Багш хүн оюутнуудын "мангас" биш, чиглүүлэгч байх ёстой
Ц.Амарсанаа
2016.05.02

Багш хүн оюутнуудын "мангас" биш, чиглүүлэгч байх ёстой

Ахлах курсын оюутан байхаасаа доод курсынхандаа хичээл зааж эхэлсэн тэрээр сургуулийнхаа үнэ цэнэтэй боловсон хүчин, шилдэг залуу багш нарын нэг юм.  Хууль зүйн салбарт хүчин зүтгэхээр сэтгэл шулуудсан Шихихутуг Хууль зүйн сургуулийн багш Ц.Амарсанаагийн хөрөг ярилцлагыг уншигчиддаа сонирхуулъя

Эхлээд таньд нэг сонин асуулт тавъя. Та яг одоо энд байна уу?

Энд үү? Байлгүй яахав.

Ярилцлага өгөхөд бэлэн байна уу гэсэн утгаар асуусан юм.

Тийм ээ. Бэлэн байна.

Та аливаад хэр чин сэтгэлээсээ ханддаг хүн бэ?

Өөрт хэрэгтэй гэсэн зүйлдээ чин сэтгэлээсээ хандаж чаддаг. Зарим зүйлд бол үгүй.

Зарим гэдэгт нь юу орж байна?

Хэвлэлээр гарч байгаа муу мэдээнүүд. Үүнд анхаарал хандуулж, өөрийнхөө санааг зовоох хэрэггүй гэж боддог. Мэдээж санаа зовох ёстой зүйлс бий.

Та сонголтын талаар лекц уншдаг. Тэгвэл хуульч мэргэжлийг сонгоод, Шихихутуг дээд сургуульд багшилж буй тань таны хувьд хэр зөв сонголт вэ?

Сургууль сонгох тал дээр багш, оюутны аль аль нь хувийн гэхээсээ улсын сургууль сонгох талтай байдаг.

.... Миний хувьд аль сургуулийг сонгох нь чухал бус, харин сонгосон газартаа тууштай ажиллах нь чухал гэж үздэг. Нөгөө талаас энэ сургуулийг төгссөн минь сонголтод нөлөөлсөн байх ....

Яг үнэндээ багшийн ажил хэн бүхний хүсээд байх ажил биш гэж хэлэх байна. Хөндлөнгөөс харахад сайхан ч өдөр тутмын ажил маш их ачааллыг өгдөг. Энэ сургууль 600 оюутантай байлаа гэж бодоход тэдний тэн хагастай нь өдөр бүр харилцах хэрэгтэй болдог. Наад зах нь мэндэлнэ. 30-40 оюутанд хичээлийн агуулгыг ойлгуулахын тулд тулж харилцана. Энэ утгаараа багш хүн маш өндөр хариуцлага үүрдэг. Хэрэв хүүхэд нь их мөнгө зарцуулж сургууль төгсчихөөд олигтой боловсон хүчин болж чадахгүй тохиолдолд эцэг, эхчүүд багшийг буруутгадаг.

Хуульч хүн нэг ёсондоо нийгмийн эмч байдаг. Би өөрийн хийсэн сонголтондоо харамсдаггүй.

Таны багшлах арга барил гэвэл та юу хэлэх вэ?

Багш болгоны заах арга зүй өөр. Оюутнуудын дунд багш нарт таалагдах гэж хичээл хийдэг хандлага давамгайлдаг. Хатуу ширүүн багшийн хичээлийг нь хийхгүй бол загнуулна, зөөлөн бол хичээлийг нь хийхгүй байхад болно гэж ярих жишээтэй. Би энэ хандлагыг арилгахын төлөө ажилладаг гэхэд болно.

Нөгөө талаас багш нар өөрсдөө оюутнуудын хувьд мангас болчихоод байдаг. 

Уг нь оюутан багш, хоёр хамтраад шинжлэх ухаан гэдэг “мангасын” эсрэг ажиллах ёстой гэж боддог. Миний арга барил гэвэл энэ л байх.

Та оюутнуудад хичээл зааж эхэлснээс хэдий хугацааны дараа өөрийгөө багш болжээ гэж мэдэрсэн бэ?

Би ахлах курст байхдаа багшилж эхэлсэн. Өөрөөр хэлбэл оюутан байхдаа “багш” гэж дуудуулдаг болсон. Нэг удаа оюутны хөнгөлөлтийн картаар автобусанд явж байхад шавь нартайгаа таараад багшаа гэж дуудахад автобусны кондуктор намайг оюутны карт ашиглалаа гэж загнаж байсан. Тэр үед их сонин мэдрэмж төрсөн.

Албан ёсоор дээд сургуульд багшилж эхлээд эхний үед хэцүү байсан. 100 гаруй оюутанд лекц уншихад тэдний анхаарлыг тогтоож барина гэдэг цэвэр ур чадвар, туршлага шаардсан ажил.

Оюутнуудын бодолд багш гэдэг бол мундаг хүн гэсэн төсөөлөл, дүр зураг байдаг. Тиймээс тэр төсөөлөлд нь нийцэж, “багшийн” байдлаар биеэ авч явах хэрэгтэй болдог. Сүүлийн үед би өөрийгөө “одоо л нэг багш болж байна уу даа” гэсэн мэдрэмж төрдөг болсон. Гэхдээ би туршлагатай багш болоогүй. Гол нь тууштай ажиллах хэрэгтэй.

.... Багш ч тэр, өмгөөлөгч ч тэр тууштай ажиллах нь хуульч мэргэжлийг улам үнэ цэнэтэй болгож байдаг ....

Яагаад гэвэл тогтвортой ажилласан хүн нийгэмд ямар хууль хэрэгтэй байгаа, өмнөх хууль яаж хэрэгжсэн, аливаа асуудалд ямар зохицуулалт шаардлагатайг соргог мэдэрдэг, тэр бүхнээ оюутнууддаа мэдлэг болгож дамжуулдаг. Тамирчин хүн 30 гараад амжилт нь буурч эхэлдэг бол хуульчийн туршлага, мэдлэг улам нэмэгддэг.

Оюутнууддаа шинжлэх ухааны мэдлэг олгохоос гадна бие хүн талаас нь төлөвшүүлэх, амьдралд нь тус нэмэр болчих юмсан гэж боддог тохиолдол хэр гардаг вэ? Бас та оюутнуудаасаа ямар зүйл сурч авдаг вэ?

Даргын хүүхэд, ардын хүүхэд гэсэн ялгаа одоо хүртэл манай нийгэмд бий. Оюутнууддаа би нэгдүгээрт хэн, хэний хүүхэд байх нь чухал биш, хүн байх нь чухал, хоёрдугаарт хэдийгээр нийгэм бүхлээрээ шударга болохгүй ч гэсэн шударга байх хэрэгтэй гэдгийг ойлгуулахыг хичээдэг. Ялангуяа шударга ёс нь хуульч хүний мэргэжлийн ёс зүйн хамгийн гол зарчим.

Оюутнуудаас би хүндлэл, урам зориг авдаг. Тэд намайг ирээдүйд хуулийн салбарын том зүтгэлтэн болно гэж урамшуулдаг.

Гэр бүлийн хагацал үзсэн хүүхдийн харц бусдаасаа өөр байдаг гэж багш нар ярьдаг. Таны хувьд оюутнуудаа ажиглаад цаад амьдралыг нь төсөөлөх, тэднийг таньж мэдэх чадвар хэр суусан бэ?

Дунд сургуулийн сурагчдын сэтгэл хөдлөл илүү нээлттэй байдаг учраас танихад дөхөм байдаг. Харин оюутнууд тодорхой төлөвшилтэй, сэтгэл хөдлөлөө нууж чаддаг болчихсон учраас таамаг дэвшүүлэхээс хэтрэхгүй. 

Оюутан, залуусын мэдлэг, сэтгэлгээний түвшин ямар байна гэж боддог вэ?

Мэдлэгийг шалгах шалгуур өөрөө төвөгтэй болчихсон. Мэдлэг хураахын хувьд монголчууд дээгүүр ордог. Гэхдээ мэдлэгийг хэрэгжүүлэх тогтолцоо бүрдээгүй.

.... Үнэхээрийн мэдлэг, боловсролтой хүн Монголд ажиллах гэхээр орон зай байдаггүй, ихэнх нь гадаадад ажилладаг. Бидэнд өргөн хүрээнд сэтгэх боломж хомс байна ....

Өнөө маргаашийн ахуйн асуудалд илүү санаа тавьдаг хүнд үндэсний хэмжээнд төсөл хэрэгжүүлэх боломж хэр байх вэ? Маслоугийн онолоор бол бид эхний ганц хоёр хэрэгцээнээс хэтрэхгүй байна.

Монголчууд оюуны чадамж сайтай, гэхдээ түүнийгээ сайн зүйлд биш, муу зүйлд ашиглах нөхцөл бүрдчихсэн. Хэрэв зартай хулгайч өөрийн суу залийг сайн зүйлд ашиглавал сайн үр дүн авчрах нь дамжиггүй биз дээ? Ийм нөхцөл л бидэнд хэрэгтэй гэж боддог. Хийх ажилтай хүн хулгай хийж яах юм бэ?

... Нийгэмд боловсролтой биш, танил сайтай хүн ажил хийдэг гэсэн ойлголт тогтчихсон  нь маш хортой үзэгдэл ....  

Та хэрэгцээний талаар ярилаа. Тэгвэл та аль хэрэгцээн дээрээ явж  байна вэ?

Ямартаа ч цалинтай учраас өлсөхгүй. Гэхдээ одоохондоо гэр бүлгүй байгаа болохоор харьцангуй завтай, өөртөө цаг гаргах боломж байна. Анхан шатны хэрэгцээнээсээ илүү гарч чадах уу үгүй юу гэдэг нь гэр бүлтэй болсон хойно л мэдэгдэх байх.

Таны сурагчийн хувийн хэрэг дээр ямар тодорхойлолт байсан бэ?

Ерөнхийдөө сайн төлөвшсөн хүүхэд гэсэн байна лээ. Дүнгийн хувьд тийм сайн байгаагүй.

Нэг хэсэг сууж чаддаг хүүхэд сайн сурдаг гэж багш нар ярьдаг байсан. Одоо энэ хандлага хэвээрээ юу?

Суух гэхээсээ тэвчээртэй хүн сайн сурдаг. Амжилтанд хүрсэн хүмүүсийн түүхийг харахад ч гол түлхүүр нь тэвчээр байдаг. Тэвчээртэй байна гэдэг амар зүйл биш. Жишээ нь оюутнуудад хагас цаг юу ч хийхгүй тэвчээртэй суу гэхэд давж гарах нь маш цөөхөн. Сууж чадаж байна гэдэг нь анхаарлаа төвлөрүүлж чадаж байна гэсэн үг.

Та мөрөөдлийн талаар залуучуудад лекц уншдаг. Таны хувьд ямар мөрөөдөлтэй вэ? Мөрөөдөлдөө хүрэхэд ямар тодорхой алхмуудыг хийж байна?

Олон мөрөөдөл бий. Багцлаад хэлвэл зорьсон зүйлээ бүтээж, дараа нь бусдад түгээнэ. Алхмууд гэвэл эхний ээлжинд 1-2 жилд нэг ном гаргачих бодолтой ажиллаж байна. Бас нэгэн алхам бол докторын зэрэг хамгаалах. Мэдээж гэр бүл зохионо. Нэг үгээр хэлбэл мөрөөдлөө хүрэх замаа засч эхэлж байна.

Амжилтандаа, мөрөөдөлдөө хүрсэн хүмүүс цагийн зохион байгуулалт сайтай байдаг? Өөрийн тань хувьд?

Цагийн төлөвлөлтөд өөрөөс тань шалтгаалах дотоод болон таниас хамаарахгүй гадаад гэсэн хоёр хүчин зүйл нөлөөлдөг. Миний гол дутагдал заримдаа ажлаасаа хоцордог. Гадаад хүчин зүйл гэвэл цаг агаар байж болно. Энэ хоёрыг тооцож ажлаа төлөвлөхийг хичээдэг.

... Зөвхөн ирэх цагтаа ирдэг байснаар сайн цаг төлөвлөлт болохгүй гэж боддог. Гол нь хийх ёстой ажлыг цагт нь хийдэг байх нь чухал ....

Та өөрийгөө цаг үетэйгээ харьцуулвал хувь хүний хувьд хэр хурдтай хөгжиж байна вэ?

Хангалттай хурдтай хөгжиж чадахгүй байна. Үүнд шалтгаан олон бий. Жишээ нь хуулийн чиглэлээр судалгааны төслүүдийг дэмжиж байгаа зүйл алга. Гэсэн ч би өөрөөсөө шалтгаалах зүйлсийг хийж, ном уншиж, ном бичиж байхыг хичээдэг.

Сүүлийн асуулт. Таны бичих ном тухайн үедээ борлуулагдаад мартагдах болов уу, эсвэл тодорхой хугацааны дараа үнэлэгдэх үү?

Миний бичсэн эхний хоёр ном хэсэгхэн хугацаанд мандаад л дууссан. Одоо эргээд харахад алдаатай, дутуу зүйл багагүй байдаг. Одоо би мэргэжлийнхээ чиглэлээ нэг ном бичиж байгаа. Өмнөхөөсөө чанартай, аль болох удаан үнэлэгдэх ном бичихийг хичээж байна.

Ярилцсанд баярлалаа. Эрдмийн ажилд тань амжилт хүсье.