Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Австрийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
2016.04.22

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж Австрийн парламентын төлөөлөгчдийг хүлээн авч уулзав

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж энэ сарын 21-23-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдож байгаа Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцохоор манай улсад хүрэлцэн ирсэн Бүгд Найрамдах Австри Улс /БНАУ/-ын парламентын гишүүн Андреас Карлсбокийг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав. 

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын эхэнд Австрийн парламентын төлөөлөгчийг Монгол Улсад тавтай зочлохыг хүсээд энэ зун Монгол Улсад болох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтын хүрээнд болж буй хамгийн эхний уулзалт болох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад Австрийн парламент төлөөллөө оролцуулж байгаад баяртай байгаагаа илэрхийлэв.

Австрийн парламентын гишүүн Андреас Карлсбок тусгайлан цаг гаргаж хүлээн авч уулзаж буйд нь Улсын Их Хурлын дэд даргад талархал илэрхийлээд Австрийн парламентын Ерөнхийлөгчийн мэндчилгээг уламжлав. Мөн тэрээр хоёр орны найрсаг харилцаа, хамтын ажиллагаа улам бүр өргөжиж буйг тэмдэглээд Австри Улс нь байгалийн нөөц баялаг ихтэй, уул уурхайн салбар эрчимтэй хөгжиж байгаа Монгол Улсыг чухал хамтрагч гэж үздэгийг тэмдэглэв. Тиймээс уул уурхайн салбарын өндөр технологи, сургалтын өндөр түвшинтэй Австри Улсад энэ салбарын чиглэлээр монгол оюутнуудыг сургаж мэргэшүүлэх боломжтойг онцлов.

Улсын Их Хурлын дэд дарга Монгол Улсын Их Хурал Австрийн парламентай харилцаа, хамтын ажиллагаагаа улам хөгжүүлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлээд Монгол Улсын Их Хуралд Монгол-Австрийн парламентын бүлэг байгуулагдан ажиллаж байгаа, уг бүлгийг Улсын Их Хурлын гишүүн Л.Цог даргалдаг болохыг дуулгав. Мөн тэрээр Австрийн парламентад Австри-Монголын парламентын бүлэг байгуулагдаж, хамтран ажиллана гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ.

 

Австрийн парламентын гишүүн Андреас Карлсбок Австрийн парламент дахь Австри-Төв Азийн орнуудын найрамдлын бүлэг идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд Монгол Улс тэнд багтдаг. Цаашид парламентдаа Австри-Монголын найрамдлын бүлгийг зайлшгүй байгуулах шаардлагатай гэж үзэж байгаа, манай парламентын гишүүд энэ асуудлыг дэмжинэ гэдэгт итгэж байгаа гэдгээ хэллээ. Мөн тэрээр Австри дахь Монголын Элчин сайд болон Өргөмжит консул хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр идэвхтэй ажилладгийг дурдаад цаашид Монголын эрүү нүүр, шүдний эмч нар, энэ чиглэлээр суралцдаг анагаахын сургуулиийн оюутнуудыг солилцож сургаж дадлагажуулах асуудлыг дэмжихээ илэрхийлэв.

 Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг цаашид улам өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байгаагаа илэрхийлээд Түншлэл хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Европын Холбооны хэлэлцээрийг Бүгд Найрамдах Австри Улс соёрхон батална гэж хүлээж байгааг дурдав. Мөн Монгол Улс, БНАУ-ын эдийн засгийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Австрийн Засгийн газраас олгож буй хөнгөлөлттэй зээлийн 2 дугаар үе шатыг эхлүүлэхээр ажиллаж буйд баяртай буйгаа илэрхийлээд Монгол, Австрийн Засгийн газар хоорондын комиссын ээлжит 6 дугаар хуралдаан 2016 оны 5 дугаар сарын 23-25-нд Вена хотноо болохыг дурдаж, тус комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг хүслээ. Түүнчлэн Австрийн тал НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2026оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн. Манай улс НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний 2022 оны сонгуульд нэрээ дэвшүүлсэн, иймээс хоёр улс бие биенээ харилцан дэмжих тохиролцоо байгуулсныг дурдав.

Улсын Их Хурлын дэд дарга Р.Гончигдорж уулзалтын төгсгөлд энэ зун Монгол Улсад зохиогдох АСЕМ-ын дээд түвшний чуулга уулзалтад Австрийн талаас өндөр түвшинд оролцоно гэдэгт найдаж буйгаа илэрхийллээ.

Уулзалтад Улсын Их Хурлын гишүүн З.Баянсэлэнгэ болон албаын бусалд хүмүүс оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.