"МБЗ их сургуулийн танхимд” хөтөлбөр үргэлжилж байна
"МБЗ их сургуулийн танхимд” ээлжит цуврал лекц ХУИС дээр боллоо
2016.04.19

"МБЗ их сургуулийн танхимд” хөтөлбөр үргэлжилж байна

Монголын бизнесийн зөвлөл 2012 оноос хойш “Монголын бизнесийн зөвлөл их сургуулийн танхимд” хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ. Хөтөлбөрийн зорилго нь их сургуулиа төгсөх гэж буй оюутнуудад ажил, мэргэжлийн гараагаа эхлэхэд нь туслах бөгөөд үүний хүрээнд цуврал лекцүүдийг зохион байгуулдаг.

Одоогоор Бизнесийн зөвлөл нь ШУТИС, МУИС, МҮИС (Монголын үндэсний их сургууль), ХУИС, СЭЗДС зэрэг сургуультай хамтран ажилладаг бөгөөд нийт 2700 гаруй багш оюутан энэ хөтөлбөрт хамрагджээ.

Энэ удаагийн лекцийг Хүмүүнлэгийн ухааны их сургууль дээр зохион байгуулж, лектораар УИХ-ын гишүүн С.Оюун уригдаж “Тогтвортой хөгжил” сэдвээр лекц уншлаа.

УИХ-ын гишүүн С.Оюун тус лекцээр тогтвортой хөгжил буюу эдийн засаг, байгаль орчин, нийгэм гэсэн гурван зүйлийн тэнцвэртэй, харилцан нэг нэгнээ нөхсөн, дэмжсэн хөгжлийн загварын мөн чанар, ач холбогдлыг оюутнуудад тайлбарлаж өглөө. Лекцийн хүрээнд нийт хүн төрөлхтний санааг зовоох болсон тогтвортой хөгжлийн талаар Монголын төрөөс хэрэгжүүлж байгаа бодлого, зорилтуудын талаар ярилаа. Түүнчлэн тогтвортой хөгжлийг хангахын тулд өдөр тутмын амьдралдаа эрчим хүч, байгалийн аливаа нөөцийг ухаалгаар ашиглах, сэргээгдэх эрчим хүчийг түлхүү ашигладаг болох, орчноо бохирдуулахгүй байх зэрэг эдүгээ тулгамдаад буй олон асуудлаар оюутнуудтай ярилцлаа.

Харин оюутнууд агаар, ус, хөрсний бохирдол экологийн тулгамдсан асуудалтай холбогдуулан асуулт тавьж, энэ талаар хэрэгжүүлж буй төрийн бодлого, хөтөлбөр яагаад үр дүнгээ өгөхгүй байгаа шалтгааныг асууж сонирхлоо.

Лекцийн төгсгөлд УИХ-ын гишүүн С.Оюун ирээдүйд мэргэжлийнхээ үйл ажиллагааг тогтвортой хөгжлийн зорилтуудтай холбовол улс орондоо тусгай үйл бүтээж чадна гэдгийг оюутан залууст зөвлөлөө.

2015 онд зохион байгуулсан лекцүүд