Улсын Их Хурлын дарга З.Энхболд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршаллыг хүлээн авч уулзав
2016.04.22

Улсын Их Хурлын дарга З.Энхболд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршаллыг хүлээн авч уулзав

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршалл,Австралийн Холбооны Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ж.Лантри нарыг өнөөдөр /2016.04.22/ хүлээн авч уулзав.

Уулзалтын эхэнд Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочдод Монгол Улсад тавтай морилохыг хүсээд Ази, Европын Парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож байгаад болон АСЕМ-ын дээд хэмжээний 11 дүгээр уулзалтад Австрали Улсаас сайдын түвшинд оролцохоо мэдэгдсэнд талархал илэрхийлэв.

Хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосноос хойш улс төр, эдийн засаг, нийгмийн бүхий л салбарт нягт хамтран ажиллагаа бий болоод байна. Тухайлбал, Австралийн боловсролын тэтгэлгийн хүрээнд манай 400 гаруй төрийн албан хаагч Австралид суралцсан бөгөөд тэд эх орныхоо хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг хэлэхэд таатай байна. Монголд үйл ажиллагаагаа явуулж буй 200 гаруй аж ахуйн нэгж, Улаанбаатарт ажиллаж байгаа Монгол-Австралийн худалдааны танхим, Мелбурнд ажилладаг Австрали, Монгол бизнес зөвлөлийн үйл ажиллагаа зэргээс дүгнэхэд Монгол, Австралийн харилцаа өргөн хүрээтэй түншлэлийн хэмжээнд аль хэдийнэ хүрсэн байна хэмээн Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ цохон тэмдэглэсэн.

 

Австралийн Холбооны Улсын Парламентын Сенатын танхимын дэд ерөнхийлөгч Гавин Маршалл Улсын Их Хурлын даргад найрсаг дотноор хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд АСЕМ-ын дээд хэмжээний уулзалтад манай улсаас Гадаад хэргийн сайд оролцоно. Хэдийгээр удахгүй манай улсад сонгууль болох ч ямар нам ялахаас үл хамааран хоёр орны харилцаа холбоог улам хөгжүүлэхийг эрмэлзэж байдгийн илэрхийлэл болгож шинээр томилогдох Гадаад хэргийн сайд АСЕМ-д оролцох болно. Австрали Улсын тэтгэлэгт хөтөлбөр үр өгөөжтэй хэрэгждэг. Бид энэ хөтөлбөрөө цаашид ч үргэлжлүүлнэ. Гэхдээ тооноос илүү чанарт анхаарна. Энэхүү хөтөлбөр танай улсын хөгжил дэвшилд эерэгээр нөлөөлж байгааг сонсоход тааламжтай байна. Улсын Их Хурлын дарга таны хэлсэнчлэн Австралийн компаниуд Монголын зах зээлд үр ашгаа өгч байгаа нь хоёр улсад аль алинд нь ач тустай юм гэлээ.

 

Монгол, Австрали Улс олон улсын тавцанд идэвхтэй хамтран ажиллаж, бие биенээ дэмжиж ирсэн сайхан уламжлалтай. Манай хоёр орны энэхүү уламжлалт найрсаг харилцаа бүс нутгийн тогтвортой байдал, нийгэм, эдийн засгийн хөгжил цэцэглэлтийн тусын тулд цаашид ч улам өргөжин бэхжинэ гэдэгт итгэлтэй байгаагаа Улсын Их Хурлын дарга З.Энхболд уулзалтын төгсгөлд илэрхийлэв.

Уулзалтын үеэр талууд дэлхийн зах зээл дээрх түүхий эдийн үнийн уналт, Австрали, БНХАУ хооронд байгуулсан Чөлөөт худалдааны гэрээ, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хэрхэн хангах зэрэг асуудлаар ярилцаж, санал солилцов.

 

Уг уулзалтад Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол-Австралийн парламентын бүлгийн дэд дарга О.Баасанхүү, Гадаад хэргийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Д.Ганхуяг болон албаны бусад хүмүүс байлцав гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.