Чернобылын ослоос хойш 30 жил өнгөрлөө
2016.04.26

Чернобылын ослоос хойш 30 жил өнгөрлөө

30 жилийн өмнө, 1986 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр дэлхийн атомын эрчим хүчний түүхэнд хамгийн том эмгэнэл болсон Чернобылын АЦС-ын дэлбэрэлт болсон билээ. Ослын газар хамгийн түрүүнд очсон гэрэл зурагчид насан туршдаа цацрагийн өвчтэй болжээ. Тэдний зарим нь хэрэв тийм их аюултай гэдгийг мэдсэн бол хэзээ ч тийшээ явахгүй байсан гэж ярьдаг. 1990-иэд оноос Associated Press агентлагад ажиллаж байсан гэрэл зурагчин Ефрем Лукацкий 30 жилийн өмнө Чернобыль болон Припятид юу болж байсныг дурсахын зэрэгцээ одоо ямар байгааг харуулж байна.

Энэ гэрэл зургийг Чернобылын ослоос 10 жилийн дараа авчээ. Ефрем Лукацкий “хэргийн эзэн” дөрөвдүгээр реакторыг битүүлж барьсан байгууламжийн өмнө зогсож байна. Лукацкий осол болсон газраас 100 км-т амьдарч байсан ч ослын мэдээг хөрш эмэгтэйгээсээ сонсчээ. Ослын дараа цөөн гэрэл зурагчдыг дэлбэрсэн реакторт ойртохыг зөвшөөрчээ. Гэвч зөвшөөрөл авсан нь эрүүл мэндээрээ хохирсон юм. Лукацкий ослоос хэдэн сарын дараа “Огонек” сэтгүүлд зураг авахаар тэнд очжээ. Түүний ярьж буйгаар 4 дүгээр реакторыг таглах байгууламж барьж байсан цэргүүд, гал сөнөөгчид халууцахдаа заримдаа маскгүй ажиллаж байжээ. Эхний таван сард ослын хор уршгийг арилгахад 600 хүн ажилласан байна.

Тэр үед Зөвлөлтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Чернобыльд хүн төрөлхтний түүхэнд аймшигт осол болсон гэдгийг иргэддээ мэдээлээгүй. Хамгийн том мэдээллийн агентлаг болох ТАСС уг аваарийг “золгүй явдал” хэмээн үзэж сүйдтэй юм болохгүй  гэж мэдээлжээ. Энэ мэдээ сонины нэг багананд 4-5 мөр л эзэлж байв.

Тав хоногийн дараа Майн баярын жагсаал юу ч болоогүй юм шиг эхэлсэн юм. Энэ зураг бол Киевт болсон Майн баярын зураг. Агаар нь хорт цацрагаар дүүрсэн хотын гудамжаар хүмүүс дуу дуулан, цэцэг барин алхалж байв. Цацрагаар дүүрсэн үүлс Украйнаас хальж Европын ихэнх хэсэгт хүрчээ. Ослын талаар бодит мэдээллийг тарааж байсан цорын ганц мэдээллийн хэрэгсэл нь АНУ-ын “Америкийн дуу хоолой” радио байв. Гэвч КГБ долгионыг нь хааж байлаа.

Дэлбэрсэн атомын реакторыг дээрээс харуулсан байдал. Эхлээд ТАСС агентлагийн Владимир Репик, Игорь Костин, Валерий Зуфаров гэсэн гурван гэрэл зурагчинд зураг авахыг зөвшөөрчээ. Гэвч Репик, Зуфаров нар цацрагт хордож нас баржээ. Костин цацрагийн өвчтэй болсон байна.

2000 оны 11 дүгээр сарын 10. Чернобылын АЦС-ийн диспетчерийн хэсэг.

Лукацкий 2000 онд Чернобылын АЦС-ийн сүүлчийн реакторыг хаах үед зургийг нь авахаар иржээ. Гэрэл зурагчид хоёр давхар хөвөн хувцастай, резинэн гутал, тусгай малгай, дуулга, хүрэм, бээлий, масктай оржээ. Цацрагаар хордохгүйн тулд гүнзгий амьсгалахгүй байхыг хичээж байв. Цацрагийн хэмжээг багасгах зорилгоор тугалган хавтангуудаар бүрсэн реакторт ойртох үед цацрагийн хэмжээ 80 000 микрорентген цаг байв. Харин энгийн нөхцөлд цацрагийн хэмжээ ердөө 23  микрорентген цагаас дээш байх ёсгүй.

2016 оны 3 дугаар сарын 23

Чернобылын АЦС-ийн цөмийн хаягдлын агуулахаас гарахаас өмнө цацрагийн түвшингээ шалгуулах ёстой. Дэлбэрэлтийн улмаас агаар мандалд цацагдсан “Цезия 137”– ийн хагас задрал 30 жил үргэлжилдэг байна.

Чернобылын ойролцоох Припять хот руу орох замд тавьсан цацрагийн сэрэмжлүүлэг. Осол болсны дараа нийт 47,5 мянган хүнийг тус хотоос нүүлгэсэн бөгөөд өнөөдөр тэнд хүн амьдардаггүй. Хүн амьдардаг болохын тулд ахиад хэдэн арван жил шаардлагатай.

2016 оны 3 дугаар сарын 23. Зүүн талд реакторын дээрх агааржуулах яндан. Баруун талд  дэлбэрсэн реакторыг халхалж барьсан байгууламжийн дээрх гангаар хийсэн саравч.

2016 оны 3 дугаар сар. Припяти хүнгүй болсноос хойш 30 жилийн дараа.

1999 оны 12 дугаар сар. Украйны инженерүүд цорын ганц үлдсэн 3 дугаар реакторын дэргэд. Уг реактор 2000 оны 12 дугаар сард хаагдсанаар Чернобылын АЦС ажиллахаа больсон юм.

Лейкозоор өвчилсөн таван настай Алек Жлоба Белорусийн Гомельский мужийн хүүхдийн эмнэлэгт. Тэр мэс заслын улмаас толгойндоо ийм сорвитой болжээ. Чернобылын станци Белорусийн хилээс 11-хэн км-т байдаг учраас тэндхийн олон хүн цацрагийн өвчтэй.

2016 оны 3 дугаар сар. Припятийн цацраг идэвхэт тоосонд дарагдсан клуб дэх Зөвлөлтийн удирдагчдын хөрөг. Эдгээр хөргийг 1986 онд Майн баярт бэлдэж зуржээ.

2000 он 11 дүгээр сар. Ослын хор уршгийг арилгахад ашигласан Зөвлөлтийн цацраг идэвхэт техникүүд. Уг ажилд нисдэг тэрэг, автобус, бульдозер, автоцистерн, ачааны машин, гал сөнөөгч, түргэн тусламжийн машин зэрэг нийтдээ 1350 техник ашиглажээ.

2000 он 11 дүгээр сар. 4 дүгээр реакторын удирдлагын системийн үлдэгдэл.

Чернобылын станцын нурсан дээврийн хэсэг. 1991 оны 10 дугаар сар.