Аюултай хог хаягдлын хэмжээ нэмэгдэж байна
Манай улсын хэмжээнд хог хаягдлын хэмжээ жилд дунджаар 500 мянган тонноор нэмэгддэг аж.
Үүний зэрэгцээ төрөл, бүтэц нь ч өөрчлөгдөж байгааг УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө ажахуйн байнгын хороонд танилцуулав. Тухайлбал, 2009 онд улсын хэмжээнд 820 мянган тонн хог хаягдал гарч байв. Харин 2014 онд 2.4 сая тонн болж өсчээ. Энэ нь таван жилийн дотор жилд ялгаруулах хогийн хэмжээ гурав дахин нэмэгдсэн гэсэн үг.
Япон улсын ЖАИКА байгууллагаас хийсэн судалгаагаар хотын нэг хүн өдөрт 0.535-0.900 кг хог гаргадаг гэсэн тооцоо бий.
Харин Улаанбаатар хотын хувьд нийт гарч байгаа хог хаягдлын 75 хувийг эрх бүхий хог тээврийн компани цуглуулан, тээвэрлэдэг. Харин үлдсэнийг нь иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдөө тээвэрлэн, хогийн цэгт хүргэдэг байна.
Харин хог хаягдлын 5-10 хувь нь цуглуулагдаж чадахгүй ил задгай хаягдаж байгаа аж. Үүнээс гадна авто тээврийн хуучин хэрэгсэл, сэлбэг, тос, тослох материал, дугуйг их хэмжээгээр импортлох болсон. Тэрчлэн цахим, цахилгаан хэрэгслийн хаягдал нь аюултай хог хаягдлын хэмжээг жилээс жилд нэмэгдүүлж буйг Хог хаягдлын тухай хуулийн төслийг хэлэлцэх үеэр Ажлын хэсгээс өгсөн юм.
Уг хуулийн төсөлд аюултай хог хаягдлын зохицуулалтыг шинээр оруулж өгчээ. Мөн хог хаягдлын төлбөр, хураамжийг тооцоход “Бохирдуулагч нь төлөх” зарчмыг баримтлах аж. Өөрөөр хэлбэл, үйлдвэрлэсэн болон импортолсон зарим бараа бүтээгдэхүүний хэрэглээнээс үүсэх хаягдал, сав баглаа боодлыг үйлдвэрлэгч болон импортлогч нь хариуцна.