэй болно.
Цалингийн аудит хийлгэнэ гэдэг төвөгтэй үйл явц байдаг аж. Олонхи компаниудын хүний нөөцийн алба бүх ажилчдыг ажлын ижил төстэй байдлаар нь ангилсан мэдээллийг боловсруулдаггүй, ажилтан бүрийг тус тусад нь туршлага, боловсрол зэрэг цалинд нөлөөлөх хүчин зүйлээр нь судалсан судалгаа ховор байдаг. “Resolution Economics” зөвлөх компаний захирал Элейн Риардон ярьснаар цалингийн аудит 3-6 сар үргэлжилдэг байна.
Шинэ батлагдсан хууль нэг ёсондоо бүх компанид цалингийн нэгдсэн стандартыг бий болгож байна.
Тус хууль ямар мужид бүртгэлтэйгээс үл хамаарч Калифорнид үйл ажиллагаа явуулж байгаа бүх компанид үйлчилнэ.
... Түүнчлэн ажилтнууд бусдынхаа цалингийн хэмжээг мэдэх гэсний төлөө тэднийг шийтгэхийг хуулиар хоригложээ. Тиймээс ажилтан өөрт нь ялгавартай цалин олгож байгаа эсэхийг шалгах эрхтэй ...
Монголд цалингийн ялгаа бий юу?
Монгол Улсын хувьд жендерийн тэгш байдлаар дэлхийн улс орнуудаас 56 дугаар байрт ордог. МУИС-ийн Хүн ам зүйн сургалт, судалгааны төвийн 2015 оны судалгаагаар ажиллагсдын хөдөлмөрийн үнэлэмж болох дундаж цалин 2006 оноос эхлэн хурдацтай өсч байгаа боловч дундаж цалингийн зөрүү хүйсийн хувьднэмэгдэж байна.
... 10 гаруй жилийн өмнө дундаж цалингийн зөрүү 10 орчим мянган төгрөгөөр хэмжигдэж байсан бол өнөөдөр 40 орчим мянган төгрөгөөр ялгаатай болжээ ...
2002 онд эрэгтэйчүүдийн дундаж цалин 138’000 төгрөг байсан бол эмэгтэйчүүдийнх 120 мянга байсан. 2007 онд эрэгтэй 178’800 төгрөг, эмэгтэй 155’400 төгрөг болж зөрүү 23 мянга болсон.
Харин 2012 онд эрэгтэйчүүд 219’000 төгрөг болоход эмэгтэй 177’000 төгрөгийн дундаж цалинтай болсноор зөрүү 45 мянган төгрөгийн ялгаатай болж нэмэгджээ.
Үүний шалтгаан нь эмэгтэйчүүд хүүхэд төрүүлэх, ар гэрээ авч явахад илүү цаг зарцуулдгаас эрэгтэйчүүдтэй адил боловсрол эзэмшиж, ажлын туршлага хуримтлуулах цаг бага гардаг байна.