Хууль зүйн байнгын хороо хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ
Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзлээ
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2016.04.26/ хуралдаанаар Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 05 дугаар дүгнэлтийг хэлэлцлээ.
Улсын Үндсэн хуулийн цэц 2016 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн дунд суудлын хуралдаанаараа Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалт, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох зүйл, заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцээд Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 25-ны өдөр баталсан Сонгуулийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтад “хувь тэнцүүлсэн /пропорциональ/;”, 120 дугаар зүйлийн 120.3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын 48-аас илүүгүй гишүүнийг олонхийн сонгуулиар, 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар тус тус сонгоно.” гэж заасны “... 28-аас илүүгүй гишүүнийг хувь тэнцүүлэх сонгуулиар ...” гэж заасан нь Үндсэн хуулийн Хорин нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд ... шууд ... сонгоно.”, Хорин нэгдүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.” гэснийг тус тус зөрчсөн гэсэн дүгнэлтийг гаргасан байна.
Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд УИХ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцсон УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангаас УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин, С.Эрдэнэ нар асуулт асууж, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, О.Баасанхүү, Л.Болд, З.Баянсэлэнгэ, С.Эрдэнэ, Р.Гончигдорж, Ц.Оюунбаатар, Ц.Оюунгэрэл нар үг хэлж, байр сууриа илэрхийлсэн юм.
Үүний дараа Үндсэн хууль зөрчсөн гэж үзсэн заалт тус бүрээр санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Үндсэн хуулийн цэцийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөх нь зүйтэй гэж үзсэн учир байнгын хорооны санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.
Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
Дараа нь Шүүх байгуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулийн төслийн талаар Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.Өнөрбаяр танилцуулав.
Тэрбээр, Монгол Улсын Үндсэн хуулийн Дөчиндолдугаар зүйлийн 3-т “шүүхийг гагцхүү хуулийн дагуу байгуулна.”, Дөчиннаймдугаар зүйлийн 1-т “Шүүхийн үндсэн тогтолцоо нь Улсын дээд шүүх, аймаг, нийслэлийн шүүх, сум буюу сум дундын, дүүргийн шүүхээс бүрдэх бөгөөд эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр шүүхийг дагнан байгуулж болно” гэж заасныг үндэслэн Улсын Их Хурлаас 2015 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Шүүх байгуулах тухай хуулийг шинэчилэн баталсан.
Энэ хуулиар шүүхийн тогтолцоо нэгдмэл байх зарчмыг тогтоож, хяналтын шатны шүүхээс бусад шүүхийг Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэх заалтыг баримтлан нутаг дэвсгэрийн хэмжээ, хүн амын нягтаршил, суурьшлын харилцан уялдсан тогтолцоо, шийдвэрлэгдсэн хэрэг, маргааны тоог харгалзан засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хэд хэдэн нэгжийг харьяалуулан эрүү, иргэн, захиргааны зэрэг шүүн таслах ажлын төрлөөр дагнан байгуулсан.
Гэвч Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн 2016 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 01 дүгээр тогтоолоор Шүүх байгуулах тухай хуулийн 1 дүгээр зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1-8 дах заалт, 2 дугаар зүйлийн нэг, хоёр дахь хэсгийн 1, 2, 4 дэх заалт нь Үндсэн хууль зөрчсөн гэж үзэн 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчингүй болгохоор шийдвэрлэсэн.
Иймд Шүүх байгуулах тухай хуулийн дээрх зүйл, заалттай холбогдон үүсэж буй асуудлыг нэг мөр шийдвэрлэх зорилгоор энэхүү хуулийн төслийг боловсрууллаа хэмээн танилцуулсан юм.
Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Х.тэмүүжин, Ц.Нямдорж, О.Баасанхүү нар үг хэлсэний дараа хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.