2016.04.26

Эмнэлгийн даргыг улстөрчид бус Удирдах зөвлөл нь томилно

“Ийгл” телевизийн “Зочны цаг” нэвтрүүлэгт УИХ-ын гишүүн С.Одонтуяа уригдан оролцлоо. Түүнтэй шинээр батлагдсан Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн талаар ярилцсаныг хөрвүүлэн хүргэж байна.

-Хэнд, хэдэн төгрөгийн цалин өгөхөө эмнэлэгийн удирдах зөвлөл шийднэ-

-Өнгөрсөн хоёрдугаар сард УИХ-ын найман гишүүн эмнэлгийн зохион байгуулалттай холбоотой хуулийн төсөл өргөн барьсан нь өнгөрсөн баасан гарагт батлагдлаа. Өнөөгийн эмнэлгийн байгууллагад ямар өөрчлөлт хэрэгтэй байв?

-Эрүүл мэндийн салбарын шинэчлэл бол иргэдийн анхаарлын төвд байж, сэтгэлийг нь ихэд зовоож байдаг асуудал. Энэ салбарын шинэчлэлийг эрх зүйн орчны, санхүүгийн, хөрөнгө оруулалтын, тоног төхөөрөмжийн, хүний нөөцийн шинэчлэл гэсэн үндсэн дөрвөн чиглэлээр хийгээд явж байгаа. Дээрээс нь би сэтгэхүйн шинэчлэл гэдгийг нэмсэн. Эрх зүйн орчны шинэчлэлд энэ дөрвөн жилд маш гол хуулиудаа батлуулж чадсан. Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хууль батлагдсан. Сая Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хууль батлагдлаа. Энэ хоёр хууль өмнө нь батлагдсан Эрүүл мэндийн тухай хуультайгаа нийлэхээр энэ салбарын гол ноён нуруу босоод ирж байна гэж хэлж болно.

-Эмнэлгийн тусламж үйлчилгээний хуулиар юуг зохицуулах гэж зорьсон бэ?

-Эмнэлэг бол тусламж үйлчилгээ үзүүлдэг үйлчилгээний байгууллага. Гэтэл өмнө нь хуулиар яг төрийн байгууллагатай адилхан статустай байсан. Өөрөөр хэлбэл бүх зүйлийг Сангийн яамнаас асууна. Нэг хаалганы бариул, цонх хагарснаас эхлээд хэн хэдэн төгрөгийн цалин авах эсэхийг  төрийн байгууллага цалингийн сүлжээгээр шийддэг байсан. Тиймээс эмнэлэгт хүн ирээд яаралтай тусламж авах бүрт нь асуудлыг шийдэх, төрийн санхүүжилт орж ирээгүй нөхцөлд яаж эмнэлэг үүнийгээ тасралтгүй явуулах вэ гээд олон асуудлыг бие дааж шийдэх зайлшгүй шаардлага бий болсон. Энэ хуулийн гол зорилт нь төрийн өмч нь хэвээрээ байхаас гадна эмнэлэг өөрөө хагас бие дааж бүх зохицуулалтаа хийх гэсэн чухал зүйлийг тусгасан. Зөвхөн төрийн өмчит эмнэлгүүд биш Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгүүдийг тусламж үйлчилгээ үзүүлэх чиглэлээр нь ангилж байгаа. Ингэснээр ямар тусламж үйлчилгээг ямар байгууллага үзүүлэх вэ гээд эмнэлэг маань эмнэлэг шиг хуультай болж байна гэсэн үг.

-Эмнэлэгийн даргыг улстөрчид бус Удирдах зөвлөл нь томилно-

-Эмнэлгийн удирдлагуудтай холбоотой өөрчлөлт орж байгаа гэсэн. Өнөөдөр эмнэлгийн даргыг хэн томилдог вэ. Та бүхний өргөн барьж байгаа хууль дээр ямар өөрчлөлт орж байгаа вэ?

-Хувийн эмнэлгүүд бол компанийнхаа тухай хуулиар зохицуулагдана. Нийслэл хотод төвлөрч байгаа хамгийн том гурав дахь шатлалын эмнэлгүүд бол төрийн өмчит харъяалалтай. Төрийн өмчит эмнэлгүүдийн удирдлага зохион байгуулалт ямар байхыг энэ хуулиар нарийвчлан шийдэж өгсөн. Өмнө нь улс төрөөс хамааран аль нэг хүчин гарч ирэхэд эмнэлгийн даргыг сольдог байсан. Одоо үүнийг улс төрөөс ангид байлгая гэж эмнэлэг өөрөө урт хугацааны Удирдах зөвлөлтэй болж байгаа. Энэ Удирдах зөвлөл нь дундаасаа гүйцэтгэх захирлаа томилох юм.

-Удирдах зөвлөл хараат бус байх асуудлыг хэрхэн зохицуулах вэ?

-Удирдах зөвлөл өмчийн эзэн гэдгээрээ Эрүүл мэндийн яам, Сангийн яам, бусад холбогдох яамнаас болон төрийн байгууллагын төлөөлөл гурван хүн орно. Тухайн гурван хүн нь эмнэлгийн төлөөлөл буюу эмч, сувилагч, эмнэлгийн ажилтнууд байна. Бусад гурав нь мэргэжлийн төрийн бус байгууллагуудаас орохоор заасан байгаа. Жишээ нь, Эрүүл мэндийн даатгалын хууль хэрэгжиж байгаа учраас даатгуулагчийн эрх ашгийг хамгаалдаг хүмүүс байх ёстой. Мөн тухайн мэргэжлээрээ төрөлжсөн мэргэжлийн ТББ-уудын хүмүүсийн орох эрх нь нээгдэж байгаа. Ингэснээр дундаасаа гүйцэтгэх захирлаа томилно.

-Эмнэлгүүдэд шинэ хуулиар санхүүгийн ямар эрхийг олгож байгаа вэ?

-Санхүүгийн эрх мэдэл эмнэлэг рүү шилжиж байгаа. Хагас бие даасан статустай учраас төрийн өмчийг зарж, борлуулж болохгүй. Бид 100 хувь бие даасан бус хагас бие даасан өмчийн асуудалтай гэдгээр нь ярьж байна. Санхүүжилтийн асуудлыг шийдэхдээ өмнө нь байшин барилга барих мөнгийг нь шийддэг байсан. Харин одоо бид тусламж, үйлчилгээгээр нь санхүүжүүлдэг дэвшилттэй тал руу оруулж байгаа. Бид даатгалын тусламж үйлчилгээг тусламж үйлчилгээгээр нь санхүүжүүлдэг байсан. Өөрөөр хэлбэл, төрөөс санхүүжүүлэлт гээд багцлаад баримжаа, хяналтгүйгээр бөөнд нь өгдөг байсан зүйлээс одоо татгалзаж байна гэсэн үг.

-Бүтцийн шинэчлэл хийнэ гэж ярих болсон. Үүнийг эрүүл мэндийн салбарт халаа, сэлгээ, цомхотгол хийнэ гэж ойлгох уу?

-Эмнэлгийн бие даасан байдлын шинэчлэлд нэлээд урт удаан хугацаа шаардлагатай бөгөөд болгоомжтой хийх ёстой. Тиймээс  эмнэлгийн дагаж мөрдөх ёстой журмын тухай хуулиар Засгийн газар энэ үе шатыг гаргаж өгнө. Эхлээд  анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудаа хамруулах уу, эсвэл шууд нэгдсэн эмнэлгүүдээсээ эхлэх үү гэдгийг үе шаттайгаар хэрэгжүүлэх ёстой. Ингэхдээ Азийн хөгжлийн банктай хамтарч төсөл хэрэгжүүлж байгаа. Өөрөөр хэлбэл, олон жилийн хэвшмэл байдлаас шинэ хэлбэр рүү шилжиж байгаа учраас нэлээд урт хугацаанд энэ шинэчлэлийг хийх шаардлагатай. Халаа, сэлгээний асуудал гарахгүй. Өнөөдөр эмнэлгүүд ачааллаа даахгүй, сувилагч, эмнэлгийн ажилтны тоо хүрдэггүй. Эмнэлэг өөрөө буюу эмнэлгийн Удирдах зөвлөл хэнд хэдэн төгрөгийн цалин өгөхөө бие даан шийднэ. Олон жилийн туршлагатай сайн боловсон хүчнээ бусдад алдахгүй гэсэндээ хэдэн төгрөгийн цалин өгөхөө тухайн эмнэлгийнхэн л шийднэ гэсэн үг. Зарим эмч нар амьдралын эрхээр өглөө нь улсын эмнэлэгт үдээс хойш хувийн эмнэлэгт ажиллах тохиолдол бий.  Хууль хэрэгжсэнээр энэ зүйл зогсоно.

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжиж эхэлсэн. Тэгэхээр санхүүжилт нь үүнийг дагаад шийдэгдсэн хэрэг үү?

-Хууль батлагдсан өдрөөсөө хэрэгжинэ. Харин улсын төсөв санхүүтэй холбоотой заалтууд ирэх оноос хэрэгжинэ. Аль эмнэлгүүдийг хэдий үед шинэчлэлд хамруулахыг Засгийн газар өөрөө журмаараа зохицуулахаар байгаа.

 

-Энэ хууль батлагдаагүй бол эрүүл мэндийн салбар нурж унах байсан-

-Санхүүгийн эрх мэдлийг олгохын хэрээр хяналт нь чангарах болов уу. Хяналтыг хэн, хэрхэн тавих вэ?

-Бид олон орны хуулиудыг судалсан. Хяналт дээр маш том байгууллага ажиллаж байдаг. Жишээ нь, Солонгост гэхэд хяналтын систем нь тухайн байгууллагаасаа том.  Тэнд өвчний түүхүүд хэдэн саяараа эргэлдэн түүнийг хянадаг байгууллага, тогтолцоо нь байдаг. Хэнд ямар тусламж, үйлчилгээ үзүүлсэн нь хяналтын тогтолцоогоороо гарч ирнэ.  Манайд тусламж үйлчилгээ хяналт муутай. 

Тиймээс ЭМД-аараа дамжуулж хэрэгжүүлэх талаар ярьж байна. Өнөөдөр иргэдийн эрүүл мэнддээ зарцуулдаг зардал маш хурдтай өсөж байна. Гэвч иргэдийнх нь орлого үүнийгээ дагаад өсөхгүй байгаа. Улс орон бүр үүн дээр ямар бодлого явуулах эсэхэд анхаарлаа хандуулж байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг үндсэн зорилт тавьж байгаа нь бүх нийтийн эрүүл мэнд гэх зүйл юм. Энэ нь бүх иргэддээ чанартай, хүртээмжтэй тусламж үйлчилгээ үзүүлэх асуудал. Ингэхдээ иргэдээ санхүүгийн эрсдэлд оруулахгүй байх талаар улс орон болгон анхаарч байгаа. Бидний хуулийн төслүүдэд хамгийн гол суурь нь яавал иргэдийг эрүүл мэндийн эрсдэлд оруулахгүйгээр тусламж үйлчилгээг үзүүлэх вэ гэдэг асуудал юм.

-Засгийн газрын журам хэзээ гарах бол?

-Засгийн газар ойрын үед журмаа гаргах байх гэж бодож байна. Учир нь, хууль хэрэгжээд эхэлсэн. Зарим эмнэлгийн тусгай зөвшөөрөлтэй холбоотой, чиглэл нь өөрчлөгдөж байгаа асуудал гарвал түүнд нь тодорхой хугацаа өгч байгаа. Эмнэлгийнхэнтэй уулзаж байхад тэд “Хуулиа хурдлаач ээ, бид шинэ хуулиар ажилламаар байна” гэдэг.

-Тэгэхээр энэ хууль эрүүл мэндийн салбар нэлээд ахиц авч ирэх нь ээ?

-Өнөөдөр хүн өөрийнхөө хийж байгаа ажилтай дүйцсэн цалин, урамшуулал авч байгаа тохиолдолд урам зоригтой тэр ажилдаа дуртай, авсан цалин нь амьдрал ахуйд нь хүрч байдаг. Ийм нөхцөлд л тэр хүн ажлаа сайн хийнэ. Өнөөдөр улсын эмнэлгүүд ачаалал ихтэй, цалин багатай байдаг. Мөн эмч, эмнэлгийн ажилчид халдварт өвчин тусахаас эхлээд нас баралт маш их. Асуудлыг нь шийдэж чаддаггүй тохиолдолд албадах маш хэцүү. Манай эмнэлгийн салбарынхан өнөөдрийн түвшинд их хичээж ирсэн. Цаашдаа ингэж ажиллах бол боломжгүй.  Энэ хуульбатлагдаагүй бол эрүүл мэндийн салбар нурж унахад бэлэн байсан. Манай эрүүл мэндийн тогтолцоо маш сайн. Улсын эмнэлгүүдийн боловсон хүчний олон жилийн туршлага, соёл, хяналт шалгалт зарим хувийн эмнэлгүүдээс ч сайн байдаг. Одоо үүн дээр нь бид менежментээ өөрсдөө хийх цалин урамшууллаа өөрсдөө шийдэх эрхийг нь өгөхөд эмнэлгүүд хурдан босч ирнэ.

-Монголчууд хүндхэн хагалгааг ихэвчлэн гадагшаа гарч хийлгэдэг. Тэр нь мэдээж өртөг өндөртэй. Тэгвэл шинэ хуулиар энэ асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Өнөөдөр зөвхөн гадагшаа гарч байгаа мөнгө гэхэд л албан бус тоогоор 60 сая ам.доллар гэсэн тооцоо байдаг. Монголчууд бид тийм баян бил үү. Тэд байр, машинаа зараад л гадаадад эмчилгээ хийлгэж байгаа. Үүнээс нэлээд хувийг нь монголдоо шингээх боломж байдаг. Ингэхийн тулд иргэдэд мэдээлэл өгч, тав тухтай орчныг нь бүрдүүлэх хэрэгтэй. Өөрийн дотны хүнээ өвдөхөд төлбөр мөнгийг нь төлөөд сайн эмчид үзүүлэн дэргэд нь хамт сахих боломжийг нь хангаад, манай эмнэлгийн тогтолцоон дээр сайн менежментийг нь нэмээд өгчихвөл энэ бололцоотой. Мөн иргэдийг гадагш нь явуулахгүйгээр тэр сайн эмчийг тухайн эмнэлэг эх орондоо гэрээ хийн урьж болно. Бид Японы эрүүл мэндийн системийг судлахад эднийх 2004 он хүртэл хүндрэлтэй байсан юм билээ. Төрийн өгч байгаа мөнгө нь хүрэхгүй байсан учраас төр эмнэлгүүдээ бие даалгахад тэд богино хугацаанд менежментээ хийн хөгжиж ирсэн туршлагатай юм билээ.