"Ардын үг" Баянголчуудын индэр боллоо
“Ардын үг” аян
2016.05.11

"Ардын үг" Баянголчуудын индэр боллоо

“Ардын үг” иргэдийн зөвлөлдөх аян Монгол орон даяар хэрэгжиж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ.

“Монголын медиа кордораци”-аас зөвлөлдөх ардчиллын давлагааг амжилттай өрнүүлж эхэлсэн эхний газар бол Дорноговь аймаг байсан. Харин өнгөрсөн долоо хоногт төвийн бүсээс Баянгол дүүрэг сонгогдож, зөвлөлдөх аяны дараагийн давлагаа эхэлсэн юм. Тэгвэл өчигдөр буюу даваа гарагт Баянгол дүүргийнхний төлөөлөл болсон 300 гаруй иргэн, дүүргийн удирдлагууд хоорондын зөвлөлдөх уулзалт амжилттай болж өндөрлөлөө.

Монголын медиа корпорацийн гүйцэтгэх захирал Д.Бадамдаш Монгол дахь зөвлөлдөх ардчилал болон “Ардын үг” аяны талаар, "ЭМ И СИ" агентлагийн захирал Л.Золбаатар иргэдээс авч буй санал асуулгын талаарх мэдээллийг иргэдэд өгснөөр тус дүүргийн зөвлөлдөх уулзалт эхэлсэн.

Дүүргийнхээ иргэддээ хийсэн ажлаа тайлагнаж тэдний үгийг сонсохоор УИХ-ын гишүүн С.Одонтуяа, С.Эрдэнэ, Баянгол дүүргийн Засаг дарга Д.Оросоо, НИТХ-ын төлөөлөгч Л.Нарантуяа, Дүүргийн ИТХ-ын дарга Д.Дэлгэрбат нар хүрэлцэн ирсэн юм.

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хуралд нийт дөрвөн  төлөөлөгч сонгогдон ажиллаж байгаа юм. Үүнээс НИТХ-ийн төлөөлөгч, Нийслэлийн хөрөнгө оруулалтын газрын дарга Л.Нарантуяа хөрөнгө оруулалтын томоохон бүтээн байгуулалтын талаар хийсэн ажлынхаа тайланг танилцууллаа.

Тэрээр “ Бид 2013 оноос эхлэн Улаанбаатар хотоо хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө, 2030 он хүртэл хөгжүүлэх ерөнхий чиг хандлагыг УИХ–аар ёслон батлуулж хэрэгжүүлж эхэлсэн. Энэ хөтөлбөрт инженерийн дэд бүтэц, дулаан хангамж, гэр хорооллын дахин төлөвлөлт гээд томоохон ажлуудыг эхлүүлээд явж байна. Тухайлбал дулааны шинэчлэл, дэд бүтцийн салбар,  инженерийн шугам сүлжээний чиглэлээр нийтдээ 15,4 км шинэ шугамыг барьж 21,3 км инженерийн дулааны шугам сүлжээг өргөтгөж шинэчилсэн.

Мөн Улаанбаатар  хотын дулааны гол магистрал шугамыг 32 жилийн дараа өргөтгөж шинэчилсэн байгааг дуулгахад таатай байна.

Түүнчлэн  Баянгол дүүргийн телевизийн орчмын дулааны эх үүсвэрийг хангадаг Цахилгааны эрчим хүчний  эх үүсвэрийг нэмэгдүүлэх чиглэлээр их тойруугын 110 киловатын цахилгаан дамжуулах агаарын шугамыг дэд станцтай нь барьж ашиглалтад ороход бэлэн болгоод байна” гэлээ.

Түүнчлэн нийслэлийн хэмжээний 1077 угсармал орон сууцны 465 нь Баянгол дүүрэгт байдаг. Эхний ээлжинд 3, 4 дүгээр хорооллын угсармал орон сууцны дулаан, техник шинэчлэлийг ОХУ-ын Новосибирск хотын барилгачидтай хамтран хэрэгжүүлэхээр болсон талаар танилцууллаа.

Мөн энэ үед тэрээр  Баянгол дүүрэгт нийт хийгдсэн гэрэлтүүлгийн ажил, авто замын засвар шинэчлэлийн ажил, цахимаар газар эзэмшүүлэх төсөл хөтөлбөрүүд, нийтийн тээврийн асуудал, орон сууцны хөтөлбөр зэрэг төсөл хөтөлбөрүүдийнхээ тухай Баянголчуудддаа тайлагнасан юм.

Харин УИХ-ын гишүүн С.Одонтуяа парламентад сонгогдсоноосоо хойш санаачилсан хууль болон хэрэгжүүлсэн ажлаа тайлагнахдаа "Би УИХ-ын чуулганд тогтмол идэвхтэй оролцдог. Ирцийг үзвэл 95 хувийн үнэлгээтэй оролцдог УИХ-ын гишүүн шүү" хэмээн хошигнолоо. Мөн хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд их ач холбогдол өгч, хүний хөгжил рүү чиглэсэн төсвийг УИХ-аар батлуулж чадсан гэдгээ онцолсон. Тэрээр УИХ-д сонгогдсоноосоо хойш нийт 10 гаруй хууль санаачлан батлуулжээ.

Тухайлбал, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль, Тамхины хяналтын тухай хууль зэргийг батлуулсан тухайгаа танилцуулсан.

Харин  үүний дараагаар УИХ-ын гишүүн, ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ ажлаа тайлагнасан юм. Тэрээр Нийгмийн даатгалын тухай хууль болон эрүүл мэндийн тусламж үйлчилгээ, даатгалын тогтолцоог шинэчлэх хүрээнд хийж хэрэгжүүлсэн ажлуудаа онцолсон юм. Тухайлбал, дүүрэгт эмнэлгийн тусламж үйлчилгээ авахад хүндрэлтэй учраас Эрүүл мэндийн Долоодугаар төвийг барьж ашиглалтад оруулах зорилт тавин эхний ээлжид 150 ортой хүүхдийн тасгийг нээсэн байна. Энэ ажлыг эхлүүлэхэд "С.Эрдэнэ барилга барих нь" хэмээн хардаж, иргэд нэлээд эсэргүүцэж байсныг ярилаа. 

Тэрээр "Эмнэлгийн ор дэрний хүрэлцээгүй байдлыг ажиглаж, асуудлыг шийдэх үүднээс ахмадын эмнэлгийг барьж ашиглалтад оруулахад бэлэн болсонд баяртай байгаа " гэлээ. 

С.Эрдэнэ гишүүний санаачилсан хуулийн нэг нь Хамтын тэтгэврийн тухай хууль юм.Тэрээр "Энэ хууль нь нийгмийн хамгааллын чухал асуудлыг шийднэ. Гэвч улстөржүүлж гурван жил гацаасны эцэст саяхан батлагдаж, ирэх аравдугаар сараас хэрэгжиж эхлэхээр боллоо" гэв.

Түүнчлэн "Нийгмийн бүлгээс хамгийн их орхигдож байгаа хүмүүс бол ахмадууд. Тэд гэр бүлийн аль нэг нь үлдлээ гэхэд маш их ганцаарддаг. Түүнээс хойш үлдсэн нэг нь хань ижлийнхээ тэтгэврийг үргэлжлүүлэн авах ёстой.Тэдэнд олгох тэтгэврийн мөнгө бол таны авах ёстой мөнгө. Хань ижлийнх нь хуримтлуулсан мөнгө. Энэ бол татвар төлөгчдийн мөнгө биш " гэсэн юм.

Тэд ийн өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд дүүрэгтээ хийсэн ажлын тайлангаа танилцуулсны дараагаар иргэд удирдлагуудаасаа асуулт асуух гэж дугаарлан зогслоо.

Тухайлбал, Баянгол дүүргийн тавдугаар хорооны иргэн Н.Баярсайхан “Манай хороонд орон сууцны лифтний асуудал хүндрэлтэй байна. Засвар үйлчилгээг хийсэн ч шинээр солихгүй бол хуучны лифтнүүд чанарын шаардлага хангахгүй болоод удаж байгаа. Энэ асуудлыг шийдэж өгөхийг хүсэж байна” гэв.

Харин эл асуултад Баянгол дүүргийн дэд бүтэц тохижилтын хэлтсийн дарга Э.Батбилэг “Тавдугаар хорооны хувьд нийтдээ 11 лифтийг зассан. Нэмэлтээр лифт суулгах засвар үйлчилгээ хийх талаар судалъя” хэмээлээ.

Мөн тус дүүргийн гуравдугаар хорооны иргэн 50 дугаар байрны дээврийн асуудлын талаар дорвитой арга хэмжээ авч өгөхийг хүсэхэд дүүргийн удирдлагууд  860мкв дээврийн ажлыг эхлүүлэх шийдвэрийг газар дээр нь гаргасанд иргэд талархсанаа илэрхийллээ.

Иргэдийн зөвлөлдөх санал асуулгын уулзалт нь тухайн орон нутаг дахь иргэд асуудлаа өөрсдөө  хэлэлцэж, газар дээр нь шийдвэрлэх  нэгэн  гарц болдог. Тэгвэл тус аяны хүрээнд зөвлөлдөх санал асуулгын уулзалтын дэгийн дагуу  Баянгол дүүргийн 260 гаруй иргэн 20 бүлэг болж,тус тусдаа дүүргийнхээ асуудлыг дүгнэж, хэлэлцлээ. Тэд дүүрэгтээ буй сайн муу асуудлаа ийн дүгнэжээ.

Түүнчлэн аяныг хэрэгжүүлэх үйл явцад хяналт хийж тэнцвэртэй байдлыг хангуулах үүднээс  хяналтын хороо байгуулан ажиллалаа. Ингэхдээ иргэдийн төлөөллийг өөрсдийн хүсэлтээр нь, зохион байгуулагчдын төлөөлөл, дүүргийн удирдлагуудын төлөөллөөс тус бүр нэг нэг хүнийг томилж “Ардын үг” зөвлөлдөх аяны тэнцвэртэй байдлыг хянуулсан юм. Ийн хяналтын хорооныхон эл зөвлөлдөх уулзалтын  талаар өөр өөрийн өнцгөөр үзэл бодлоо илэрхийллээ.

Үүний дараагаар дэлхий дахинд зөвлөлдөх ардчилал буюу түүнийг хэрэгжүүлэх зөвлөлдөх санал асуулгын тогтолцооны дагуу тус зөвлөлдөх уулзалтаар Баянгол дүүргийн иргэдээс санал асуулга авсан юм. Санал асуулгыг судалгааны “Эм И Си” агентлаг гүйцэтгэсэн бөгөөд баянголчууд удирдлагууддаа ямар үнэлгээ өгснийг бид тун удахгүй мэдээлнэ.